Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко “Россия 1” сувгийн нэвтрүүлэгч, сэтгүүлч Найла Аскер-задетай хийсэн ярилцлагынхаа үеэр Оросын удирдагч Владимир Путиныг өөрийн найзаа гэж үздэгээ хэлсэн байна.
Путины тухай сэтгүүлчийн асуултад Лукашенко “Тийм ээ, би түүнийг найзаа гэж боддог" хэмээн хариулжээ. Сэтгүүлч нэвтрүүлгийнхээ нэг хэсгийг Telegram сувагтаа нийтэлсэн аж.
Беларусийн удирдагч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд өширхөхгүй ч түүний өмнө бохирч суугаад “Сайн уу” гэж мэндлэхгүй” хэмээн ярьсан байна. Ярилцлагынхаа үеэр тэрбээр АНУ-тай харилцаагаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ.
Беларусийн байдал 2020 оны наймдугаар сарын 9-ний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улам дордсон. Тогтворгүй байдлын хамгийн эгзэгтэй үед Путин, Лукашенко нар нэг бус удаа утсаар ярьжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 14-нд Сочид болсон нүүр тулсан яриа хэлэлцээний үр дүнгийн дараа Путин ОХУ Беларусьт 1.5 тэрбум долларын зээл олгоно гэж мэдэгдсэн. Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч "Беларусийн ард түмэнд тулгамдаж буй асуудлаа эх орондоо цэгцлэн, шийдвэрлэх боломж олгох хэрэгтэй" гэж удаа дараа цохон тэмдэглэж, гуравдагч орнуудад энэ үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан байв.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ