Хөөн хэлэлцэх хугацаа: ЦЭЦ ба САЙД

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

VS

Хөөн хэлэлцэх хугацаа: ЦЭЦ ба САЙД

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны XII дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэх асуудал өнөөдөр олон нийтийн анхааралд байна.  Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн юм. Энгийнээр тайлбарлавал,  2017 оны долдугаар сарын 1-ээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Энэхүү дүгнэлтийг  УИХ-аар хүлээж авах эсэхийг шийдвэрлэх хугацаа нь энэ долоо хоногт дуусгавар болно.  Даваа гаригт МАН-ын бүлгээр Цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Улмаар Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны XII дүгнэлтийг хэлэлцээд хууль зөрчсөн гэж үзсэн. Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны XII дүгнэлтийг хүлээж авах нь зөв, буруу эсэх  талаар талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
/Дунд суудлын хуралдаан/

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шидвэрлэж, дараах дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан байна. Үүнд,

1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

3.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэж.

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Монгол Улс 2005 онд Авлигын эсрэг конвецид нэгдэж орсон. Ингэснээр нийтийн албан тушаалтанд чиг үүргээ гүйцэтгэхэд нь олгосон аливаа дархан эрх буюу хуулийн харъяаллын давуу эрх ба энэ конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг шаардлагатай тохиолдолд үр дүнтэйгээр мөрдөн шалгах, яллах ийм хэрэгт шүүхийн шийдвэр гаргах боломжийн хооронд зохих тэнцвэрийг эрхзүйн тогтолцоо болон Үндсэн хуулийн зарчимдаа нийцүүлэн тогтоох буюу хадгалахад шаардлагатай байж болох арга хэмжээнүүдийг авна гэж заасан энэхүү үүргийг Монгол Улс хүлээсэн. Хийсэн гэм буруугаа заавал хуулийн байгууллагаар шалгуулж, шүүхээр гэм буруугуу шүүлгэх ёстой гэдэг энэ зарчмуудыг дагаж Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Харамсалтай нь манай хууль хяналтын байгууллагууд хэрэг маргааныг хянан шийдвэрлэлгүй 10 жил болсон. 10 жилийн өмнөх авлигын хэргүүд 2019 хүртэл шийдэгдэхгүй явж ирсэн. Бид 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг яаж тоолох вэ гэдэг аргачлалыг шинээр тогтоосон. Тухайн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлээд яллагдагчаар татагдах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно.Яллагдагчаар татсанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэсэн зохицуулалтыг тусгасан. Одоо энэ зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

2017 оны долдугаар сарын 1-нээс үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болсон зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэдэг ийм завсрын зохицуулалт байсан. Гэтэл уг зохицуулалтаас үүдэж хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс шүүх хуралдааныг хийлгэхгүй байхын тулд янз бүрийн хүсэлт гаргадаг, өмгөөлөгчөө удаа дараа сольдог зэрэг ийм байдалтай явж ирсээр хөөн хэлэлцэх хугацааг дуусгах сонирхолтой байсан. Тиймээс үүнийг таслан зогсоохын тулд  2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг УИХ-аар баталсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болох гэж байсан тодорхой тооны хэргүүдийг сэргээж, шүүхээр шийдсэн. Олон улсын жишигт ч ийм зүйл өмнө нь тохиолдож байсан учраас хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй гэсэн олон улсын эрхзүйн шийдвэрүүд гарсан байдаг. Эрүүгийн эрхзүйд материалаг хэм хэмжээг буцааж хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний эрхзүйн байдлыг дээрдүүлж болдог. Гэтэл Эрүүгийн хуульд дотор процессийн шинжтэй хэм хэмжээ байдаг нь Эрүүгийн хуулийн 1.10 дахь заалт буюу гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлал. Энэ зарчмыг баримталж бид хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг баталсантай холбогдуулж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Цэц үүнийг буруу гэж үзсэн байна. Бид олон улсын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон хэм хэмжээнийхээ хүрээнд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж