Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук саяхан Хятадад айлчлах үеэрээ Шанхайн их сургуульд орчин цагийн түүхийн сэдвээр лекц уншиж, коммунизмыг муулжээ.
Барууны улстөрчид Хятадад айлчлахдаа дэлхийн хоёр дах том эдийн засагтай оронтой харилцаагаа муутгахгүйн тулд Хятадуудыг илт шүүмжилдэггүй билээ.
Өдгөө 76 настай Йоахим Гаук амьдралынхаа ихэнх хугацааг социалист системд байсан зүүн Германд өнгөрүүлсэн юм.
Тэрбээр 1989 оны тайван хувьсгалаас өмнөх зүүн Германы социалист системийн талаар “Хүмүүс аз жаргалгүй, эрх чөлөөгүй байсан. Систем бүхэлдээ шударга бус зүйлээр дүүрэн байсан” гэжээ.
“Чөлөөт, шударга сонгууль гэж байгаагүй. Удирдагчид болон тэдний залгамжлагчид, иргэдийн дунд үл итгэлцэл л байсан” хэмээн ярьсан байна. Хятад эдийн засгийн салбарт чөлөөт бодлого явуулсан ч Коммунист намыг эсэргүүцсэн тэрс үзэлтнүүдэд хайр найргүй ханддаг нэг намын системээ өөрчилж чадаагүй, иргэний хөдөлгөөн, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг барьж хорьж байгаад санаа зовниж буйгаа тэрбээр илэрхийлжээ.
Н.ЭНХ