Эрх чөлөөний хөлөг дээрх тав хоног

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Эрх чөлөөний хөлөг дээрх тав хоног

Эрх чөлөөний хөлөг онгоцон дээр тав хонолоо. Хаана вэ гэж үү. Хаа сайгүй тэнүүчилж явдаг оюун санааны эрх чөлөө гэдэг хүн бүрт туйлын аз жаргалыг өгдөг ажээ. Харин энэ аз жаргалыг мэдэрсэн нь мэдрээгүйгээсээ хавьгүй цөөн байдаг нь харамсалтай.

Монголын Либертари сан, Нээлттэй академиас хамтран жил бүр зохион байгуулдаг “Эрх чөлөө” зуны сургалтыг  энэ сарын 2-6-нд байгалийн үзэсгэлэнт “Ёл хад” амралтын газарт зохион байгуулсан юм. Хүмүүс бид төрөл садан, нутаг ус, хэл соёл, шашны үзлээс гадна өөрсдийн үнэт зүйл, үзэл санаа, нийгэмд хандах чиг хандлагаараа нэгдэж чаддаг билээ. Амьдарч буй нийгмийнхээ үнэт зүйлийг эргэцүүлэн чөлөөт нийгмийн үндсэн зарчмуудад суралцан бясалгах боломжийг энэ сургалт олгосон юм.

Чөлөөт нийгэм гэж бидний бахархах, бяралхах дуртай том сэдвийн амин сүнс нь эрх чөлөөний зарчмууд аж. Бид юуг эрх чөлөө гэж ойлгох вэ? Өнөөдөр энэ талаар хүмүүс, ялангуяа залуус зөв ойлголт авч, чөлөөт нийгэм дэх хэм хэмжээнд эрх чөлөөгөө ханатал эдлэхийг хүсэх болжээ. Энэ удаагийн сургалтад хамрагдсан залуус ч мөн л ийм зорилгоор нэгдэж ирсэн байлаа. Одоогийн залуусыг ном уншдаггүй гэж шүүмжлэх “томчууд” цөөнгүй. Харин  тэнд либертари үзлийн нэгэн гол төлөөлөгч Айн Рэндийн “Эх сурвалж”, “Атлантын нуруу тэнийв” алдарт зохиолуудыг оюун санаандаа шингээсэн, үүний тулд тус бүр 1000 гаруй хуудастай дээрх номуудыг бараг цээжилсэн залуус цуглажээ. Дээрх хоёр номыг уншигчийн тоо Библийн судрыг уншигчдынхаас давж мэдэхээр байгаа гэсэн мэдээ байдаг. Эрх чөлөөний хичээл нь ширээний ард бус чөлөөт нийгэм дэх чөлөөт мэтгэлцээний журмаар явагдаж, үзэл санааныхаа талаар жинхэнэ утгаараа “ном хаялцана” гэгч болж байлаа.

 “Эрх чөлөөнд суралцаагүй хүн өөрөө эрх чөлөөнийхөө дайсан байдаг” ажээ. Эрх чөлөөний үндсэн зарчим нь юуны өмнө хүн өөрийгөө өмчлөх үзэл юм. Хувь заяагаа өөрөө мэдэх эрхээ эдэлж чадахгүй бол хэн нэг нь чиний хувь заяаг мэдэх боломжийг олгож, хүлээн зөвшөөрсөнтэй адил. Үнэндээ хэн нэгэн, бүр эцэг эх, хамт олон чинь ч таны  хувь заяаг мэдэх эрхгүй билээ. Мөн та ч хэн нэгний амьдралыг мэдэх эрхгүй. Харин хүн бүр эрхийнхээ төлөө зүтгээд байвал нийгэм яаж оршин тогтнох билээ. Тэгвэл эрх чөлөөг дагаж хариуцлага ирдэг ажээ. Үнэндээ эрх чөлөөтэй байх нь эрх чөлөөгүй байхаас хамаагүй хүнд, хэцүү юм. Эрх чөлөө бол сонголт юм. Бурхан хүнд атаархдаг. Юунд вэ гэвэл хүн сонголт хийж чаддагт нь атаархдаг гэж энэ үзэлд сургасан байдаг.

Наад зах нь та боолчлогдож амьдрах уу, бусдыг боолчилж амьдрах уу гэдгээ сонгоно гэсэн үг. Гартаа гавгүй ч боолчлогдохыг хүсч амьдардаг хүн олон байдаг. Энэ бол оюун санааны эрх чөлөөгүй, нийгмийг хөдөлгөж бус, хөдөлгөгчдийг дагаж амьдардаг хоёрдогч хүмүүс юм. Тэд хариуцлагаас айхын эрхэнд өөрийн хүсэлтээр хариуцлагаа бусдад тохдог. Гэхдээ эрх чөлөөгөө хамт өгч байгаагаа анзаардаггүй ажээ. Гэхдээ эрх чөлөөг дур зоргоос ялгах ёстой. Өөрөөр хэлбэл бусдад хохирол учруулахгүйгээр амьдарч, хөгжиж чаддаг байх учиртай. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Индидуализм буюу оюун санааны эрх чөлөө” сэдвээр хичээл заасан. УИХ дахь цэвэр либертари үзэлтэй хоёрхон гишүүний нэгэн тэрбээр энэ удаагийн сургалтын зохион байгуулагч төдийгүй гол хичээлүүдийг заасан юм. Түүний хичээлүүдээс иргэний нийгмийн тухай ойлголт хамгийн ихээр анхаарал татаж байв.
Эрх чөлөөний зарчмуудыг ярихын тулд иргэний нийгэм гэсэн  ойлголтыг заавал ярих хэрэгтэй болдог. Төр иргэн бүрийн хүсэл сонирхлыг сонсож, биелүүлдэггүй. Тиймээс иргэний нийгэм хүмүүсийн сайн дурын үндсэн дээр бий болдог.”Иргэний нийгмийн дайсан бол хувь хүний эрх чөлөө бус засаг төр юм” гэж либертари үзэлд номлодог байна. Харин худалдаа арилжаа иргэний нийгмийг байнга хөхиүлэн дэмждэг аж.

Энэ удаагийн зуны сургалтын үеэр хуульч М.Батсуурь “Хувийн өмч ба чөлөөт зах зээл” сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлсэн. “Эдийн засаг бол сонголтын ухаан. Сонголтын нөгөө талд алдагдсан боломж байдаг” хэмээсэн түүний тодорхойлолт эдийн засгийн талаарх бидний уламжлалт ойлголтоос тэс өөр төдийгүй оновчтой байлаа. Эдийн засгийн эрх чөлөө гэгчийг ойлгохын өмнө чөлөөт зах зээлийн бүтцийн талаар ярих хэрэгтэй болов. Нийгмийн гишүүн бүр өөрийн баялгийг бүтээхийн тулд оюун ухаан, бие махбодын хувьд  өөрийгөө эзэмших хэрэгтэй бөгөөд үүнийг Үндсэн хуулиар олгодог билээ. Үүний үр дүнд бүтээсэн баялгаа өмчлөх эрхтэй болдог. Улмаар энэ баялгаа солилцох, арилжих эрх чөлөөг эдэлдэг. Харин төр энэ бүх харилцаанд нь аль болох бага оролцох хэрэгтэй бөгөөд эсвээс мөнөөх сайн дурын харилцаа алга болдог ажээ. Энд нэгэн жишээ дурдъя. XVI зууны үед Франц улсад далайн худалдаа ихээхэн хөгжсөн. Энэ үед Францын хаан худалдаачидтайгаа уулзаж “Далайн худалдааг улам сайн хөгжүүлэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ?” хэмээн асуужээ. Хариуд нь “Та юу ч хийх хэрэггүй. Дэлхий өөрөө эргэдэг билээ” гэсэн хариу сонссон байна. Үнэхээр бизнесийн хөгжилд төрийн оролцоо бага байх тусмаа тэр нь тус нэмэр болдог байна. Өнөөдөр Монголд мөнгө гуйвуулах “Mоney gram”  “Western Union” үйлчилгээ гэж бий. Үүнд төр оролцохгүй байгаа учраас сайн хөгжиж  байгаа. Яагаад оролцохгүй байна вэ гэхээр төр яаж оролцохоо мэдэхгүй байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн зарим харилцаанаас төр хоцорч яваа болохоор саад хийж чадахгүй. Гэтэл энэ нь уг зах зээл сайн хөгжих үндэс болсон байх жишээтэй. Дээрх сэдэв маш олон ухагдахууныг хөндсөн, харьцуулалт ихтэй том сэдэв байлаа. Энэ үеэр бас нэгэн сонирхолтой тоо баримтыг дурдсан нь Герман улс иргэдийнхээ өмчийг бүртгэхэд 60 жил, АНУ 120 жил зарцуулсан байна. Манайх ч гэсэн бүртгэлийн талаар ярьж эхлээд байгаа. Хэдэн жил зарцуулахыг бүү мэд. Ямар ч байсан өмчийг бүртгэснээр үнэ нь өсдөггүй, зөвхөн баталгааждаг гэдэг нь батлагдсан ойлголт. Нөгөөтэйгүүр “Эдийн засгийг хянана гэдэг бол бүгдийг хянана гэсэн үг” хэмээн Ф.Хаяк хэлсэн байдаг.

Түүнчлэн “Ардчилал”, “Тэгш эрх”, “Шударга ёс”,  “Рациональ сэтгэлгээ буюу бодож сурах нь”, “Хувийн өмч ба чөлөөт зах зээл”, “Эдийн засгийн логик”, “Эрх зүйт ёс ба хязгаарлагдмал засаг” зэрэг хичээл, хичээлийн үеэр өрнүүлэх мэтгэлцээн залууст мөнгөөр хэмжишгүй баялгийг өгсөн гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл залуустай чөлөөт ярилцлага өрнүүлэхийн дашрамд өнөөгийн Монголын улстөрд либертари үзэлтэн оршин тогтнохын “зовлон, жаргал”-ыг хуваалцсан нь залуусын сонирхлыг татсан. Үнэлж баршгүй оюун санааны эрх чөлөө, аз жаргалыг эдэлж, үзэл санааны их баялгаа үүргэвчиндээ хийгээд салж ядан байгаа тэдгээр залуусын гарт Монголын ирээдүй бий. Хэн нэгэн халдаж болдоггүй, булааж ч болдоггүй тэр баялгаа тэд тархиндаа, зүрхэндээ хадгалжээ. Хэт туйлшрахаас зайлсхийн, олон үзэл дундаас өөрийнхийгөө танин зөв итгэл үнэмшлээрээ нийгмийг бүтээх хариуцлага ч эрх чөлөөтэй нь салшгүй хамт буйг тэд ухаарснаараа бусдаас онцгой билээ.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж