Дэлхийн банкнаас өгч буй зөвлөгөө | News.MN

Дэлхийн банкнаас өгч буй зөвлөгөө

Дэлхийн банкнаас өгч буй зөвлөгөө

Дэлхийн банкнаас өгч буй зөвлөгөө

Дэлхийн Банкнаас Вашингтоны цагаар өнгөрсөн шөнө Дэлхийн эдийн засгийн төлөв тайланг танилцууллаа. Covid-19 цар тахлын эсрэг эхний шатны вакцинжуулалт энэ жилийн турш өргөн хүрээнд хийгдсэн нөхцөлд дэлхийн эдийн засаг 2021 онд 4 хувиар тэлэх боломжтой байна. Гэвч бодлого тодорхойлогчид цар тахлыг хумих, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх дорвитой реформуудаас эдийн засгийн сэргэлт ихээхэн хамаарна хэмээн 2021 оны нэгдүгээр сард гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа Дэлхийн Банк онцолжээ.

Дэлхийн эдийн засаг 2020 онд 4.3 хувиар агшиж, цаашид эргэн сэргэх төлөвтэй байгаа ч цар тахлын нөлөөгөөр өвчлөл, нас баралт үлэмж хэмжээгээр нэмэгдсэнээс гадна сая сая хүн ядууралд өртөж, эдийн засгийн идэвхжил, орлогын сэргэлт багагүй хугацаа шаардахаар байна. Иймд сovid-19 цар тахлын тархалтыг бүрэн хяналтад авах, вакциныг өргөн хүрээнд шуурхай нэвтрүүлэх нь богино хугацаанд бодлогын нэн тэргүүний чиглэлд тооцогдож байна.

Мөн эдийн засгийн сэргэлтийг бодитойгоор дэмжихийн тулд засгийн газрын өрийг нэмэгдүүлэхийг урьтал болголгүй, харин хөрөнгө оруулалтын өгөөжийг дахин эргэлтэд оруулах тааламжтай хөшүүргийг бий болгох замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад анхаарах шаардлагатай хэмээн дүгнэжээ. “Дэлхийн эдийн засаг аажмаар сэргэх хандлагатай байгаа энэ цаг үед бодлого тодорхойлогчид эдийн засгийн сэргэлтийг улам бататгаж, цаашдын бат бэх, тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх тал дээр анхаарч байгаа ч нийгмийн эрүүл мэнд, өрийн удирдлага, төсвийн бодлого, төв банк болон эдийн засгийн бүтцийн шинэчлэлүүд гээд олон томоохон сорилтууд тулгарсаар байна” гэж Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс цохон тэмдэглэсэн. Мөн тэрбээр “Цар тахлын сөрөг нөлөөг даван туулах, хөрөнгө оруулалтад сорилт болж буй хүчин зүйлсийн эсрэг үр дүнтэй ажиллахад бизнесийн орчныг сайжруулах, хөдөлмөрийн болон бүтээгдэхүүний зах зээлийн уян хатан байдлыг сайжруулах, ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх тал дээр дорвитой анхаарах шаардлагатай” гэдгийг онцлов.

Дэлхийн эдийн засаг 2020 онд анх төсөөлснөөс харьцангуй багаар агшсан нь хөгжингүй орнуудын эдийн засгийн агшилт харьцангуй бага байж, Хятадын эдийн засаг төсөөлснөөс илүү хурдтай сэргэснээс голлон шалтгаалжээ. Харин үрсэнгүй хөгжиж буй болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн идэвхжил анх төсөөлснөөс илүүгээр саарсан байна.

Ойрын хугацааны эдийн засгийн төлөвт учирч буй тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа нь эдийн засгийн өсөлтийн төлөв өөрчлөгдөх эрсдэл байсаар байгааг тайланд онцолжээ. Хэрэв халдварын тоо үргэлжлэн нэмэгдсээр байх, вакцины өргөн хүрээнд нэвтрэх хугацаа хойшлох тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлт 2021 онд 1.6 хувь руу ч буурах эрсдэлтэй байна. Харин өөдрөг хувилбар буюу цар тахлыг бүрэн хяналтад авч, дархлаажуулалт илүү эрчимтэй явагдах тохиолдолд дэлхийн эдийн засаг 2021 онд 5 орчим хувиар тэлэх боломжтой гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.

Хөгжиж буй орнууд (БНХАУ-ыг оруулснаар)-ын эдийн засаг 2020 онд 2.6 хувиар агшсан бол 2021 онд 5 хувиар өснө хэмээн үзжээ. Өнгөрөгч онд 2 хувийн өсөлттэй байсан БНХАУ-ын эдийн засаг энэ онд 7.9 хувийн өсөлттэй байх төсөөллийг боловсруулсан байна. Харин БНХАУ-аас бусад хөгжиж буй орнуудын хувьд эдийн засаг нь 2020 онд 5 хувиар агшсан бол 2021 онд 3.4 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Бага орлоготой эдийн засгуудын хувьд 2020 онд 0.9 хувиар агшсан бол 2021 онд 3.3 хувиар тэлнэ хэмээн үзжээ.

 Өмнөх түүхээ жишээ болгон авбал дэлхийн эдийн засаг ирэх арван жилд бодлого тодорхойлогчид хүртээмжтэй бөгөөд тогтвортой өсөлтийг бий болгох суурь цогц реформуудыг хэрэгжүүлэхгүй тохиолдолд тун амаргүй нөхцөл байдалтай тулахаар байна хэмээн дүгнэжээ.

Бодлого тодорхойлогчид орлогыг дэмжихэд чиглэсэн бодлогоос эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого руу аажмаар шилжихийн сацуу эдийн засгийн сэргэлтийг хадгалах, хамгаалах тал дээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай. Илүү урт хугацаанд, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд, эрүүл мэнд, боловсролын тогтолцоог бэхжүүлэх, цахим дэд бүтцийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадамжийг дээшлүүлэх, бизнесийн болон засаглалын практик үйл ажиллагааг сайжруулах зэрэгт чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр цар тахлаас улбаатай эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах, ядуурлыг бууруулах, хүртээмжтэй өсөлтийг цогцлоох тал дээр ахиц гаргах боломжтой. Төсвийн нөхцөл байдал суларсан, өр хуримтлагдсан өнөөгийн нөхцөлд эдийн засгийн органик өсөлтийг дэмжих институтийн реформ шинэтгэл бүр ч их ач холбогдолтой. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад, реформ шинэтгэлийг хэрэгжүүлснээр тухайн орны эдийн засгийн урт хугацааны өсөлтийн талаарх хөрөнгө оруулагчдын хүлээлтэд эергээр нөлөөлж, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-01-06 66.181.161.122

БГД-ийн эмнэлэг Ачтан 2 нийлчихсэн юм бишүү. Дарганарыг нь арга хэмжээ авах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж