Өмнөд Солонгосыг "сэрээсэн" хүчирхийлэл

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосыг "сэрээсэн" хүчирхийлэл

Өмнөд Солонгосыг "сэрээсэн" хүчирхийлэл

Үрчилж авсан ой дөрвөн сартай охиноо удаа дараа зодож хүчирхийлж үхэлд хүргэсэн асуудал Өмнөд Солонгосын нийгмийг цочроогоод байна. Энэ хэрэг 2020 оны аравдугаар сарын 13-нд болсон ч өнгөрсөн Бямба гаригт “SBS” телевизээр Жон Ин охины харамсалтай үхлийн талаар "Хариултгүй асуултууд" нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг гартал хэн ч уг хэргийн үнэн шалтгааныг мэдээгүй байв.

Нэвтрүүлэг цацагдсаны дараа охиныг өргөж авсан эцэг эх болон Жон, Анн нарыг Сөүлийн цагдаагийн газар баривчилж, баривчилгааны үеэр олон зуун иргэд болон сэтгүүлчид цугларчээ. Сөүлийн цагдаагийн газрын мэдээлснээр, мөрдөн байцаалтын явцад Жон Ин охины эцэг эх өөрсдийгөө буруугүй хэмээн мэдүүлж байсан ч охин бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэдгийг нотлох 800 гаруй видео бичлэг олдсон байна. Мөн задлан шинжилгээгээр "гадны нөлөөтэйгөөр хэвлийд гэмтэл учруулсан"  болох нь тогтоогджээ.

Хамгийн аймшигтай нь охины эцэг эх хэдхэн сарын өмнө “EBS” телевизийн “Энгийн нэгэн гэр бүл” хэмээн нэвтрүүлэгт орж, олонд танигдсан байв. Нэвтрүүлгийн үеэр аз жаргалтай гэр бүлийн дүр эсгэн “Зөвхөн алдартнууд ч төдийгүй энгийн хүмүүс ч хүүхэд үрчилж аваад жаргалтай сайхан амьдарч болдгийг харуулахыг хүссэн” хэмээн ярьж байжээ.

Охины эцэг эх охиныг зодох бүртээ гар утсан дээрээ бичлэг хийдэг байсан нь эцгийнх нь утаснаас илэрсэн ба охин нас барах үедээ ходоод нь задарсан байжээ. Ингээд хүчирхийлэгчид хэргээ хүлээж, тус улсын нийгэм тэр аяараа хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг шаардан цахим сүлжээнд “Уучлаарай Жон Инаа” хэмээх давалгаа өрнүүлж, Хөх ордонд шаардах бичиг хүргүүлжээ. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг давалгаанд тус улсын энгийн иргэдээс эхлээд урлаг соёлынхон, алдартнууд гээд олон зуун мянган хүн нэгдэж дуу хоолойгоо хүргэсэн байна.

Энэ хэрэг тус улсын эрх баригчдын сонорт хүрч, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин харамсч буйгаа илэрхийлээд дахин ийм хэрэг гаргахгүйн төлөө ажиллаж, хууль эрх зүйн орчноо сайжруулахаа амласан байна. Холбогдох хууль хяналтын байгууллагууд ч иргэдээс ирсэн гомдлыг хүлээн авч, цаашид хянамгай ажиллахаа илэрхийлжээ.

Учир нь охиныг бие махбодийн хүчирхийлэлд өртөж байгааг асрамжийн газрын ажилтнууд телевизийн нэвтрүүлгийн дараагаас анзаарч цагдаагийн байгууллагад хандсан ч хэрэгт хойрго хандаж,  сайн шалгаагүй өнгөрсөн нь охины үхэлд мөн нөлөөлсөн гэж иргэд үзэж байгаа юм. Одоогоор энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа ба хэрхэн шийдэгдэхийг нийгэм даяараа сэтгэл түгшин хүлээж байна.

 

ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЧУУД ТАЙВАН АМЬДРУУЛАХГҮЙ

Дээрх хэрэг ил болохоос хагас сарын өмнө тус улсын түүхэн дэх хамгийн аймшигтай хүүхэд хүчирхийлэгч этгээд 12 жилийн дараа суллагдсан асуудал мөн иргэдийг ихээхэн бухимдуулсан. Түүний хэрэг үндэсний хууль тогтоох байгууллагыг шоронгоос суллагдсан бэлгийн хүчирхийлэгчдэд зориулсан шинэ дүрмийг бий болгоход хүргэсэн. Чо Ду Соны үйлдсэн аймшигт хэргийг жигшиж зэвүүцсэн иргэдийн уур хилэн намжаагүй байхад дахин нэг бяцхан зүрх эндсэн нь нийгмийг улам цочроосон юм.

Суллагдсан даруйдаа Чо Ду Сон төрөлх хотдоо эргэн суурьших хүсэлт гаргасныг нь иргэд эсэргүүцэж, гэрийнх нь гадаа цугларч заналхийлж байв. Түүнийг суллагдах үед ч хэдэн зуун хүн цугларч, түүний сууж явсан машин руу дайрсан юм.

Үндэсний Ассемблейгаас "Чо Ду Соны хууль" гэгдээд буй хуулийн төслийг баталснаар хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтнүүдийг шөнийн болон хичээл тарах цагаар гэрээсээ гарахыг хориглосон билээ. Хуулиар ийм төрлийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг сургуулийн ойролцоо явахыг хориглодог.

Тус улсын түүхэн дэх хамгийн хэрцгий хэрэгт тооцогддог энэ хэрэг 2008 онд болсон ба тухайн үед 57 настай байсан Чо Ду Сон нэгдүгээр ангийн сурагч охиныг сургууль руугаа явж байхад нь барьцаалж сүмийн ариун цэврийн өрөөнд хүчирхийлсэн байна. Охины гэдэс дотрыг цувуулж, эргээд шалны модоор чихэж орхисон байв. Хэдий хохирогч охин өдгөө амьд ч нарийн гэдсээ тэр чигт нь авхуулж, насан туршдаа гуурстай амьдрах болсон юм. Энэ хэргийн талаар кино хүртэл гарч байсан билээ.

Тухайн үедээ согтуу байсан бөгөөд "юу ч санахгүй байна" гэж мэдүүлсэн Чо Ду Соны хэргийг хөнгөлж, 12 жилийн ял оноосон нь хэтэрхий хөнгөдсөн гэж иргэд үздэг. Түүнийг суллагдахад электрон бугуйвч зүүлгэсэн ба долоон жилийн турш цагдаагийн хараа хяналтад байхаар болсон. Цагдаагийнхан түүний гэрт  болон ойролцоох гудамж талбайг олон арван хяналтын камер суурилуулж, цагдаагийн эргүүлийг нэмж байрлуулжээ. Энэ нь зөвхөн түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхээс гадна иргэдийн айдас түгшүүрийг намжаах, мөн түүн рүү иргэд халдахаас хамгаалсан явдал байв.

Чо Ду Сон суллагдсаны дараа Ерөнхийлөгчийн тамгын газрын вэбсайтад 600 мянга гаруй хүн гарын үсэг зурж, хэргийг дахин хэлэлцэхийг уриалж, түүнийг нийгэмд буцааж оруулж болохгүй хэмээн шаардаж байв. Гэвч Засгийн газар татгалзсан хариу өгчээ. Мөн иргэдийн зүгээс аливаа гэмт хэргийг шийдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлдэг явдлыг таслан зогсоохыг шаардаж байв. Энэ асуудал одоо ч маргаантай хэвээр байгаа бөгөөд иргэд шударга шүүхийг шаардсаар байна.

Ийн Солонгосын нийгэмд хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох, хүүхдийг хохироосон бол хариуцлагыг нь нэмэгдүүлэх, хуулиа чангатгах хөдөлгөөн өрнөж эхлээд  байна. Хүмүүс жагсаал цуглаан, Хөх ордонд бичиг хүргэх, сошиал давалгааг үүсгэж байна. Тэдний тэмцэл үр дүнгээ өгөх болов уу.

Эх сурвалж: BBC, SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
339
ХарамсалтайХарамсалтай
85
БурууБуруу
21
ХөөрхөнХөөрхөн
21
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
13
ХахаХаха
11
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж