Хүүхдийн фондын мөнгийг хүүхдэд нь зарцуулъя!

Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

Хүүхдийн фондын мөнгийг хүүхдэд нь зарцуулъя!

Хүүхдийн фондын мөнгийг хүүхдэд нь зарцуулъя!

Соёлын яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг 48 жилийн дараа дахин байгуулав. Фондын анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг хуучин оны заагт /2020.12.30/ зохион байгуулсан билээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хөрөнгө цуглуулах Монгол туургатан уран бүтээлчдийн цахим тоглолтын хандивын дансанд 2 тэрбум 222 сая төгрөг цуглараад буй. Энэхүү фондод өнөөдрийн байдлаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага хандив өргөжээ. Хүүхдийн төлөө гэх тодотголтой уг фонд нь “хүүхдийн нэр барьж мөнгө угаах арга биш биз” гэх хардлага, шүүмжлэл ч олон нийтийн зүгээс гаргасан.

ХАНДИВЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНД ШИЛЖҮҮЛЭХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээлснээр улсын хэмжээнд бүртгэлтэй 21 мянга гаруй төрийн бус байгууллага /ТББ/-аас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 орчим л байдаг гэх.

Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллагуудаар дамжуулан мөнгө угаадаг гэх асуудал нь Монгол Улс саарал жагсаалтад орох нэг шалтгаан болжээ. Энэ ч үүднээс ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд шилжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж.

Тэрбээр “Засгийн газрын хажуугаар ТББ байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино. УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компаниуд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа" гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.

 “Хүүхдийн төлөө фондыг Соёлын яам санаачилж, ТББ-ыг Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатар, "Sound of Mongolia" продакшны захирал Х.Дамдинсүрэн нар байгуулсан.

Соёлын яамны мэдээлснээр одоогоор хандивт цугласан хоёр тэрбум орчим төгрөгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулах гэнэ.

ХАНДИВЫН ДАНСАНД ЦУГЛАСАН ХӨРӨНГИЙН ЗАХИРАН ЗАРЦУУЛАЛТАД ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ

Соёлын дэд сайд М.БАТБАЯР: 

-Монголчууд бид сүүлийн 30 жил хүүхдэд зориулсан орон зайг хумьж, үгүй болгосон. Хүүхдийн гэх тодотголтой зүйлсээ устгаж, байхгүй болгосон. Үүнийг хүн бүр мэднэ. Иймд Соёлын яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг дахин сэргээхээр Засгийн газрын тогтоол гарсан. Хүүхэд залууст зориулсан энэхүү фондод цугласан хөрөнгөөр бүтээн байгуулалт өрнүүлэхэд нийт 43 мянга гаруй хүн дэмжээд байна. Энэхүү фондод анхны хандив цуглуулахад уран бүтээлчид чин сэтгэлээсээ дэмжиж, арванхоёрдугаар сарын 30-нд цахим тоглолт зохион байгуулсныг та бүхэн мэднэ. Одоогоор хандивын дансанд 2 тэрбум орчим цугласан.

Хандивын мөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг бүтээн байгуулалтад зарцуулна. Ирэх дөрөвдүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Иймд хандивт цугласан мөнгийг захиран зарцуулах асуудалд эргэлзэх хэрэггүй. Харин нэр бүхий УИХ-ын гишүүний байр суурьтай санал нийлэхгүй.

Хүн төрөлхтөн ирээдүйн төлөө бүтээн байгуулалтад бодлого чиглэл боловсруулж ирсэн.Бид бүхэн хүнд хэцүү үед ч 1940-өөд онд Дуурийн театраа байгуулсан түүх бий. Тиймээс  нөхцөл байдал хүндхэн байгаа ч өнөөдөртөө биш  ирээдүйд хүүхдэд зориулсан орон зайг бүтээнэ гэлээ.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС ИЛҮҮ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛД АНХААРЛАА ХАНДУУЛ!

Монголчууд хүүхдийнхээ төлөө за хэмээн дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бүтээн байгуулалтаас илүүтэй өнөөдөр “Хүүхдийн төлөө фонд”-д цугласан мөнгөөр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд анхаарах бодит ажил хэрэгтэй.

Тухайлбал, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг эх орондоо эмчлэх зорилго бүхий “Зүрх мартахгүй” төсөлд тус сангийн хөрөнгөөс дэмжлэг үзүүлэхэд л олон мянган бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэнэ. Энэ тухай “Сонгдо” эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор Б.Болдсайхан цахим хуудастаа санал дэвшүүлжээ.

Түүний хэлснээр “Хүүхдийн төлөө фонд”-д цугласан хөрөнгөөс тодорхой хувийг “Зүрх мартахгүй” төсөлд олгоход бяцхан зүрхний төлөө зориулах гэнэ. Цаашилбал, хөл хорионы улмаас гэртээ “хоригдож” буй хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орох, хүчирхийлэлд өртөж байгаа нь нууц биш. Хаалттай хаалганы цаана хайртай дотны хүнийхээ гарт эрүүл мэнд, амь насаараа хохирсоор буй хүүхдүүдэд хараа хяналт, халамж, тусламж хэрэгтэй. Өнөөдөр covid-19 халдвараас илүү хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хурцаар яригдах болж, энэ чиглэлд дорвитой ажил хийхийг мэргэжилтнүүд сануулсаар байна.

“Үжин” төвийг үүсгэн байгуулагч зөвлөх Б.Ундраа “Хүүхдийн гэх шошготой олон арван тогтоол, зарлиг, тушаал байдаг ч гэлээ амьдрал дээр нэг нь ч бодитоор хэрэгжиж, үр дүн нөлөө үзүүлэхгүй байна. Бүр хоёр жил дараалан “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгож зарлаад байхад л хүүхэд гэмт хэрэгт өртөж, амь насаараа хохирч, бэртэж гэмтсэн гэмт хэргийн тоо буурахгүй байна.

Энэ олон бичиг баримт үнэндээ цаас төдийхөн байгааг, цаашид энэ хэвээр биш арга барилаа өөрчилж ажиллах ёстойг харуулж байна. Хатуухан хэлэхэд, Монгол Улсын “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн тэргүүн У.Хүрэлсүхийн номер нэгдүгээрт хийх ажил бол хүүхдийн хөгжил хамгааллын асуудалд анхаарлаа хандуулж дорвитой, бодит хөрсөн дээр буусан шийдвэрийг гаргах болчхоод байна” гэжээ.

Тоон баримт  сөхвөл, өнгөрсөн оны арван сарын байдлаар гэмт хэргийн улмаас 98 хүүхэд нас барж, 415 хүүхэд бэртэж, 1010 хүүхэд хохирчээ. Мөн 200 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл 2019 оныхоос өссөнийг албаны хүмүүс хөл хориотой холбон тайлбарладаг. Гэтэл эрх мэдэлтнүүд хүүхдийн нэрээр сонгуулийн санхүүжилтээ босгож, сүүлчийн боломжийг нь хулгайлах нь хэр зөв зохистой үйлдэл вэ. Хүүхдийн нэрээр гуйлга гуйж суухаар татвар төлөгчдийн мөнгийг хүүхдэдээ зарцуулах хэрэгтэй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж