Тахлын голомт болсон эмнэлгүүдээ яаж аврах вэ?

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

Тахлын голомт болсон эмнэлгүүдээ яаж аврах вэ?

Тахлын голомт болсон эмнэлгүүдээ яаж аврах вэ?

Дэлхийн улс орнууд иргэнээ Covid-19 цар тахлаас аврахаар тэмцэж байгаа бол Монголд эмнэлгүүд нь голомт болж, эрүүл мэндийн салбараа аврах ажиллагаанд шилжлээ.

Одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Ачтан клиник эмнэлэг халдварын голомтот бүс болсон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг тахлын хавьтагч болсон тул онцын шаардлагагүй тохиолдолд  эмнэлгүүдээр үйлчлүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулах болов.

Ачтан клиник эмнэлэг цар тахлын шинэ голомт болсноор Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 11-ний 06.00 цагт тавигдах байсан хөл хорины хатуу дэглэм сулрах эсэх эргэлзээтэй болж ирлээ.

Учир нь Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн Ням гаригт “Хөл хорио үргэлжлэх долоо хоногийн хугацаанд шинэ голомт үүсч, нөхцөл байдал хүндрэхгүй бол нэгдүгээр сарын 11-ээс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг нээнэ” гэдгээ мэдэгдсэн. Гэвч дээрх мэдэгдлээс ердөө хоёр хоногийн дараа шинэ голомт үүсэв.

Хамгийн ноцтой нь, Ачтан клиник эмнэлэг эмч, ажилтнуудаа нэгдүгээр сарын 3-нд түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад зургаан хүнээс Covid-19 халдвар илэрсэн атал Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв нэгдүгээр сарын 5-нд 11.00 цагийн мэдээлэл хийх үеэрээ энэ тухай ганц үг унагаагүй. Лабораторынх нь хүчин чадал хүрэлцэхгүйгээс тус эмнэлгийн эмч, ажилтнуудаас авсан PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байв уу, эсвэл мэдээллийг нууцлахыг оролдсон нь бүтэлгүйтэж, задрав уу. Эмч, эмнэлгийн ажилтнууд, үйлчлүүлэгч нарыг нь тусгаарлах үйл ажиллагаа явагдаж, нөхцөл байдал тодорхой болсон атал Ачтан клиник эмнэлгийн эмч нь “Манайх арванхоёрдугаар сарын 24-нөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй, үйлчлүүлэгч аваагүй” гэж бодит байдлаас зөрүүтэй тайлбар хийж, эргэлзээнд оруулав.

Халдварт өвчнийг нуух нь аюултай тул хор хөнөөлөөс нь цаг алдалгүй иргэдээ аврахын тулд хэвлэлүүд өөрсдийн эх сурвалжаар дамжуулан олж авсан мэдээллээ 12.00 цагаас эхлэн цацав.

Харин гурван цаг орчмын дараа Эрүүл мэндийн яам Ачтан килиник эмнэлгийн эмч, ажилтан есөн хүнээс халдвар илэрсэн болохыг мэдэгдэж, арванхоёрдугаар сарын 15-наас хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг яаралтай шинжилгээнд хамрагдахыг хүссэн юм.

Гэвч Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11.00 цагийн мэдээлэл бас л оньсого таалгав.

Учир нь, Ачтан клиник эмнэлгээс өчигдрийн есөн хүнийг оруулаад нийт 25 халдвар тээгч бүртгэгдэв үү, эсвэл  өчигдрийн есөн хүнийг оруулаад 16 юу гэдэг тодорхойгүй. Мөн нэгдүгээрт хавьтал, дам хавьтал нийт хэдэн хүнийг тусгаарласан, тус эмнэлгээр үйлчлүүлсэн байсан иргэд аль аймаг руу зорчсон тухай тодорхой ярьсангүй.

Хэвлэлийнхэн асуулт тавиад ч тодорхой  хариулт авч чадсангүй. Гэтэл дээрх эмнэлгээс үйлчилгээ авсан иргэд Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймаг руу зорчиж очсон болох нь баталгаажаад байна.  Орон нутгийг зорьсон иргэний тоо цөөн ч халдвартайгаа мэдэхгүй явсан бол том аюул.

Хувийн эмнэлгээ чичлэх гэсэнгүй, төрийн өмчит эмнэлгүүдийн дааж явж чадахгүй байгаа ачаанаас үүрэлцэж, иргэддээ шуурхай үйлчилгээ үзүүлэн, өөрийн орон зайгаа эзэлсэн эмнэлэг бол  яах аргагүй Ачтан. Өвдсөн иргэд л эрүүл мэндийн байгууллагад ханддаг учраас тус эмнэлгийнхэн үйлчлүүлэгчээсээ ч халдвар авсан байхыг үгүйсгэхгүй.

Нөгөө талдаа эмч нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт очиж, өвчтөнд үйлчилгээ үзүүлдэг нь эрсдэлийг улам өндөрсгөж, халдварын хүрээг өргөтгөж байна.

Тодруулбал, төрийн өмчит эмнэлэгт харъяалалтай эмч нарын олонхи нь хувьдаа эмнэлэгтэй, эсвэл хувийн эмнэлэгт гэрээгээр үйлчилгээ үзүүлдэг. Хувийн эмнэлэгт ажилладаг эмч нь улсын эмнэлэгт очиж, өвчтөн үздэг нь цар тахал голомтлон гарч өндөр авч буй үед улам хүндрэл үүсгэж буй юм биш биз гэх болгоомжлолыг ч төрүүлж буй.

Хамгийн гол нь одоо мэдээллээ ил тод болго. Халдвар тээгчдийг, халдвар тээгчийн ойрын болоод дам хавьтал болсон иргэнийг овогтой, нэртэй нь зарла гээгүй. Мэдээллийг нууцалдаг энэ байдлаас болж, эрсдэл улам өндөр болж, хор хохирол нь томорч буйг хаа, хаанаа бодолцох учиртай.

Яагаад гэвэл мэдээллээ нууцалдаг, үйлчлүүлэгчийнхээ бүртгэлийг дутуу гаргадаг, хэт мөнгө хөөсөн нь, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт дэгдсэн халдвар өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн.

Одоо тахлыг бүх нийтийн асуудал болгож хувиргахгүйн тулд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв цаг алдалгүй мэдээллээ олон нийтэд цац, оньсого таалгах хэрэггүй.

Харин иргэд сэтгэл зүйн бэлтгэлтэй, ухамсартай байж, төр засгаас гаргасан шийдвэрийг мөрдөж, аль болох богино хугацаанд тахлын голомт болсон эмнэлгүүдээ аврахад дэм болох шаардлага байна. Эмнэлгүүдээ цар тахлаас нь салгаж байж, хүн амдаа шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно. Одоогоор эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэчнээн эмч, сувилагч, ажилтан Covid1-19 халдвар авсан тухай албан ёсны мэдээлэл байхгүй ч 100 хол давсан тухай яригдах боллоо. Гэрийнхээ барааг дөрөв, таван сарын турш харалгүй, цар тахалтай тэмцэж байгаа эмч нараа халдварт өртүүлбэл, Covid-19-ийг давахад улам л хүндрэлтэй болно.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 1349 болсон бол 884 хүн эдгэрчээ.  Энэ бол яах аргагүй эмч, эмнэлгийн ажилтнуудын гавьяа. Эмчлэгдэж байгаа 413 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 13, хүндэвтэр 138, хөнгөн 297 байгаа юм.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй нь сайн мэдээ.

Гэвч иргэн бүр хорионы дэглэмээ сахихгүй бол илүү л эрсдэлд орж, эрүүл мэндийн ч, эдийн засгийн ч хохирол томрох аюул байгааг эх үүсвэр нь тодорхойгүй халдварууд, мөн хэн ч халдвар авснаа мэдэхгүй явж байх тохиолдол бийг нийгэм дундаас алаг цоог илрэх болсон тохиолдлууд ч сануулсаар…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж