“Харвони” эмийг хөнгөлөлттэйгөөр олгоно

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

“Харвони” эмийг хөнгөлөлттэйгөөр олгоно

Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр иргэдэд олгох асуудлыг шийдвэрлэхээр гурван яам хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байгаа талаар өнөөдөр мэдээллээ. Учир нь иргэдийн зүгээс 2016 оны төсөвт эрүүл мэндийн даатгалын санд 30 тэрбум төгрөгийг суулгаж, “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалаас үнийг нь 80 хувийн хөнгөлөлттэй олгох асуудлыг түргэн шийдвэрлэхийг шаардсан юм. 

Энэ үеэр ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл “Харвони” эмийг хөнгөлөлттэйгөөр олгох ажил нааштай шийдэгдэхээр болсон гэдгийг дуулгалаа. Тэрбээр “Эрүүл мэнд, спортын яамнаас гуравдугаар сарын 22-нд “Харвони” эмийг жагсаалтад оруулж, баталсан.  Энэ жагсаалтыг манай яаманд ирүүлсэн тохиолдолд асуудал хурдан шийдэгдэж, Харвони эмийг хөнгөлөлттэй үнээр олгоход асуудалгүй.  Гэхдээ Сангийн яамны зүгээс санхүүжилтийг шийдвэрлэх асуудал бий” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Сангийн сайд Б.Болорын зүгээс энэ асуудалд биечлэн анхаарч, хариуцаж ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Энэ зургаа дугаар сард багтаж 2016 оны төсвийн тодотгол хийнэ. Тиймээс “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг өөрийн биеэр хариуцаж шийдвэрлэх болно хэмээн Сангийн сайд Б.Болор мэдэгджээ. Ямартай ч “Харвони” эмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудалд ЭМСЯ, ХАХНХЯ, Сангийн яам хамтран ажлын хэсэг байгуулж, үндсэндээ шийдэгдэх шатандаа явж байгаа гэх мэдээллийг өнөөдөр өгсөн юм.

“Харвони” эмийг өнгөрсөн сард оруулж ирэн, эхний ээлжийн 1600 иргэнд олгосон. эмээ уусан иргэдэд эхнээсээ сайн дүн мэдрэгдэж эхэлжээ. Иргэдийн хувьд ганцхан хайрцаг “Харвони” эм авахын тулд иргэд нийтдээ гурван сая орчим төгрөг зарцуулж байгаа юм.  Гэвч тэд нийтдээ гурван хайрцгийг ууж өвчин нь бүрэн илаарьших юм. Гэтэл Монгол Улсад элэгний С вирустэй 150 мянган хүн бий гэх судалгаа гарсан. Тиймээс иргэдийн зүгээс “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтад оруулах хүсэлтийг гаргасаар байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж