Монгол нүүрсний экспортоо ОХУ-д алдах эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

Монгол нүүрсний экспортоо ОХУ-д алдах эрсдэлтэй

Монгол нүүрсний экспортоо ОХУ-д алдах эрсдэлтэй

Монгол Улсын нүүрсний экспортын нийт дүн 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 28.5 сая тонн байсан нь Covid-19-ийн өмнөх төлөвлөгөөнд хүрээгүй ч цар тахлын дараах төлөвлөгөөнөөс давав. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхний хагаст Монгол Улс нийт 598 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын мөн үетэй харьцуулахад 72 хувиар буурсан дүн бол 2019 оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Засгийн газар энэ онд уул уурхайн салбарын орлогыг анх удаа 3.4 их наяд төгрөгт хүргэж, 42 сая тонн нүүрс экспортлон, 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцоолсон. Үүний тулд Гашуунсухайт боомтын болон Шивээхүрэнгийн тээврийн гарцыг нэмэх шаардлагатай байгаа билээ.

Covid-19-ийн нөхцөл байдлын улмаас Засгийн газрын төлөвлөлт биелэх боломж бүрхэг. 2021 онд нүүрсний үнийн өсөлтөд нэг их найдалтгүй бөгөөд энэ оны гуравдугаар улирлаас нааш гадаад эдийн засгийн орчин нөхцөл сайжрахгүй, төсвийн орлого дутах учир маш хэмнэлттэй бодлого баримтлах хэрэгтэйг шинжээчид анхааруулсаар байгаа юм.

Монгол Улсын нүүрсний экспорт дотооддоо Covid-19 алдсан цагаас хойш эрс буурсан. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, нүүрсний экспортын талаас илүү хувийг гаргаж буй Гашуунсухайт боомтоор шинэ оны өмнөхөн хамгийн ихдээ 375 автомашин, хамгийн багадаа 140 автомашинаар нүүрс экспортолсон байна. Шивээхүрэн боомтоор нүүрс гаргасан автомашины тоо нийт үзүүлэлтээр шинэ оны өмнөх долоо хоногоос 32 хувиар буурсан бол Ханги боомтынх 35 хувиар өсчээ.

Өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын Төрийн өмчит, логистикийн хоёр дахь том компани болох “XMXYG” корпорац Монгол, Индонез, ОХУ болон бусад орноос авах нүүрсний импортоо нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. “SXCoal”-д мэдээлснээр, “E-Commodities Holdings” буюу хуучнаар “Winsway” нэртэй байсан компанитай хамтран Монгол дахь коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний бизнестээ зориулж хамтарсан хөрөнгө оруулалт хийсэн байна. Ингэснээр хойд хэсгээс өмнөд хэсэг рүү нүүрс тээвэрлэх үйлчилгээний хүчин чадал, нүүрсний нийлүүлэлт талд давуу талаа бэхжүүлнэ гэж үзжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын хороо гаргасан мэдэгдэлдээ БНХАУ Монголоос авдаг коксын импортод ногдуулдаг татвараа 2021 онд хоёр дахин бууруулж, 2.5 хувь болгох гэж байгаа талаар дурджээ. Үүний үр дүнд хоёр орны хоорондын коксын худалдаа эрчимжинэ гэж үзсэн байна.

Урд хөрш Шаньси, Хэбэй, Шандон, Хэнан мужийн 4.3 метрийн коксын зуухуудыг хаах шийдвэр гаргасны улмаас тус улсын дотоодын коксын нийлүүлэлт эрчтэй багасчээ.

Жилийн статистикаас харвал БНХАУ Монголоос 2019 онд 142.6 мянган тонн кокс импортолсон нь тус улсын коксын импортын 27.3 хувийг бүрдүүлсэн байна. Харин цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн оны эхний 10 сард коксын нийлүүлэлт 6335 тонн болж буурчээ.

ОХУ НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЖ ЧАДЖЭЭ

Монголын зэс, нүүрсний гол өрсөлдөгч ОХУ юм. Монгол болон ОХУ-д нүүрсний хамгийн том зах зээлтэй хил залган оршдог давуу тал бий. Өнгөрсөн онд ОХУ зөвхөн Хятадад 55 сая тонн, Энэтхэг рүү 30 сая тонн нүүрс экспортлох, цаашлаад дэлхийн нүүрсний зах зээлийн 25 хувийг дангаар эзлэх зорилттой стратегийн баримт бичиг баталсан.

Оросын коксжих нүүрс маш бага хүхэртэй, өндөр чанартай учир Хятадын худалдан авагчдын сонирхлыг татдаг. Тус улс коксжих нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд төмөр замын дэд бүтэцдээ багагүй хөрөнгө хаяж, далайн боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байна.

Монгол Улс боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлаа ойрын хугацаанд нэмэгдүүлж чадахгүй бол Оросын нүүрсэнд боломж олгоно гэж “S&P Global Platts”-ын шинжээч анхааруулсан билээ.

ОХУ, Монгол Улсын  хооронд 2018  онд харилцан транзит хийх тарифын хөнгөлөлтиийн гэрээ байгуулагдсанаар ОХУ-ын зэс, нүүрс Монголоор дамжин Хятадад борлуулагдах боломжтой болсон. ОХУ 2023 оноос транзит тээврээ эхлүүлэх боломжтойгоо мэдэгджээ.

Хойд хөрш Элегаст коксжих нүүрсний ордоос 2025 оноос 15 сая тонн коксжих нүүрс экспортлохоор төлөвлөсөн байна. Зарим эх сурвалжид коксжих нүүрсний Элга ордыг эзэмшигч A-Prpoperty, Кузбассын “Колмар” групптэй хамтран 2023 оноос 30 сая тонн коксжих нүүрс баяжуулж, БНХАУ руу экспортлох төлөвлөгөөтэй бөгөөд өдгөө 4-5 сая тонн нүүрс Хятадад борлуулж байгааг мэдээлжээ. Энэ байдлаар Монголын Тавантолгойн зах зээлийг маш эрчимтэйгээр булаацалдах нь гарцаагүй юм.

Covid-19-ийн улмаас Монгол Улсын нүүрсний экспорт саарсан үед Австрали, Орос нүүрсний экспортоо Хятадын коксжих нүүрсний зах зээл дээр нэмэгдүүлсэн. Тухайлбал, Орос нүүрсний экспортоо 3 хувиар нэмэгдүүлж чаджээ. Хилээ хаасан эхний улиралд буюу Монголын нүүрсний экспорт тэг зогсолт хийх үед Оросын нүүрсний нийт экспорт тасралтгүй нэмэгджээ.

Оросын нүүрсний салбар асар хурдацтай хөгжиж, дэд бүтэц, баяжуулах үйлдвэрүүд нь жилээс жилд хүчирхэгжиж байгаа бөгөөд сүүлийн 20 жилд дэлхийн нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа 3.5 дахин тэлж чадсан байна. Тус улс 2024 он хүртэл дотоодын нүүрсний олборлолтоо жилд 448-530 сая тонн, 2035 он хүртэл жилд 485-668 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

ОХУ-ын Эрчим хүчний яамнаас эрчим хүчний салбарыг 2035 он хүртэл хөгжүүлэх стратеги боловсруулж, ойрын 15 жилийн хугацаанд дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг эрс нэмэгдүүлж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Шинэ стратегийн дагуу ОХУ-ын дотоодын нүүрсний хэрэглээ 2035 он гэхэд одоогийнхоос (196 сая тонн хүртэл) 12 гаруй хувиар өсөх бол дэлхийн экспортын зах зээл дээрх Оросын нүүрсний эзлэх хувь одоогийн 11 хувиас өсч, 25 хувь болно гэж тооцоолжээ. Оросын нүүрсний томоохон зах зээл нь Ази, Номхон далайн улсууд, Зүүн Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Африк байх нь. Тус улсын Засгийн газар дотоодын томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн нүүрсний голлох хэрэглэгчдийг "онилж" буй юм.

ОХУ-ын "Колмар" групп жилийн 12 сая тоннын хүчин чадалтай, Инаглинский уурхайд түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрээ өнгөрсөн 2020 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан. Улмаар 2021 оноос Хятадад 15-18 сая тонн коксжих нүүрс нийлүүлэх Элга ордын төсөлд БНХАУ-тай хамтрахаар болсон билээ.

Оросын Элга ордын төслийг хэрэгжүүлэгч “Эльгауголь” компани Хятадын “GH-Shipping”-тай хамтарсан компани байгуулж, нүүрсний экспортын тээвэрлэлтийн найдвартай сүлжээ бий болгохыг зорьж байгаа аж. Уг орд нь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй юм.

Элга ордын коксжих нүүрсийг Хятад руу нийлүүлэх хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 сая тонн, түүнээс цааш 45 сая тоннд хүргэх аж. Түүнчлэн баяжуулах үйлдвэр шинээр байгуулах, Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг 30 сая тонн хүртэл нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дээрх ажилд нийт 130 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж