Т.Аюурсайхан: Шүүгч нар чамгүй өндөр цалинтай байж битгий гол

Хуучирсан мэдээ: 2021.01.07-нд нийтлэгдсэн

LiveТ.Аюурсайхан: Шүүгч нар чамгүй өндөр цалинтай байж битгий гол

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, January 6, 2021

18 : 23
2021-1-7

Т.Аюурсайхан: Шүүгч нар чамгүй өндөр цалинтай байж битгий гол

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийн төсөлд Ажлын хэсэг байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж байна. Энэ үеэр гишүүдийн дунд хамгийн их маргаан дагуулсан заалт болох 25 жил ажилласан шүүгч тэтгэвэрт гарах эрхтэй. Жил бүр үндсэн цалинг 2 хувиар нэмнэ. Шүүгчид тэтгэвэрт гарахад үндсэн цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр тогтоолгоно гэсэн заалтуудад гишүүд шүүмжлэлтэй хандав. Мөн 60 нас хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж оруулсныг УИХ-ын гишүүн С.Чинзориг эсэргүүцэж, “Хуулийн заалтын 41.1 дээр шүүгч хуульд заасан өндөр настны тэтгэвэр авах насанд хүрсэн бол чөлөөлөгдөж болно гэсэн байгаа. Энэ бол өмнөх хуулиасаа дордуулсан зүйл байна. НД-ийн тухай хуульд өөрөө хүсвэл өндөр настаны тэтгэвэрт гарч болно гэсэн заалттай зөрчигдөж байна. Ажил олгогчид тэтгэврийн насанд хүрсэн гэдгээр шууд захиргааны санаачлагаар ажлаас нь тэтгэвэрт нь гаргах эрх олгож болохгүй.
Тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг салбар салбарын хуульд оруулж зохицуулдагыг болимоор байгаа юм. Тэр суурь харилцааг зохицуулж байгаа хуулиараа зохицуулаад явбал хэн хэндээ хэрэгтэй, нөхцөл дордохгүй байх боломж бүрдэнэ. 
Шүүгчээр 25 жил ажилласан бол өөрийн хүсэлтээр өндөр настаны тэтгэвэр тогтоолгож болно. Энэ бол одоогийн мөрдөж байгаа НД-ийн хуультайгаа зөрчигдөж байна. Ийм заалт оруулж болохгүй. Салбарын хуулиар зохицуулж болохгүй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
 
-Бүх төрийн албан хаагчид нэг л хууль журмаар цалинг нь зохицуулж байхад шүүгч нарын цалинг өөр хуулиар зохицуулж болохгүй. Үндсэн хуульд Монгол Улсад оршин суугч хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан атал шүүгч нар өөр хууль, өөр эрх эдэлж болохгүй. Ажилласан зургаан жилээс эхлэн жил бүр үндсэн цалинг хоёр хувиар нэмнэ гэж оруулж болохгүй. Шүүгч нар чамгүй өндөр цалинтай. Би буруу сонсоогүй бол хамгийн ихдээ найман сая төгрөгийн цалин авдаг гэсэн. 25 жил ажиллавал 40 хувиар цалин нь нэмэгдэж, 11 сая төгрөг орчим цалин авч үүнээсээ тэтгэврээ тогтоолгоно. Бусад бүх иргэн Нийгмийн даатгалын хуулиар тэтгэвэрт гарахад үндсэн цалингийн 45 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр тогтоолгодог. Гэтэл энэ хуулиар шүүгчид тэтгэвэрт гарахад үндсэн цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр тогтоолгоно гэсэн байна. Ажилласан жилийн цалингийн нэмэгдлүүдтэйгээ нийлээд цалингаасаа илүү тэтгэвэр тогтоолгох нь. Ингэж болохгүй. Үндсэн хууль зөрчинө. Шүүгч нар чамгүй өндөр цалингаа бүү гол. Насаараа ажилласан асрагч, сувилагч, эх баригч нар 400 гаруй мянган төгрөгийн цалин авч байна. Маш бага. Яагаад ингэж шүүгч нарт давуу эрх олгоод байгаа юм бэ? Хуульд шургуулж болохгүй. Нийтлэг нэг хуулиараа бүх иргэн зохицуулагдах ёстой.

Үүнд Ажлын хэсгийн ахлагч ахлагч Б.Энхбаяр хариулахдаа “Шүүгчдийн цалин бусад төрийн албан хаагчаас өөр. Нэгдүгээрт, зэрэг дэвийн нэмэгдэл байхгүй.
Энэ нь 20-25 орчим хувийн нэмэгдэл. Гэтэл шүүгч нарт байдаггүй. Хоёрдугаарт, цэргийн албан хаагч шиг цолны нэмэгдэл гэж байхгүй. Шүүгчид нэмэгдэл цалин байхгүй. Зөвхөн үндсэн цалинтай. Үндсэн цалингийн хэмжээг  УИХ-аас тогтоодог. Сүүлд 2015 онд УИХ бүх шатны шүүгчдийн цалинг тогтоосон.
 
Анхан шатны шүүхийн шүүгч- 2.7 сая төгрөгийн цалинтай
Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч 2.8 сая
Давж заалдах шатны шүүхийн шүүгч -2.9 сая
Давж заалдах шатны шүүхийн ерөнхий  шүүгч -3 сая
Хяналтын шатны шүүхийн шүүгч -3.2 сая
Хяналтын шатны шүүхийн ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалин тус тус авдаг. Түүнээс биш нийгэмд ярьдаг шиг 8 сая төгрөгийн цалин авдаг шүүгч нэг ч байхгүй. Дээрх цалингаас өөр нэмэгдэл тэд авдаггүй” гэлээ.
 
Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан дууслаа.
15 : 35
2021-1-7

Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төсөлд байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж эхэллээ.

Ажлын хэсгээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 82 санал, найруулгын шинжтэй 4 санал болон хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 28 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Эдгээр санал тус бүрийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн дараах өөрчлөлтүүдийн Шүүхийн тухай хуулийн төсөлд оруулсан.

-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх гишүүд орон тооны байх;

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр олон нийтэд болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгох үүднээс нээлттэй хэлэлцэж, сонгон шалгаруулалтаар тодруулах;

-Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш, гишүүний сонгон шалгаруулалтыг хараат бусаар явуулах чиг үүрэгтэй Ажлын хэсгийг тал талын, тэнцвэртэй төлөөллөөс бүрдүүлэх, Байнгын хороо танилцах сонсгол зохион байгуулах;

-Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах гол чиг үүргээ өөртөө хадгалж, сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгох.

Харин шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг нарийвчлан зохицуулах талаар:

-Шүүгчийн сахилга хариуцлагыг чангатгах, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хамгаалахын тулд шүүгчийн сахилгын зөрчлийг тодорхой тусгах;

-Шүүхийн сахилгын хороо нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүргийг хэрэгжүүлэх.

-Шүүхийн сахилгын хороо иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шалгах, шийдвэрлэх, гаргасан шийдвэрт гомдол гаргах харилцааг нарийвчлан зохицуулах;

-Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр олон нийтэд болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгох үүднээс нээлттэй хэлэлцэж, сонгон шалгаруулалтаар тодруулах;

-Шүүхийн сахилгын хорооны гишүүн зөрчил гаргасан бол түүнийг огцруулах харилцааг нарийвчлан зохицуулах;

-Шүүхийн сахилгын хорооны зарим шийдвэрийг Улсын дээд шүүх хянадаг байх гэсэн зохицуулалтууд тусгагдсан.

14 : 17
2021-1-7

Б.Пүрэвдорж: МАН-ынхан шүүх эрх мэдлийг цагаан байран дээрээ аваачих гэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд хуулийн төслийн талаар ажлын хэсгээс асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Шүүгч хараат бус байх нь асуудлын хамгийн чухал нь. Шүүгчид хөндлөнгийн нөлөөлөлд автахаас Шүүхийн ерөнхий зөвлөл хамгаалж ажиллана гэж ойлголоо. Яг яаж хамгаалах юм бэ? Ялангуяа улстөрчдөөс болон янз бүрийн бүлэглэлээс шүүгчийг яаж хамгаалах юм бэ, тодорхой заалтуудыг нь хэлж өгнө үү. Төслийн 58-д шүүгч хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн бол мэргэжлийн ур чадварын талаар дүгнэлт гаргуулахаар Дээд шатны шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргаж, мэргэжлийн хороонд хүргүүлнэ гэсэн. Шүүгч шүүгчдээ нөлөөлдөг судалгаа бий гэж Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. Анхан шатны шүүгч, Давж заалдах шатны гурван шүүгч сууж байгаад тухайн шүүгчийн талаар Мэргэжлийн хороондоо дүгнэлт хүргүүлэх юм байна гэж ойлголоо. Шүүгчийг сонгон шалгаруулахад өмнөхөөсөө ахиц дэвшил хэр гарсан бэ? Шүүгчийн ажлын ур чадвар, мэргэжлийн түвшинг үнэлэж дүгнэх талаар гомдол гаргаж байгаа тохиолдолд хүлээж авах бололцоо байх уу, Сахилгын хороо энэ чиглэлд ажиллах уу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Шүүгч хараат бус байх талаар сүүлийн 30 гаруй жил ярьж байгаа. Үүнтэй холбоотойгоор шүүх шударга бус байна гэсэн шүүмжлэл хавтгайрсан. Олон улсын үнэлэлт  дүгнэлтээр ч гэсэн шүүхийн хараат бус байдал хангалтгүй байгаа. Үүнийг засахаар тодорхой зохицуулалтуудыг Шүүхийн тухай хуулийн төсөлд оруулсан. Үндсэн хуульд “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалт бий. Энэ заалт амьдрал дээр хэрэгжиж байгаагүй бол одоо энэ хуулиар хэрэгжинэ. Шүүхийн тухай хуулийн 46-д нөлөөллийн мэдүүлэг хөтлөх гэж оруулсан нь тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүн аливаа этгээдэд нөлөөлөх гэж оролдсон бүх тохиолдлыг баталгаажуулна гэж заасан. Мөн шүүгчийн хараат бус байдлыг хангах, хамгаалах гэсэн ийм хоёр зүйлээр шүүгчийг хараат бус ажиллуулна. Өнөөдөр шүүгчид улстөрчид нөлөөлөхөөс гадна олон нийт, нийгмээс  ч гэсэн нөлөөлдөг. Зориуд захиалгаар урьдчилан гүтгэж, гэмт хэрэгт холбогдуулдаг. Түүнийг нь шүүх яллахгүй бол шүүх шударга бус болчих гэдэг. Энэ бүхнийг засахаар өөрчлөлтүүд орсон.

Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт: 

-2013 оны Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулиар нөлөөллийн мэдүүлэг гэдэг зохицуулалт орсон. Хөндлөнгийн этгээдүүд шүүгчид нөлөөлвөл ил гаргаж, үүний араас ШЕЗ явдаг байх зэрэг зохицуулалт байгаа хэдий ч үр дүнгээ өгөөгүй. Тиймээс төсөлд тодорхой оруулсан. Хэрэг маргаанаа шийдүүлсэн талуудын заргаа алдсан тал нь гомдоллох нь олонтой. Тэр дотроо эрх мэдэл, хөрөнгө чинээлэг, улс төрд, бизнест нөлөөлтэй бол тэр хэрээр шүүхэд нөлөөлөх гэдэг. Хэрэв ийм асуудал гарвал хуулийн төсөлд ШЕЗ зохиох арга хэмжээ авна гэж заасан.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр:

-Хэрэв дээд шатны болон доод шатны шүүгч нар мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй байна гээд Мэргэжлийн хороо нь үзвэл өөрийнхөө хараат байдалд шүүгч нарыг байлгах гол үндэс болно. Энэ заалтыг ажлын хэсэг хасах заалт оруулсан. Үзэмжээрээ шүүгчдэд хандаж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Шүүхийн тухай хуулийн ард юу явагдсан бэ гэдгийг хэлье. 2016 оноос АН арчаагүйдээ МАН-д ялагдсан.Үүнээс хойш МАН дураараа дургих болсон. Хууль тогтоох байгууллагын бүх эрх мэдэл цагаан байранд нь очсон. Гүйцэтгэх засаглалыг хянаж цагаан байран дээрээ мөн ярьж байна. Шүүхийн тухай хуулиар ШЕЗ Сахилгын хороонд хяналт тавих замаар шүүх эрх мэдлийг цагаан байран дээрээ аваачих гэж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар орон нутгийн эрх мэдлийг мөн цагаан байрандаа авчирч, босоо тогтолцоотой болгосон. Орон нутгийн олон албан тушаалыг яамнаас нь шууд томилох босоо тогтолцоог бий болгосон. Хэвлэлийнхэн мөн хамгийн их мөнгөтэй цагаан байр руу нь гүйх болсон. Цөөнхийн үгийг дамжуулахаа больсон. МАН-ын дарга У.Хүрэлсүх чөлөөт эдийн засаг байхгүй гэж амаараа хэлсэн. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нь иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боох, хорихх хуулийн төсөл оруулж ирэх гэж байна. Өнөөдөр МАН-ыг муулж ярьсан хүн бүхнийг өөрийнхөө харъяанд байдаг шүүхдээ аваачиж хорино. Ийм коммунизм байгуулах зам руу МАН гүн гүнзгий орлоо. Энэ байдалд Монголын ард түмэн дүгнэлт хийх хэрэгтэй. Азийн цээжинд ардчилсан Монгол Улс гэж хамгийн их зарладаг МАН коммунист нийгэм рүү оруулах нь АН-ын цөөхөн гишүүд үг хэлэхэд багадаж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Өөлөх юм бол өндөг хүртэл өөтэй. Хаа хамаагүй олонх гэж шүүмжилмээргүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Хүний эрхийг хангахын тулд өөрчлөлт оруулж байгаа болохоос биш цагаан байранд зориулсан хууль биш. Хамар доорх хагархай бий гээд хаа хамаагүй юм ярьдгаа болих хэрэгтэй. Энэ хууль гарснаар шүүх засаглал хараат болно. Шүүгчид хариуцлагатай ажиллана. Болж бүтэхгүй байна гэж бүхнийг харлуулдаг байдлаа сөрөг хүчин болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Шударга бус шүүх гэж байдаг бол түүний золиос болсон амьд жишээ нь би байна. Гэхдээ нийт шүүгчид тийм гэж боддоггүй. Шүүгчдийн нийгмийн хамгаалалт, цалин, тэтгэвэр, ээлжийн амралттай холбоотой асуудлыг зохицуулсан суурь хуулиуд байдаг баймаар байна. Манайхан хууль ярихаар бүгдийг нь төрийн алба, нийгмийн даатгалаас нь салгаж авч тухайн хуульд нь хийгээд суурь хуулийг дордуулаад байна. Зарим асуудлыг дордуулсан байна гэж үзэж байна. Шүүгчдэд дөрвөн төрлийн нэмэгдэл олгодог байсан. Энэ нэмэгдэл байхгүй болоод хоёр хуваарь цалинг нэмэгдүүлнэ гэсэн заалт орж ирж байна. Энэ бол цалинг дордуулсан заалт байна. Хоёрдугаарт, шүүгч бол төрийн алба хаагч. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн дээд насны хязгаар 65 байна гэсэн. Одоо оруулж байгаа хуульд 60 гэж байна. Энэ нь төрийн албан хаагчдын нөхцөлийг дордуулсан зүйл заалт болох гээд байна. Сахилгын хороо шүүгчдэд мэргэжлийн алдаа гаргасан хариуцлага тооцдог болох нь. Мэргэжлийн алдаа гаргасан гэдгийг Сахилгын хороо яаж тогтоох вэ. Хэрвээ Сахилгын хороо мэргэжлийн алдаа гаргасан гэж тогтоовол өөрөө хэргийн материалтай танилцдаг Сахилгын хороо цаашдаа шүүх болж хувирах юм биш үү. Шүүх хуралдаан явуулахдаа мэтгэлцээний зарчмаар явуулдаг. Шүүх тухайн хэргийг хянахдаа хууль тогтоомжид нийцүүлэн өөрийнхөө итгэл үнэмшлээр шийдвэр гаргадаг гэж ойлгодог. Сахилгын хорооны шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн заалт байсан. Энэ өөрчлөгдсөн үү. Хэрвээ эцсийн шийдвэр хийнэ гэвэл иргэн бүр гэм буруутайгаа шүүхээр тогтоолгоно гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчигдөхгүй юу?

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр:

-Шүүгчийн мэргэжил, хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд Үндсэн хуульд, өнгөрсөн хуульд хариуцлагыг чангатгах тал дээр гол анхаарсан байсан. Тийм учраас Сахилгын хороо бүтцийг Үндсэн хуулийн байгууллага болгож баталсан.

12 : 31
2021-1-7

Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, бодлогын баримт бичгүүдийн холбогдох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсан.
Хуулийн төсөлд шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонх, Улсын дээд шүүхийн шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөлийг хоёр жил тутамд ажиллуулахаар шинээр хуульчилж, зөвлөлийн хуралдаанд оролцох анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн тоог тухайн шүүхийн шүүгчийн тоонд хувь тэнцүүлсэн байдлаар шүүх бүрээс төлөөлөл оролцох боломжтой байхаар тусгасан байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгох зэрэг чухал өөрчлөлтүүд тусгагдсан.
Хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж ажилласан.
Төслийн талаар гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Шүүхийн тухай хуулийг улдан чангаасаар байгаад УИХ-аар орж ирлээ. Хэн яагаад чангаасныг мэдэж байгаа байх. Шүүхийн шийдвэрүүдэд улс төрийн нөлөөлөл ордог гэж С.Одонтуяа гишүүн хүртэл хэллээ. Улсын дээд шүүхийн бүртгэлд хуульд байхгүй намын даргын гүйцэтгэгч өөрчлөлт оруулсан байна гээд АН-ын дарга С.Эрдэнэ хэлж байна лээ. Энэ мэт хууль бус үйл ажиллагаанууд хэний нөлөөллөөр хийгдээд байдаг юм бэ. Саарал ордонд УИХ-ын гишүүн болоод орж ирсний дараа хамгийн их яригдаж байгаа асуудал энэ байна. Халагдахаас нь өмнө чөлөөлөгдөх өргөдлийг нь хугацаагүйгээр бичүүлж аваад, дараагийн хүнийг нь томилдог. Хурлаа хийгээд сууж байхад нь чөлөөлөх шийдвэр нь гарчихсан байдаг гэсэн яриа хүртэл бий. Энэ бүхнийг УИХ шалгах хэрэгтэй. Шүүгч нарын нөлөөллөөс хамгаалах, шударга ажиллах нөхцөл боломжийг хангасан ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

ндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн суурь зарчмын нэг нь эрх мэдлийн хуваарилалт, засаглалын тэнцвэртэй байдлыг бий болгох чиглэлд тодорхой өөрчлөлтүүд орсон. Энэ хүрээнд УИХ нь Их хурал шиг байя гэсэн хүрээнд тодорхой хязгаарлалт болоод эрхүүд олгогдсон. УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлнэ. Хууль тогтоох бүрэн эрхтэй мөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Энэ үүрэг өнгөрсөн хугацаанд хангагдаагүй. Шүүгчийг шударга ажиллуулах шүүхийг хараат бус байлгахтай холбоотой заалтууд хуулийн төсөлд орсон. Хэн ч шүүхэд нөлөөлөх эрх нь хязгаарлагдаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Шүүгчдийг томилохдоо чөлөөлөгдөх өргөдлийг нь бичүүлж авдаг, үгэнд нь орохгүй бол огноогүй өргөдлийг нь гарган ирж, огноо тавьж байгаад явуулчихдаг, өөрөө мэдээгүй байхад ажлаасаа чөлөөлөгдсөн байсан гэдэг ярианууд бий. Би хажууд нь байгаагүй учраас баталгаа, нотолгоотой дүгнэлт хийж чадахгүй байна л даа. Гэхдээ ийм яриа байгаа учраас, томилж байгаа этгээдээс шүүгчийг хараат бус байлгах үүднээс тодорхой заалтууд оруулж байгаа. Тухайлбал, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид биш УДШ-ийн нийт шүүгчдэд гаргана. УДШ-ийн нийт шүүгч тэр өргөдлийг хэлэлцээд үндэслэлтэй гэж үзвэл Ерөнхийлөгчид уламжилна. Мөн УДШ-ийн ерөнхий шүүгч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болсон үндэслэлээ олон нийтэд урьдчилж заавал мэдээлнэ гэх заалтуудыг ажлын хэсгээс оруулсан. Та бүхэн дэмжвэл батлагдана. Энэ нь урьдчилж өргөдөл бичүүлж авдаг эрсдэлээс хамгаалсан хэрэг юм. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-Чухал хуулийн төсөл орж ирлээ. Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төсөл хоёр ч парламент дамжиж, сүүлийн хоёр, гурван сар ажлын хэсэг маш сайн ажиллаж байгаа. Хуульд хамгийн чухал зүйл нь нийгэмд шударга ёс тогтоох зарчим суусан. Тэр утгаар нь намын бүлгийн хурлаар гурван ч удаа хэлэлцсэн. Хуулийн төслийн 14-р зүйл дээр шүүхийн тогтолцоог зааж өгсөн. Ажлын хэсгүүд ч тодорхой саналуудыг оруулсан байна. 14.3-д шүүхийг эрүү, иргэн, захиргаа гэж төрөлжсөн байхаар зааж өгнө гэсэн ч ажлын хэсэг авсан байна. Төрлийг нь дээд шүүх тогтоох юм уу? Шүүх Засаг захиргааны нэгжээ дагаж байгуулагдаж байгаа. Шүүх хүний эрхийг хангадаг учраас иргэдтэй аль болох ойр байх ёстой. Тиймээс энэ хууль гарсны дараа анхан болон давж заалдах шатны шүүхийн одоо байгаа бүтэц нь өөрчлөгдөх үү? Аймгуудад анхан шатны хоёр шүүх бий. Танхимтай байх уу, эсвэл нэг байх уу гэдгийг тодорхой болгож өгөөч. 18.1.4 дээрх иргэний оролцоог бий болгодог заалтыг байхгүй болгосон байна. Мөн Хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг харилцааг энэ хуулиар зохицуулахаар шийдсэн байна. Тэтгэвэр тогтоолгохтой холбоотой асуудлууд орж байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр: 

-Одоо бол эрүү, иргэн, захиргаа гэж бичиж байгаа. Энэ нь цаашид дотроо задрахыг үгүйсгэхгүй. Эрүүгийн шүүх магадгүй авлигын, гэр бүлийн, эсвэл хүүхдийн хэргүүдийг дагнаж шийддэг шүүх бий болохыг үгүйсгэхгүй. Бусад улс оронд байдаг шиг онцлог хэргүүд дээр мэргэшиж дагнах чиглэлд цаашид өөрчлөлт орж болзошгүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Шүүх байгуулах шийдвэрийг УИХ шийдэх учраас. Энэ хуулиар сум, аймгийн шүүхүүдэд бүтцийн өөрчлөлт хийгдэхгүй. Дараа нь тусад нь УИХ-аар хэлэлцэж болно.

Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт: 

-Шүүх байгуулах тухай хуулиар шүүхүүд байгуулагдан ажиллаж байгаа. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шүүхийн тогтолцоонд шууд өөрчлөлт орохгүй. Харин УИХ-аар шүүхийн бүтцийг ярьж болох байх. Дагнасан, мэргэшсэн шүүх гэдгийг хадгалж явах нь иргэдэд маш чухал. Шүүн таслах ажиллагааны нэг онцлог бол маргаж байгаа талуудын аль нэгтэй нь дангаараа уулзаж болдоггүй. Нөлөөлөлд ордог гэж үздэг учраас дангаараа уулзахыг хориглож, талуудтай хамт уулзахыг зөвшөөрсөн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Шүүгчдийн тэтгэврийг тогтоохдоо авч буй цалингийн 80 хувиар тогтооно гэж Ажлын хэсгээс оруулсан саналыг Байнгын хороо дэмжсэн. Энэ нь хэт өндөр биш. Ингэж оруулах нь зөв. Шүүгчдийн цалин өндөр гэсэн нийгэмд буруу ойлголт байдаг.

10 : 44
2021-1-7

Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн хуулиа хамгаалж, хэвээр нь үлдээв

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд гишүүд асуулт, тодруулга авч байна.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Дараа нь Цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн юм.

Энгийнээр тайлбарлавал, 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Уг дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг болон Хууль зүйн байнгын хорооны гишүүд хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн юм.

2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг яаж тоолох вэ гэдэг аргачлалыг шинээр тогтоосон. Тухайн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлээд яллагдагчаар татагдах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Яллагдагчаар татсанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэсэн зохицуулалтыг тусгасан. Одоо энэ зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
 
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Цагаатгалын даргын комиссын даргын хувьд маш олон хэлмэгдлийн хэрэгтэй танилцсан. Энэ хэргүүдэд улс төрийн нөлөөлөл хамгийн их орсон байдаг. Улс төрийн нөлөө орсноор хүний эрхийг зөрчсөн зэрэг хэлмэгдүүлэлт бий болдог. Монгол Улс 31 мянган иргэнээ өнөөдөр цагаатгаад байгаа ч гэсэн одоо л үүнийг засахгүй бол ирээдүйд дахиад давтагдана. Эрүүгийн хуулийн эрхзүйн байдлыг дордуулах замаар хуулийг буцаан хэрэглэх нь хууль ёсны хэлмэгдүүлэлт үүсэх үндэслэлийг тавина. 2017 онд буруу алдаа гаргаад, түүнийгээ хамгаалахын тулд бантан хутгасан. Сүүлдээ Үндсэн хуулийн цэцийг буруутгах ямар ч шаардлага байхгүй. Хариуцлагатай хандахгүй бол хүний эрхийн ноцтой зөрчил болно шүү.

Би хувь хүнийхээ хувьд авлигачдыг хэзээ ч дэмжихгүй. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт авах ёстой ялаа үүрэх ёстой. Гэтэл үүнийг өөгшүүлсэн заалтыг өмнөх парламент гаргаснаараа туйлын том алдаа болсон. 2017 онд баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр маш олон авлигачийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Тэгээд үүнийгээ 2020 онд заслаа гээд дахиад хүний эрхийг дордуулсан заалт оруулсан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Хөөн хэлэлцэх хугацааг хуульд оруулснаар завхрал үүсгэж, олон хүнд ял завших боломж олгон. Үүнийг засахын тулд дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байна гэдэг дүгнэлт гарч байна л даа. Үүнийг хэн хариуцах вэ. Нийгэмд хор хохирол учруулсан, шударга ёсны хэм хэмжээг алдагдуулсан, хүн бүр шүүхийн өмнө шүүхийн тэгш байх эрхийг алдагдуулсан хариуцлагыг хэн хүлээх вэ. Нэг хэсэг нь шүүхээс ял сонсож нөгөө хэсэг нь хуулийн хамгаалалт дор буюу хуульд өөрчлөлт оруулж ял завшдаг. Хэн хариуцах вэ? Бид өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байж болно. Тэгвэл цэц Их суудлаараа хуралдаад, Дунд суудлын хуралдааныхаа шийдвэрийг баталгаажуулбал энэ хариуцлагыг хэн үүрэх вэ? Нэр бүхий хүмүүс бие бие рүүгээ бурууг чихэж байгаад л хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Хийсэн хүмүүс өөрсдөө очиж Цэц дээр хамгаалахгүй яагаад өөр гишүүнийг явуулж байгаа юм бэ? Хийсэн завхралаа засах хэрэгтэй, хуульч гишүүдээ явуулж, нотлох хэрэгтэй. Парламентыг ийм эвгүй байдалд оруулж байна. Хэм хэмжээг ингэж завхруулж байна. Хариуцсан шиг хариуц. Яаж алдаагаа засах юм бэ?

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Монгол төр алдаа гаргасан асуудлыг өнөөдөр бид ярьж байна. Би хуульч хүний хувьд хоёр талын шахалтаар шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ би өнөөдөр Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэж саналаа өгнө. Цэцийн дүгнэлтийн агуулгатай санал нийлэхгүй байгаа юм биш. Өмнө Их хурлын алдаанаас болж хүмүүс ял завшсан. Үүнийг 2020 онд засах оролдлого хийсэн. Гэмт хэргийн зарчим гарцаагүй байх ёстой. Гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага гарцаагүй хүлээх ёстой. Ингэж байж шударга ёс хангагдана. Эрүүгийн эрх зүйн зарчмыг зөрчдөг буруу жишиг тогтоно. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд хууль өөрчлөх замаар ял завших жишгийг тогтоох гэж байна. Төрийн гаргасан алдаа байна. Энэ алдааг давтуулахгүй байх зам нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд ял завших боломжийг хаах хэрэгтэй. Дүгнэлтийг гаргуулдаг байх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-УИХ, Засгийн газраас “Та нар наагуураа энэ нэг балагтай юмыг зохицуулаад өгөөч” гэж захиалсны дараа цэц ийм шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ аливаа хүн гэмт хэрэг үйлдэж байсан үеийнхээс нь илүү ял тулгахгүй байх гэдэг зарчим баримталж, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлын дордуулахгүй байх үүднээс хүний эрхийн талдаа зөв шийдвэр гаргасан. Үүнийг дэмжиж байгаа. Харин авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд цэцийн дүгнэлтийн дагуу ялаас зугтаах болчихоод байна. Тийм учраас АТГ-т шалгагдаж байгаа хэргийн 90 хувь нь байхгүй болно. Дээрээс нь 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болж, 1500 гаруй гэмт хэрэгтэн ял завшсан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 400 гаруй гэмт хэрэг, түүнд холбогдох 700 гаруй гэмт хэрэгтэн цэцийн дүгнэлтийг хүлээж байна. Энэ гэмт хэргүүдийн улмаас 3.8 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний хохирол төрд болон иргэдэд учирсан. Ийм будлиантай зүйл байна. 2016 оноос төрд ажиллаж байгаа авилгачдыг ялаас чөлөөлөхийн тулд ийм зүйл хийсэн. Төлгөн коммунист авлигач коммунистуудаа ялаас чөлөөллөө.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээж авсангүй. Ингэснээр 2017 оны долоодугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээн шалгах одоогийн хуулийн зохицуулалт хэвээр үлдлээ.

10 : 14
2021-1-7

МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр Д.Оюун-Эрдэнийг томиллоо

Ажлын хэсэг Улсын Их Хурлаас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж, хамгийн олон санал авсан  Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнийг томилохоор чуулганы нэгдсэн хуралдаанд оруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж дууссанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.

11 : 17
2021-1-7

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
 
1. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал;
2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлт;
3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт;
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.
 
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн онд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн нэрээ татсан тул Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо үлдсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж