Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд өчигдөр (2020.01.06) орой Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумаас гарах хөдөлгөөнийг гурван хоног зогсоожээ. Өнгөрсөн хугацаанд Өвөрхангай аймагт халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй юм.
Тус аймаг дахь Цагдаагийн газраас "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2021 оны А/05 дугаар захирамжаар тус аймгийн Бат-Өлзий суманд халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумаас гарах хөдөлгөөнийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 9-ний өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд зогсоолоо" хэмээн мэдээллээ.
2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт халдварын голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагуудын үзэж буйгаар 28 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг аж.
Өчигдрийн байдлаар Covid-19 халдварын батлагдсан тохиолдол Сэлэнгэ 217, Дархан-Уул 45, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Архангай 3, Орхон 25 тохиолдол байв.
Эрүүл мэндийн яамнаас "Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймгуудад халдварын голомт үндсэндээ хумигдсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум хяналтад байгаа. Харин хамгийн идэвхтэй нь Улаанбаатар хот. Тиймээс 21 аймаг руу Улаанбаатар хотоос халдвар зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалын дагуу хамтарсан багууд үнэлгээ хийхэд Улаанбаатар хотоос орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр байна гэсэн дүгнэлт гарсан" талаар мэдээлсэн билээ.
Э.БУРАМ