Улсаасаа илүү нэр хүнд нь Жэк Маг эрсдэлд оруулав

Хуучирсан мэдээ: 2021.01.07-нд нийтлэгдсэн

Улсаасаа илүү нэр хүнд нь Жэк Маг эрсдэлд оруулав

Улсаасаа илүү нэр хүнд нь Жэк Маг эрсдэлд оруулав

Хятадын тэрбумтан, “Alibaba” группыг үүсгэн байгуулагч Жэк Ма Бээжингийн санхүүгийн зохицуулалтын системийг шүүмжилснээсээ хойш бараг хоёр сар гаруй олны өмнө гарч ирэлгүй, сураг тасраад байна.

Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сард сард улсынхаа удирдагч нар болон улсын банкуудыг хүчтэй шүүмжилж, Хятадын эрх баригчид ч түүний үгэнд ихэд эгдүүцэн, бизнесийг нь хааж боож эхэлсэн юм.

Жэк Ма Шанхайд болсон нэгэн арга хэмжээнд оролцохдоо илтгэл тавьж, улсынхаа санхүүгийн зохицуулах тогтолцоог буруушааж, шинэчлэл хийх шаардлагатай болсон хэмээгээд, төрийн өмчит банкуудыг “ломбардын зарчмаар ажилладаг” хэмээн шүүмжилсэн.

Үүний дараагаас хэрэг бишдэж, “Alibaba” группийн дижитал санхүүгийн компани “Ant Group”-ийн маш том хувьцааны наймааг эрх баригчид цуцалсан билээ. Хэрэв энэ төлөвлөгөө хэрэгжсэн бол Шанхай болон Хонгконгийн хөрөнгийн биржүүдээс нийт 37 тэрбум ам.доллар босгож, дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO ажиллагаа болох байв.

Жэк Ма өнгөрсөн арванхоёрдугаар сард телевизийн “Apprentice” шоутай төстэй “Africa’s Business heroes” нэвтрүүлгийн эцсийн шатны шалгаруулалтыг шүүх ёстой байсан ч мөн  шалтгаангүйгээр ирсэнгүй. Шоуны эцсийн шалгаруулалт 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлээр болсон ч Жэк Магийн нэр шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагдаж, нэвтрүүлгийн албан ёсны вэб сайт дээрээс зураг нь алга болж, сурталчилгаан дээр ч үзэгдэхээ байжээ. Түүнчлэн зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нэвтрүүлгийн эцсийн шатыг телевизээр гаргахыг хориглосон аж. Энэ талаар “Alibaba”-гийн хэвлэлийн төлөөлөгч “Жэк Ма маш шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа учир шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагдсан” гэхээс өөр тайлбар хэлсэнгүй.

Тэр бол Хятадад ховорхон тохиох харизматик бизнес эрхлэгч бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийн гэсэн томоохон орон зайг бий болгосон нэгэн. Энэхүү чөлөөт хандлага нь Жэк Маг дотоод болон гадаад ертөнцөд алдартай болгосон. Гэхдээ энэ байдал нь түүний бүтээсэн “эзэнт гүрэн”-ийг болон өөрийг нь эрсдэлд оруулж байх шиг.

“Коммунист намаас илүү том хувь хүн байтугай компани ч байх ёсгүй гэдэг мессэжийг Хятадын эрх баригчид өгч байх шиг байна” хэмээн Оксфордын их сургуулийн Орчин үеийн Хятад улс судлаач, түүх, улс төрийн ухааны профессор Рана Миттер ярьжээ.

Ерөнхийдөө Хятадын Коммунист намын ашиг сонирхолтой зөрчилдсөн хэн боловч хатуу шийтгүүлдэг нь үүнээс өмнө хэдэнтээ батлагдаж байсан. Тухайлбал, Хятадын супер од, кино жүжигчин Фан Бинбинг 2018 онд татвараас зайлсхийсэн дуулианд холбогдон гэнэт алга болоод, уучлалт гуйн гарч ирж байв. Мөн үл хөдлөх хөрөнгийн магнат Рен Чжичиан өнгөрсөн жил Хятадын эрх баригчдын цар тахалтай тэмцэж буй арга барилыг шүүмжилснийхээ дараа хэдэн сар алга болсон. Эцэст нь авлигын хэргээр 18 жилийн ял авсан юм.

Жэк Магийн хувьд Коммунист намын гишүүн. Гэвч энэ тохиолдолд түүний хэн байх нь хамаагүй.

Энгийн нэгэн англи хэлний багшаас дэлхийн хэмжээний том группын эзэн болсон Жэк Магийн хувьд бизнес нь Хятадын эдийн засгийн хөгжилд чамгүй хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Тэрбээр “Alibaba” группыг 500 тэрбум ам.долларын өртөгтэй технологийн эзэнт гүрэн болтол нь өргөжүүлж чадсан. Түүний компаниуд өсч томрох тусам Жэк Ма Хятадын эерэг нүүр царай болж байв.

Тэр үргэлж л дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн нэрт зүтгэлтнүүдтэй уулзаж, нөхөрлөж, улс орнуудад хувийн зүгээс хандив тусламж үзүүлж ирсэн. Энэ нь нэг талаараа Хятадыг харах дэлхий нийтийн үзэл бодлыг зөөллөж байсан ч байж мэднэ. Мөн Хятадын Засгийн газар “Alibaba” зэрэг өөрийн улсын аварга компаниудыг дэмжиж, Америктай өрсөлдөх өрсөлдөөндөө ашигласаар ирсэн. Харин нөгөө талаас Хятадын эрх баригчдын хувьд сүүлийн үед гаднын нөлөө тус улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж байна гэж үзэх болгоомжлол нь нэмэгдсэн юм.

Хятад улс томоохон компаниудаа хумьж эхэлсэн нь Коммунист нам өөрийн эрх мэдлээ дахин дархалж эхэлсэн өргөн хүрээний үйл явцын нэгээхэн хэсэг байж мэднэ” гэж профессор Миттер ярив.

Сүүлийн үед технологийн салбарыг Коммунист намаас хянах алхмууд илт ажиглагдаж эхэлсэн. Хятадын дарга Ши Жинпин өнгөрсөн сард болсон эдийн засгийн бага хурлын үеэр технологийн компаниудыг шахаж эхлэх талаар ам нээж, монополийн эсрэг хүчин чармайлтаа нэмэгдүүлж, “хэт замбараагүй тэлэлт”-ээс сэргийлэхийг уриалсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж