Гэр хорооллын гудамжинд хаа сайгүй хөглөрөх болсон сайжруулах түлшний шуудайн нөөц дуусч байна гэдэг таагүй мэдээ. Уг шуудайг урд хөршид захиалгаар хийлгэдэг аж.
Монголд сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудайг үйлдвэрлэдэггүй. Тийм хүчин чадал, техник технологи хараахан нэвтрээгүй, тиймээс шуудай нийлүүлэх тендерийг “Тавантолгой түлш” компаниас нээлттэй зарлаж, БНХАУ-ад захиалгаар хийлгүүлдэг аж.
Өчнөөн тэрбум төгрөгийн санхүүжилттэй түлшний шуудайг уг нь дахин ашиглаж хэрэглэдэг бол байгальд ээлтэй төдийгүй эдийн засагт ч хэмнэлттэй. Гэтэл дахин ашиглах боломжгүй учраас жилд дунджаар 1500 тонн хаягдал бий болж байгааг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо судалж тогтоожээ. Ингээд түлшээ дотооддоо үйлдвэрлэж байгаа шигээ шуудайг нь эх орондоо үйлдвэрлэх боломжтой эсэхийг сурвалжиллаа.
“Тавантолгой түлш” компаниас өнгөрсөн 2020 оны наймдугаар сард нээлттэй зарласан тендерт дөрвөн компани оролцсоноос “Новатех интернэйшнл” компани шалгарчээ. Тус компани нь дулааны эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэх, цахилгаан, дулааны шугам хоолойн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Гэтэл энэ компанийг ямар үндэслэлээр тендерт шалгарсан нь тодорхойгүй.
Ямар ч байсан сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудайг Хятадад захиалгаар хийлгүүлж, гааль, тээврийн зардлаа төлөөд, “Тавантолгой түлш” компанийн хашаанд буулгадаг. Энэ компани нь “Тавантолгой түлш” компанид 4.2 тэрбум төгрөгөөр зургаан сая гаруй шуудай нийлүүлэх гэрээ байгуулжээ.
“Новатек интернэйшнл” компаниас яагаад заавал урд хөршид захиалгаар хийлгүүлж байгааг тодруулахад “Манай компани гэрээнийхээ дагуу сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудайг импортоор оруулж ирж байгаа. Цар тахлын улмаас шуудай нийлүүлэлтэд асуудал гараагүй. Хоёр компанийн нууцын зэрэглэлтэй гэрээ учраас үйлдвэр болон үнэ өртөгтэй холбоотой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
“ТҮЛШНИЙ ШУУДАЙГ ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ УЧРААС ИРГЭДЭЭС БУЦААН АВДАГГҮЙ”
“Тавантолгой түлш” компанийн Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Батцэнгэлээс иргэд хэрэглэсэн түлшний шуудайгаа тодорхой үнээр буцаан өгөх боломжтой эсэхийг тодруулахад “Бид өмнө нь энэ асуудлыг ярьж байсан. Сайжруулсан шахмал түлшний шуудайг машинаар оёдог учраас шуудайны амсар сэтрэх магадлал өндөр байдаг. Тиймээс шуудайны амыг халуун скоч шиг зүйлээр дарахгүй л бол дахин ашиглах боломжгүй учраас иргэдээс түлшний шуудайг буцаан авахгүй байгаа. Дотоодын шуудай үйлдвэрлэлийг судалж үзэхэд хүчин чадалтай үйлдвэр Монголд байхгүйгээс гадна хийх технологи нь ч нэвтрээгүй.
Түлшний 25 килограмм улаан шуудайг үйлдвэрлэхдээ 25 килограммын цагаан шуудайны гадуур люминаторддаг. Манай компанид нэг компани санал тавьж “Бид түлшний шуудайг сайжруулж, машинаар оёсон хэсгийг нь дахин люминатордаж өгье” гэсэн. Гэхдээ компанийн хувьд сард 2000 ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтайгаас гадна шуудай үйлдвэрлэх өртөг нь өндөр. Тийм учраас бидэнд Хятадаас шинэ шуудай импортоор оруулж ирсэн нь дээр байсан” гэв.
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НЭГ ШУУДАЙНЫ ӨРТӨГ 560-594 ТӨГРӨГ
Сайжруулсан шахмал түлшний нэг шуудайны өртөг 560-594 төгрөг. Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 70 хувь хөнгөлж, 940 төгрөгөөр худалдаалж байгаа. Энэ үнэд шуудайны өртөг шингэхээс гадна багахан хэмжээний тээвэрлэлтийн зардал шингэснийг “Тавантолгой түлш” компанийн мэргэжилтэн хэлж байв.
Тус компанийн Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Батцэнгэл “Манай компаниас нээлттэй тендер зарлаж, тендерт шалгарсан “Новатек интернэшнл” компанид зургаан сая гаруй шуудай захиалж, нөөцөө бэлддэг. Одоогоор сайжруулсан шахмал түлшний 10-15 хоногийн нөөцтэй. Шуудайны нөөцөө тасралтгүй бүрэн хангаж байгаа гэлээ.
“ЖИЛД ДУНДЖААР 1500 ТОНН ТҮЛШНИЙ ШУУДАЙ ХАЯГДАЛ БОЛЖ БАЙНА”
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай холбооноос Монголд сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудай үйлдвэрлэх боломжтойг хэлж буй. Дотооддоо түлшний шуудайны хэрэгцээг хангахад шинээр хүчин чадал өндөртэй, дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах шаардлагатай байх?
-Монголд хүнд даацын шуудай үйлдвэрлэдэг компани олон бий. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компани, зэсийн баяжмалын дотоодын үйлдвэрүүдийн шуудайны хэрэгцээг дотооддоо бүрэн хангаж байна. Харин сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудайг Монголд үйлдвэрлэдэггүй учраас Хятадаас импортоор худалдан авч байгаа. Учир нь Монголд шуудайны үйлдвэр байсан ч олон тоогоор нь үйлдвэрлэх хүчин чадалтай компани байхгүй.
Гэхдээ манай холбооноос сайжруулсан шахмал түлшний 25 килограммын улаан шуудайны оронд олон дахин ашиглах боломжтой, дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд болох шуудай үйлдвэрлэх төсөл боловсруулсан. Уг төслөө нийслэлийн Захирагчийн албаар дамжуулан хотын Ерөнхий менежерийн тушаал гаргуулж, үйлдвэрлэл явуулах талбайнхаа гэрээг хийчихсэн, ирэх зун ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Ерөнхийдөө улс орны эдийн засгаа бодсон ч импортоор оруулж ирж буй шуудайг дотооддоо үйлдвэрлэж, дахин боловсруулах түүхий эд ашиглах зорилготой юм. Төслийн хүрээнд манай холбооны хоёр компани үйлдвэрлэл явуулахаар болж, нэг компанид 1.5 га газрыг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд олгосон.
-Сайжруулсан шахмал түлшний шуудайны хэдэн хувь нь хог хаягдал болж байна вэ?
-Манай холбооны судалгаагаар жилд дунджаар 1500 тонн түлшний шуудай хаягдал болж байна. Гэр хорооллын айлууд хогийн шуудайны оронд хог хаягдал, үнс, шороогоо хийж ашиглаж байгаа ч хогийн цэг дээр бас нэг төрлийн хог хаягдал болж нэмэгддэг.
-Хэрвээ дотооддоо түлшний шуудай үйлдвэрлэж эхэлбэл импортоор орж ирж байгаа шуудайнаас хямд байх уу?
-“Тавантолгой түлш” компанийн зүгээс Хятад улсаас түлшний шуудайгаа импортоор худалдан авч байгаа учраас нэг шуудайг хэдэн төгрөгийн өртгөөр авч байгаагаа нууцалж байна.
Өнгөрсөн 2020 оны тавдугаар сард нэг шуудайг 531 төгрөгөөр худалдан авч байгаа гэж байсан. Бидний тооцооллоор 900 юм уу, 1000 төгрөгөөр худалдан авч байгаа. Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 70 хувь хөнгөлж, 940 төгрөг болгосон нь шуудайны өртөг гэж бодож байна.
Хэрвээ түлшний 25 килограмм шуудайг дотооддоо үйлдвэрлэвэл үүнээс хямд үнээр үйлдвэрлэх боломжгүй. Түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэснээр жил бүр гардаг 1500 тонн шуудайны хаягдал байхгүй болох юм. Өөрөөр хэлбэл хог хаягдлаа эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн үг. Одоо Хятадын эдийн засгийг дэмжсэн бодлого л явж байна шүү дээ.
Холбоотой мэдээ