Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа эх орондоо олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Унгар улсын хувьд түүхэндээ олимпийн наадмыг зохион байгуулж байгаагүй бөгөөд тэд 1916, 1920, 1936, 1944, 1960 онуудын олимпийн наадмуудыг нутагтаа зохион байгуулахаар өрсөлдөж байсан ч сонгогдож чадаагүй түүхтэй.
Унгар бол олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд хамгийн олон удаа ялагдсан улс юм.
Будапешт хот 2024 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан ч олон нийтийн эсэргүүцэл, ард нийтийн санал асуулга, улс төрийн хуваагдмал байдлын улмаас нэрээ татаж байв.
Тус улсын ерөнхий сайд Виктор Орбан "Nemzeti Sport" сонинд өгсөн ярилцлагадаа “Унгар улсад олимпийн наадам зохион байгуулмаар байна. Олимп нутагт минь явагдаж байгааг харах хүсэл надад бий. Хэрэв бид дотооддоо төрийн эргэлт хийгээгүй байсан бол 2032 оны олимпийн наадмыг зохион байгуулах боломжтой байсан юм” хэмээжээ.
2032 оны 35 дахь зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Европ тивээс Итали, Нидерланд, Их Британи, Турк, Испани, Герман зэрэг улсууд өрсөлдөхөө илэрхийлээд байна.
Мөн тэрбээр нутагтаа Формула-1 дэлхийн гран приг хүлээн авах хурдны авто тойруулга, хоккейн ордон, орчин үеийн таван төрөлтийн байгууламж, каяакын академи байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
Унгар улс сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулж байгаа бөгөөд сүүлд 2017 оны усан спортын ДАШТ, 2018 оны чөлөөт бөхийн ДАШТ, 2019 оны ширээний теннисний ДАШТ-ийг тус тус зохион байгуулжээ.