Реппер Др.Дре энэ долоо хоногийн эхээр буюу нэгдүгээр сарын 4-нд тархины судасны цүлхэн буюу аневризм өвчнөөр эмнэлэгт хэвтжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 55 настай реппер өдгөө Лос Анжелесийн Чедарс Синай эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байж магадгүй гэнэ.
Сайн мэдээ нь түүний биеийн байдал одоохондоо тогтвортой байгаа төдийгүй тэрбээр өчигдөр/2020.1.5/ өөрөө инстаграмаар дамжуулан гэр бүл, найзууддаа талархжээ. Тэрбээр “Надад санаа тавьж, сайн сайхныг ерөөсөн гэр бүл, найзууд, шүтэн бишрэгч нартаа баярлалаа. Би одоогоор сайн байна. Эмч нарын чадварлаг баг надад сайн анхаарал тавьж байгаа. Тиймээс би удахгүй эмнэлгээс гарч гэртээ харих болно. Чедарс эмнэлгийн гайхалтай мэргэжилтнүүдэд маш их баярлалаа” хэмээн бичжээ.
Эмч нар одоохондоо түүний өвчний шалтгааныг нарийн тодорхойлоогүй байгаа ч тодорхойлоход шаардлагатай хэд хэдэн шинжилгээг авч ажиллаж байгаа гэнэ. Тархины судасны цүлхэн гэдэг нь тархины судаснуудын хана тодорхой хэсэг газартаа нимгэрч, цусны даралт ихэсмэгц тухайн хэсэг шаар шиг товойн гарч ирэхийг нэрлэдэг өвчин аж. Энэ өвчин биеийн аль ч хэсгийн судсанд тохиолдож болох хэдий ч ихэвчлэн тархины судас болон хэвлийн судсанд үүсдэг гэнэ.
Тархины судасны цүлхэн хүндэрвэл судасны хананы нимгэн хэсгээр цус шүүрч, улмаар тархинд ноцтой хохирол учруулах аюултай аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ