Есөн настай охин хойд аавынхаа гарт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2020 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр амиа алдсан охиныг гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон нь батлагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач охины хойд эцэг нь хэргээ хүлээсэн бөгөөд шүүх хурал нь шинэ оны өмнө товлогдсон боловч хойшлогдоод байгаа ажээ.
Хэргийн талаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Батжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Есөн настай охин хойд эцгийнхээ гарт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг 2020 оны есдүгээр сард гарсан. Энэ хэргийн шүүх хурал шинэ оны өмнөхөн болох байсан ч хойд эцгийн тал өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас хойшлогдсон. Шүүх хурал нэгдүгээр сарын 14-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болно. Манай байгууллагаас хууль ёсны төлөөлөгч, нэг өмгөөлөгч шүүх хуралд оролцоно. Хойд эцэг нь хэргээ хүлээсэн. Одоо шоронд саатуулагдаж байгаа” гэв.
Талийгаач охины эгчийг урьдчилсан шинжилгээнд хамруулахад ил харагдах шарх сорви илрээгүй. Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр гар болон хавирга өмнө нь хугарч, эдгэсэн байсныг тогтоосон тухай мэдээлж байсан.
Харин энэ талаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Батжаргал мэдээлэхдээ “Хууль хяналтын байгууллагын дүгнэлт, шинжилгээ болон ээжийнх нь өгсөн мэдүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй эгч нь хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдоогүй. Хэрэв эгч нь хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон бол манай байгууллагаас хууль ёсны төлөөлөгч томилогдон ажиллах ёстой” гэсэн юм.
Талийгаач охин өөрөө эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөн ч харамсалтай нь тусламж авч амжилгүй нас барсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Тэрээр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан. Тухайн үед холбогдох мэргэжлийн байгууллагууд ажлаа сайн хийгээгүйгээс хүүхдийн амь нас хохирсон талаар шүүмжлэл дагуулж байв. Одоо талийгаач охины ар гэрийнхэнд хорооны хамтарсан баг 14 хоногт нэг удаа хяналт тавьж, ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.
Дашрамд дурдахад, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа есдүгээр сарын 22-нд УИХ-ын гишүүдэд энэхүү хэрэг явдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ “Шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очиж яаралтай задлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай.
Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ. Гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон гэж урьдчилсан байдлаар үзэж байна” гэж мэдээлж байсан юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ