Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс олгодог улс хооронд ачаа тээвэр хийх С зөвшөөрлийн 2021 оны нэгдүгээр улирлын шинэ хуваарилалт хийгдэж, 120 орчим аж ахуйн нэгж (ААН) байгууллагын 6000 орчим тээврийн хэрэгсэл Өмнөговь аймгийн Цагаанхадны гаалийн хяналтын бүсэд төвлөрчээ.
АТҮТ-өөс 2021 оны нэгдүгээр улиралд Цагаанхад гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомтоор БНХАУ-ын Ганцмод боомт чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх компаниудын ээлжийг зохион байгуулалтад оруулах, эхний 45 хоногт 3500, дараагийн 45 хоногт 3500, нийт 7000 тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан байна.
Гэхдээ 6788 машинд С зөвшөөрөл олгогдсон учраас тээвэрлэгч компаниуд эхний 45 хоногт 3394, дараагийн 45 хоногт 3394 тээврийн хэрэгсэл явах хуваарь гарган, жолооч нарын нэрсийн жагсаалтын хамт явуулжээ.
Гэвч жолооч нарын нэрсийн жагсаалт өөр хоорондоо зөрж, будилаан үүсгээд байгаа юм байна.
АТҮТ: ТУЛГАРААД БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Энэ талаар АТҮТ-өөс тодруулахад “Аль тээврийн хэрэгсэл, ямар жолоочоо тээвэрт явуулахыг компаниуд өөрсдөө шийддэг. АТҮТ-өөс нэгдсэн зохион байгуулалтад оруулан, тулгараад буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Одоогоор тээвэрлэлтийн ААН-үүд жолооч нараа аймаг орон нутгаас татах хүсэлт бидэнд өгөөгүй” гэсэн хариулт өглөө.
Өмнөговь аймгийн онцгой комиссоос уржигдар (2020.01.05) Тавантолгой, Оюутолгой, Нарийнсухайтын бүлэг ордын уул уурхайн аж ахуйн байгууллагуудын ажилчид, жолооч нарыг 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл өөрийн аймгийн үндсэн харьяат биш бол орон нутагтаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнээс харахад өөрийнх нь нэр дээр С зөвшөөрөл олгогдсон жолооч нар тээвэрлэлтэд явах боломжгүй болж магадгүй аж
Энэ мэт төрийн байгууллагуудын зөвшөөрөл, шийдвэрээс болж асуудал үүссэнээс 300 орчим жолооч Цагаанхад бүсэд хүйтэн машинд хоноглож байна.
Тэдний хувьд төр засгийн шийдвэр өөр хоорондоо зөрчилдөөнтэй, зохион байгуулалт муутай байгааг шүүмжилж, гомдол саналаа "Баян-зам" тээвэрчдийн холбоонд тавих болжээ.
ОГТ МЭДЭХГҮЙ КОМПАНИ ДЭЭР НДШ НЬ ТӨЛӨГДӨН, НЭР ДЭЭР НЬ С ЗӨВШӨӨРӨЛ ГАРЧЭЭ
Энэ талаар "Баян зам" тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгээс тодруулахад:
-Зарим тээврийн компаниудын хувьд үндсэн жолооч байдаггүй. Тиймээс компаниуд С зөвшөөрөл авахын тулд гурван сарын турш нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн жолоочтой байна гэсэн шаардлагыг хангахын тулд хэн нэг жолоочийн хувийн мэдээллийг цахим бүртгэлийн санд оруулж, хамгийн бага хэмжээгээр НДШ төлж ирсэн зөрчлийг засч залруулаагүй явж ирсний үр дагавар одоо гарч байна. Үүнээс үүдэн С зөвшөөрлийн нэр зөрж, 2-3 сар тухайн машиныг барьсан жолооч нар ажилгүй болж, С зөвшөөрөл нэр дээр нь гарсан жолооч нар орон нутгаас ирэх боломжгүй болж байна.
Цагаанхадны гаалийн хяналтын бүсэд өөрөө ч мэдээгүй байхдаа аль нэг компанийн жолоочоор бүртгэгдсэн, өөрийнх нь огт мэдэхгүй компани дээр НДШ нь төлөгдөн нэр дээр нь С зөвшөөрөл гарсан. С зөвшөөрөл нэр дээр нь гарсан машины бүртгэлтэй компанид шилжих гэхээр хуучин компани нь хасалтыг нь хийж өгөхгүй хясан боогдуулж байгаа 20 орчим компанид хамаарах 100 жолоочийн гомдол бүртгэгдсэн.
Ийм байдлаар тухайн хүний эрхэнд халдаж, ажлын байраа чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж байгаа компаниудын судалгааг манай холбоо нэгтгэн авч байна. Гэтэл АТҮТ-ийнхөн С зөвшөөрлийн нэр таарсан буюу тухайн компанийн өөр орлох жолооч машин дээрээ байхгүй л бол БНХАУ-д PCR шинжилгээнд орох автобусны билет өгөхгүй гэж байна. Үүнээс улбаалан хилээр нэвтрэх машины тоо эрс багасч, хэрүүл маргаан, үл ойлголцол байнга гарах болсон. Хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа энэ цаг үед АТҮТ- өөс ийм уялдаа холбоогүй шийдвэр гаргасан нь орон нутагт гэртээ байгаа жолооч нарыг хорио цээрийн журам зөрчин, эрсдэл гарган, машин дээрээ хулгайн замаар ирэх зэрэг асар их эрсдэл үүсгэж байна. АТҮТ ийнхүү уялдаа холбоогүй ажиллаж байгаа нь өөрсдөө экспортын тээврийг гацааж байгаагаас ялгаа алга. Цаашид тээвэрчдийг хохироосон энэ байдал давтагдсаар байвал манай холбооноос тээвэрчдийн эрхийг хамгаалдаг үйлдвэрчний эвлэлийн холбоодтой хамтран, хатуу шаардлага тавьж, хариуцлага нэхэн тэмцэнэ.
Холбоотой мэдээ