Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар маргааш (2021.01.08) Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 7-ны өдрийн 546 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 1159 дүгээр магадлалтай эрүүгийн хэргийг хэлэлцэх юм.
Тодруулбал, Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох 24 хавтас хэргийг шүүгдэгч Б.Номтойбаяр, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Шижиржаргал, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч М.Нямдэмбэрэлийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Б.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхээр товложээ.
Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 5.5 жилийн хорих ял оноосон билээ.
Түүний өмгөөлөгч Н.Мандах шүүх хурлын дараа мэдээлэл хийхдээ “Анх Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хууль хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг 2019 оны арваннэгдүгээр сараас шалгаж эхэлсэн байдаг. Шалгалтын ажил явагдаж байхад Н.Номтойбаяр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан. Үүнтэй холбоотой хууль хяналтын байгууллагын шалгалт хурдасч эхэлсэн. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаах байгууллага, хяналтын прокурорын байгууллага өмнө нь холбогдуулан шалгаж байсан тогтоолдоо өөрчлөлт оруулсан.
Бид энэ байдлыг хэргийг шүүхэд шилжүүлэх зорилготой байсан юм байна гэж харж байгаа. Бид тогтоолд өөрчлөлт орсон учраас тогтоолтой танилцах, хэргийн нотлох баримт, мэдүүлгээ өгье гэсэн хүсэлтээ хууль хяналтын байгууллагад гаргасан. Хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын байгууллага хүлээж аваагүй. Хэрэг 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн. Хэргийг шилжүүлэхээсээ өмнө хуульд заасны дагуу гэм буруутай гэж үзэж байгаа хүмүүстээ прокурорын байгууллагаас яллах дүгнэлтээ гардуулж өгөх учиртай. Энэ хуулийн заалт ноцтойгоор зөрчигдсөн. Хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын зүгээс тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үүдний нэг давхарт яллах дүгнэлтийг Н.Номтойбаярт гардуулахыг оролдсон. Хуульд заасны дагуу ажиллагаа хийгдээгүй.
2020.05.28 өдөр Н.Номтойбаярыг цагдан хорих арга хэмжээ авснаас болоод УИХ-ын сонгуульд биечлэн оролцох боломжгүй болсон. Үүнд хамааруулж нэг зүйлийг хэлье. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар СЕХ-ноос зөвшөөрөл авах үүрэгтэй ч үүнийг хүлээж аваагүй.
Бусад хүмүүс өмгөөлөгчтэй, харин Н.Номтойбаяр өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцсон. Анхан шатны шүүхээс долдугаар сарын 7-нд шийдвэрийг амаар танилцуулж, үндэслэлийг хэлээгүй. Яллах дүгнэлтээ гардаж аваагүй хүнийг шүүх хуралдаан болсон. Бид дээд шүүхэд давж заалдана” хэмээн хэлж байсан билээ.
Н.Номтойбаярыг хүний эрхийн ноцтой зөрчлийн хохирогч боллоо гэж дүгнэж буй хүмүүс олон байгаа юм. Хэдийгээр Н.Номтойбаяр нарын гомдлыг нээлттэй хэлэлцэх мэдээлэл байгаа ч “нээлттэй” гэх нэрийн дор хаалттай хаалганы цаана хүн хохироосон шийдвэр гарахгүй гэх баталгаа өнөөдөр байхгүй юм.
Хүний эрхийг хамгаалагчид Европын холбооноос анх удаа баталсан дэлхийн хэмжээнд хүний эрхийн зөрчлийн эсрэг хориг арга хэмжээ авах тогтоол, журмыг онцлон дурдаад, улс төрийн хоригдол, хохирогч болоод буй түүнийг суллахыг шаардаж байгаагаа илэрхийлэв.
Европын холбооны хоригт олон үндэслэл дурдсанаас “Дур мэдэн баривчлах, цагдан хорих” гэдэг заалт нь манай улсын өнөөгийн нөхцөл байдалд маш их хамааралтай. Монголчууд бид Европын холбооны энэ хоригт ардчилалд дайсагнагч шүүгчид, прокурорууд, АТГ-ын дарга, байцаагчдыг мэдүүлэх нь зүйтэйг онцолж буй юм.
УИХ гишүүн асан Н.Номтойбаярын дүү Н.Цэлмүүн дэлхий нийтийн өөрчлөлтийн төлөөх платформ буюу Change.org хэмээх байгууллагад хандан, ахынхаа хууль бусаар хоригдсон асуудалд анхаарлаа хандуулж, энэхүү хэргийн үнэн мөнийг ялгаж, түүнийг суллахад анхаарлаа хандуулахыг хүссэн өргөдөл гаргаж байв. Тэрбээр уг өргөдлийг НҮБ болон АНУ-ын улстөрч Дональд Ян, Дина Титус нарт хаягласан байдаг.
Өргөдөлдөө “Монгол Улсын залуу улстөрч Н.Номтойбаяр нь 2020 оны долдугаар сарын 6-нд улс төрийн хилс хэрэгт буруутгагдаж, хууль бусаар баривчлагдаж, таван жилийн хорих ял сонссон. Өдгөө 41 настай Н.Номтойбаяр нь анх 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2020 он хүртэл дараалан хоёр удаа тус улсын хууль санаачлагчаар ажилласан. Хоёр дахь удаагаа ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оноос 2017 он хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон.
Энэ хугацаанд УИХ-ын болон Засгийн газрын зарим гишүүд эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн тогтолцоог залилан мэхлэх замаар улсын хөрөнгийг урвуулан ашиглаж байгааг эсэргүүцэн тэдний эсрэг үг хэлж, шударга ёсыг шаардаж байсан. Харамсалтай нь, 2020 онд энэ бүхнийг түүний эсрэг ашиглаж, түүнийг сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгасан.
Энэ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд тэрбээр үүнийг эсэргүүцэн, 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ зарласан. Үүний дараа дээрх хэрэг хоёрхон долоо хоногийн дотор гэрлийн хурдаар шийдэгдэн, улмаар түүнийг хууль бусаар саатуулан хорьж, нэр дэвших эрхэд нь халдав. Анхан шатны шүүх хурлыг сонгууль болох өдрөөс хоёр хоногийн өмнө товлосон нь түүнийг улс төрөөс зайлуулахыг хүссэн хүмүүсийн эхний алхам байв.
Долдугаар сарын 6-ны өдөр хууль ёсны төлөөлөлгүй дөрвөн өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлын дараа Н.Номтойбаярт эрх мэдлээ урвуулан ашигласан гэж таван жил таван сар хорих шийдвэр гаргасан” хэмээн бичсэн билээ.
Ж.ЭРДЭНЭБАТ НАРЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Мөн энэ өдөр Улсын дээд шүүх УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцэхээр товложээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 6-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 1190 дүгээр магадлалтай, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох 18 хавтас хэргийг шүүгдэгч Ж.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Т.Золбоо, Т.Энхбаяр, шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгч Д.Намсрайжав, М.Энхбаяр, шүүгдэгч Д.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх аж.
Шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хасч, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ