Премьер лигт Сovid-19 тархсан ч улирлаа зогсоохгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.07-нд нийтлэгдсэн

Премьер лигт Сovid-19 тархсан ч улирлаа зогсоохгүй

Премьер лигт Сovid-19 тархсан ч улирлаа зогсоохгүй

Английн хөлбөмбөгийн Премьер лигт сүүлийн өдрүүдэд Covid-19 эрчимтэй тархаж байна. Өнгөрсөн долоо хоногт лигээс 20 багийн дунд хоёр ээлжийн шинжилгээ хийхэд нийт 40 хүнээс Covid-19 илэрчээ. Эхний ээлжийн буюу арванхоёрдугаар сарын 28-наас 31-ний хооронд явуулсан шинжилгээнд нийт 1311 тоглогч, дасгалжуулагч, арын албаныхан хамрагдахад 28 хүнээс халдвар илэрсэн байна.

Хоёр дахь ээлжийн буюу нэгдүгээр сарын 1-нээс 3-ны хооронд явуулсан шинжилгээнд нийт 984 хүн хамрагдахад 12 нь халдвар авсан байжээ. Үүнээс өмнөх арванхоёрдугаар сарын 21-нээс 27-ны хооронд явуулсан шинжилгээнээс 18 хүн халдвартай нь тогтоогдоод байв.

Одоогоор Covid-19-ийн улмаас Эвертон-Манчестер Сити, Тоттенхэм Хотспур-Фулхем, Бөрнли-Фулхем зэрэг багуудын тоглолт цуцлагдаад байна. Мөн улирлын эхэнд Ньюкасл Юнайтед-Астон Вилла багуудын тоглолт цар тахлын улмаас цуцлагдаж байв.

Хэдийгээр Covid-19 20 багийн дунд эрчимтэй тархаж, тоглогчид, арын албаныхан олноор халдвар авч байгаа ч Премьер лигээс улирлаа зогсоох төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ. Тус лигээс өнгөрөгч Мягмар гаригт гаргасан мэдэгдэлд “Хэдхэн багийн дотор халдварын тархалт өндөр байгаа учир лиг цар тахлын дүрэм журам, Засгийн газрын бүрэн дэмжлэгтэйгээр лигээ үргэлжүүлэн явуулж, хуваарийн дагуу тоглолтуудаа зохион байгуулна” хэмээн мэдэгдэв.

Их Британид сүүлийн долоо хоног дараалан өдөрт 50 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн учир тус улсын ерөнхий сайд Борис Жонсон Англид үндэсний хэмжээний хөл хорио тогтоосон юм. Шинэ хязгаарлалтын дагуу Английн томоохон спортын лигүүд хаалттай цэнгэлдэхэд, үзэгчгүй зохион байгуулагдах болсон.

Шинэ жилийн үеэр Манчестер Сити багийн Бенжамин Менди, Тоттенхэм Хотспур багийн Эрик Ламела, Жиовани Ло Селсо, Серхио Регуилон, Вест Хэм багийн Мануэль Ланзини нар үдэшлэг зохион байгуулж, лигээс тогтоосон дүрэм журмыг зөрчиж, бүгд Covid-19 авсан билээ. Английн хөлбөмбөгийн холбооноос үүнтэй холбогдуулан эдгээр тоглогчдыг шийтгэхгүй гэдгээ мэдэгдсэн ч багуудад нь сахилга батаа чангатгахыг анхааруулжээ.

Премьер лигийн 20 багийн шинжилгээний онцлох үр дүнгүүд:

-Эхний ээлжийн шинжилгээнд 1605 хүн хамрагдаж, халдвартай гурван тохиолдол

-Хоёр дахь ээлжийн шинжилгээнд 2131 хүн хамрагдаж, халдвартай дөрвөн тохиолдол

-Долоо дахь ээлжийн шинжилгээнд 1575 хүн хамрагдаж, халдвартай найман тохиолдол

-11 дэх ээлжийн шинжилгээнд 1207 хүн хамрагдаж, халдвартай 16 тохиолдол

-17 дахь ээлжийн шинжилгээнд 1479 хүн хамрагдаж, халдвартай 18 тохиолдол

-Сүүлийн буюу 18 дахь ээлжийн шинжилгээнд 2295 хүн хамрагдаж, халдвартай 40 тохиолдол

Энэ улиралд Премьер лигийн багууд нийт 25 тоглогчийг үндсэн бүрэлдэхүүндээ багтаах ёстой бөгөөд үүнд 21-ээс доош насны тоглогчид хамаарахгүй аж. Премьер лигийн энэ улирлын дүрэмд зааснаар нэг багт дор хаяж 14 тамирчин халдваргүй, бэртэл гэмтэлгүй байх ёстой. Хэрэв 14-өөс доош тооны тамирчин нэг багт тоглолтод оролцох боломжтой байвал тухайн багийн тоглолтыг цуцлах аж.

Өчигдөр (2021.01.06) л гэхэд Манчестер Сити-Манчестер Юнайтед багуудын лигийн цомын тоглолтын өмнө Манчестер Сити багийн гурван тоглогчоос Covid-19 илрэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж