Төв аймгийн Батсүмбэр сум руу Улаанбаатар хотоос баталгаат бус замаар зорчиж байгаа зөрчил их гарч байна гэж тус сумын Онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал, Батсүмбэр сум нь Улаанбаатар хоттой хил залгаа оршдог бөгөөд нийслэл хотод covid-19-ийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа нь тус сумын хувьд эрсдэл өндөртэй бүс болоод байна гэж сумын онцгой комисс үзэж байна. Нийслэл хотоос тус сум руу Үдлэг багийн Харганы даваа, Халзан, Гүнтийн даваагаар баталгаат бус замаар зорчиж байгаа зөрчил их гарч байна. Тиймээс хууль бус үйлдлийг таслан зогсоохоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгионохайрхан дүүргийн Онцгой комиссуудтай хамтран 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийг гарган ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 5-ны өдрийн байдлаар 30 минутын хугацаанд 4-5 автомашиныг илрүүлэн буцаажээ.
Баталгаат бус замаар зөвшөөрөлгүй зорчиж буй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 5.13. 2-р хэсэгт зааснаар Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай.
Холбоотой мэдээ