АНУ-ын Конгрессын байранд өнгөрсөн Лхагва гаригт одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид нэвтрэн орж, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Хэдхэн цагийн дараа эсэргүүцэгчдийг Капитолоос гаргасан бөгөөд мөргөлдөөний үеэр жагсагчдын дундаас нэг эмэгтэй амиа алдсан байна.
Вашингтон дахь Капитолын ордонд өнгөрсөн Лхагва гаригт тус улсын конгрессийн хоёр танхимын гишүүд Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байдены ялалтыг эцэслэн батлахаар хуралдаж эхэлжээ.
Тус чуулганыг эхлэхээс өмнө Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийж, “Бид хэзээ ч бууж өгөхгүй” хэмээн хэлээд, өөрийн дэмжигчдэд хандан “Одоо хүлцэнгүй байх цаг биш” гэж хэлсэн байна. Трампын мэдэгдлийн дараа түүнийг дэмжигчид чуулганы ажиллагааг тасалдуулж, сонгуулийн үр дүнг хүчээр өөрчлүүлэхээр Капитолын ордонд дайран оржээ.
Энэ үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, галт зэвсэг, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Эмх замбараагүй байдлын үеэр Капитолийн цагдаагийн ажилтнууд нийт 13 хүнийг баривчилсан хэмээн албан ёсоор мэдээлжээ.
Хууль тогтоогчдыг аюулгүй газар руу шилжүүлж, сонгогчдын саналын хуудсуудыг устгахаас сэргийлж чадсан байна.
Үндэсний Гвардын цэргүүд Капитолын ордонд хүч нэмэн ирснээр жагсагчдыг хөөн гаргаж, дэг журам тогтоон, Вашингтон хотод Лхагва гаригийн оройн 06:00 цагаас Пүрэв гаригийн өглөө хүртэл хөл хорио тогтоожээ.
Эх сурвалж: CNN, BBC
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ