Дарамт авчирсан дахин төлөвлөлт

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Дарамт авчирсан дахин төлөвлөлт

Гэр хорооллынхон газраа орон сууцаар сольж эсвэл хаус хороолол болгож сайхан амьдрах боломжийг олгоно хэмээн нийслэлийн АН-аас амлалт өгөөд дөрвөн жил боллоо. Тэдний сайхан амлалт өнөөдөр мөрөөдөл болж, иргэдийг хохироож байгаа талаар олон хүн гомдол мэдүүлэх буух эзэнгүй, буцах хаяггүй энэ ажлаас болж сэтгэл санаагаар унаад очих газар, хэлэх хандах хүнгүй болсон тул арга буюу УИХ дахь МАН-ын бүлгийнхэнд удаа дараа хандаж зовлонгоо ярьжээ. Тэдний асуудлыг сонсохоор УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ө.Энхтүвшин, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар өчигдөр иргэдийн үг, байр суурийг сонслоо.

Мэдээж, гэр хорооллыг орон сууцны хороолол болгож, эсвэл хаус хороолол болгочихвол сайхан хэрэг. Гэхдээ амьдрал дээр энэ асуудлыг шийдэхэд олон хүндрэл бэрхшээл гарч байгаа аж. Сайхан амлалт өгөх нэг хэрэг. Түүнийгээ хөрсөн дээр нь буулгаж ажил хэрэг болгох шал өөр зүйл байдгийг цаг хугацаа харууллаа. Тэд хүссэн үнээрээ хашааны газраа өгч чадахгүй хотын мээр болон, компаний менежрүүдийн шахаанд орж сэтгэл санааны дарамтад орж байгаа талаараа ихэвчлэн ярьсан юм. Баянзүрх дүүргийн хэд хэдэн хороо дахин төлөвлөлтөд орсон хэдий ч 12 дугаар хэсэг дээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийн асуудал хүндхэн, иргэдийг илт дээрлэхсэн, газраа өгөхгүй бол 25 хувьдана шүү гэх мэтээр сүрдүүлж сэтгэлээр санааны дарамт үзүүлэх болжээ. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Сайнтогтохынх 0,5 га газар дээрээ 20 орчим хүн бүртгэлтэй амьдардаг. Нэг хашаандаа дөрвөн хүүхэдтэйгээ дөрвөн айл аж төрдөг гэнэ. Эднийх гэрийнхээ хажууханд ирсэн бохир, дулааны шугамыг хашаа руугаа оруулая гэхээр өөдөөс нь 20 сая төгрөг нэхдэг байна. Тэрээр, “Дахин төлөвлөлтөд орж байгаа газруудын айлуудыг “Та бүхэн дахин төлөвлөлтөд орж байгаа. Газраа өгөхгүй бол та нарт 20 сая төгрөг л олдоно шүү” гэх мэтээр их сүрдүүлдэг. Амьдарч буй хашаа, байшингаа 20 саяар солих хүн хаана байх вэ. Манайх хаусны зураг гаргаад барилга барих эрхээ авсан. Хаусаа барих гэхээр алаг цооглоод бидний ажлыг саатууллаа гэдэг. Тэд газруудыг худалдаад авчихсан. Манайх үндсэндэээ ганцаараа тэнд үлдчихсэн. Дөрвөн өрхийн олон ам бүлтэй, айл хоёр өрөө байранд яаж шинэгх вэ дээ. Тэгээд манай хажууд ирсэн шугамыг гурван метр хэртэй татаад холбочихоё гэхээр өгдөггүй. Ер нь үнэтэй холбоно. Та газраа өгчихөөд зайлсан нь дээр байх шүү гэдэг. Хоёр давхар амины тохилог сууцтай болчихвол бидэнд орон сууцны хэрэг алга. Амины сууц бариулна гэчихээд бидний ажлыг боогоод байгаа нь сонин байна. Биднийг хавчаад эхэлсэн. Иргэний танхим дээр иргэдийг хороогоор нь аваачаад хичээл хийхдээ л “Газраа өгөхгүй бол та нар 20 сая төгрөгтэй үлдэнэ шүү. Хоёр өрөө байр өгч байгаа дээр нь газраа өгөхгүй бол хохь чинь шүү ” гэж хүртэл хэлж байсан. Танай хашаа ганцаараа навсайгаад байх юм уу. Танай хажууд олон давхар байшин босч байхад гэдэг. Дөрвөн айл хоёр өрөө байранд яаж аятайхан шингэх вэ дээ. Аман хуурын Соном өвгөн шиг л болж байна гэсэн асуудлыг надад тавьж байна. Би улсын хөрөнгөөр татаад өгсөн цэвэр, бохирын шугамд холбогдох гээд үйлээ үзээд явж байна. Энэ мэтээр хотын дахин төлөвлөлт дээр санал, гомдол хэлэх хүн цөөнгүй байсан юм. Үүний зэрэгцээ ботаникийн орчимд аж төрдөг айлууд дахин төлөвлөлтөөс болоод зутруухан байгаа талаараа хэлж байсан. Энэ мэтээр нийслэлд дахин төлөвлөлт хийх нэрээр иргэдийн газрыг ухсан нүх, цемент, төмөр зоосон байдалтай хэн хэзээ барилга босгож ашиглалтад орох нь тодорхойгүй. Зарим компани санхүүгийн асуудлаас болж ажлаа хийж чадахгүй болохоор өөр компанид ажлаа шилжүүлсэн гэх маргаан их болжээ. Үүний зэрэгцээ хоёролсон, гурвалсан гэрээний учир олдохоо байсан, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар дээр очихоор мэргэжилтэн гээд 17 хүн сууж байгаа хэрнээ асуудлыг нь мэдэж шийдэж чадах хүнгүй газар бий болсон талаар иргэд гомдоллож байсан юм. Гэр хорооллыг орон сууцжуулах тухай ажил завхраад, иргэдийн аж амьдралаар тоглосон талаар гомдол, санал хэлэх хүмүүс дугаарлаж, зарим нь Ө.Энхтүвшин гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарт бичгээр өргөдөл, гомдлоо өгч нааштайгаар шийдүүлэхгүй бол орон гэр, хашаа газаргүй болж мэдэхээр байгаа талаараа учирласан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж