УИХ-д анх өргөн барьснаас хойш улс төрийн зөвшилцөлд хүрч чадахгүй байсаар анхны хэлэлцүүлэгт орж байгаа хууль бол Шүүхийн тухай багц хуулийн төсөл. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьснаас хойш есөн сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Шүүхийн тухай багц хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн ч өөрөө төслөө татсан.
Тэрбээр хуулийн төслөө татахдаа “Харамсалтай нь Монгол ардын намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэхгүй гэдгээ зарлан, төрийн ёсыг умартсан, илэрхий гүжирдсэн, олон нийтийг төөрөгдүүлэх тодорхой зорилготой, эрээ цээргүй дайрсан мэдэгдлүүд хийж, асуудалд хүч түрж, хэт улс төржсөн байдлаар туйлын бүдүүлэг хандсан нь эмгэнэлтэй гэхээс өөр дүгнэлтгүй болгож байна. Шүүхийн асуудал бол хэдэн шүүгчийн биш ард иргэдийн амьдрал, хувь заяатай холбоотой асуудал гэдгийг би сая хэлсэн. Би энэ зарчмын хүрээнд шүүхийн асуудалд хандаж байгаа, цаашид ч ингэж хандах тул элдвээр мушгин гуйвуулж, улстөржихгүй байхыг” МАН-ын бүлэгт анхааруулсан. Харин эрх баригчдын хувьд шүүхийн тухай багц хуулийн төслийг заавал хэлэлцэж, батлах ёстой гэсэн зарчим баримталж буй.
Шинэ оны өмнө энэ хуулийг хэлэлцэх байсан Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар он дамжин, өчигдөр /2021.01.05/ байнгын хороо анхны хэлэлцүүлгийг нь шөнө дөл болтол хийлээ. Одоогийн хэлэлцэж буй Шүүхийн багц хуулийн талаар судлаачид, хуульчид ам сайтай байгаа. Гэхдээ тэр дундаа эрх баригчид өөрсдөдөө хэт давуу эрх үүсгэчих вий гэсэн болгоомжлол ч бий.
ШҮҮХИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ
Одоо хэлэлцэгдэж буй хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хороо гэх институцийг бий болгож байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл нь 10 гишүүнтэй байх бөгөөд Хууль зүйн байнгын хороо, Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Шүүгчдийн зөвлөлөөс сонгож шалгаруулж, томилно. Энэ институциуд нь шүүгчид хариуцлага тооцдог, тэдний эрх ашгийг хамгаалдаг, хараат бус ажиллахад нөлөөлнө гэж зохицуулалт оруулж өгсөн. Энэ хорооны саналыг үндэслэн Ерөнхийлөгч шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр тусгасан. Шүүхийн сахилгын хороо нь 9 гишүүнтэй байх бөгөөд Шүүгчдийн зөвлөлөөс 4, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 3, Ерөнхийлөгч 1, хууль зүйн асуудал эрхэлсэн зөвлөл, Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн сайд тус бүр 1, бусад нь орон тооны бус гишүүн байхаар зохицуулсан. Энэ хороо шүүхийн хараат бус байдал, шүүгчдийн эрхийг хамгаалах, хариуцлага тооцдог байхаар хуульд тусгасан.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн эрх мэдэл илүү их “хумигдаж” байгаа гэсэн үг. Хэрэв Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдвол Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо нь Үндсэн хуулийн Цэцэд хандах боломжийг ч энэ хуулиар нээж өгч буй.
Мөн хуулийн төслийг хэрэгжүүлэхэд тодорхой зардал гарах учраас хуулийн үйлчлэлийг 2021 оноос хэрэгжүүлэхээр хууль санаачлагчид тусгасан. Гэхдээ хуулийн үйлчлэлийг хэлэлцүүлгийн явцад өөрчлөх боломжтой юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ БҮХ ШҮҮГЧИЙГ ТОМИЛОХГҮЙ
Үндсэн хуулиар Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн шүүгч нарыг томилох, Үндсэн хуулийн Цэцийн гурван хүнийг нэр дэвшүүлэн томилж байгаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж чадахгүй байна гэж шинэ хуульд үндэслэл болгосон. Эрх баригчид, Ерөнхийлөгчтэй нийлж ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч нарыг томилдог, чөлөөлдөг байдлыг халж байгаа. Түүнээс гадна одоо хэлэлцэж буй хуульд шүүгчид тавигдах босгыг өндөрсгөж, Улсын Дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухай шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 3 жилийн хугацаагаар сонгож, 1 удаа улируулах томилж болохоор, танхимын тухай шүүхийн Ерөнхий шүүгч томилж, чөлөөлөхөөр тусгасан. Шүүхийн тухай багц хуулийн төсөлд шүүгч нарыг Ерөнхийлөгч томилдог байдлыг халахаар зохицуулсан. Тодруулбал, шүүхийн бие даасан, хараат байдлыг хангахын тулд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг Ерөнхийлөгч томилдог зохицуулалтыг өөрчилөхөөр тусгасан. Ингэхдээ,
Шүүхийн ерөнхий зөвлөл нь дагнасан шүүхийн шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр шүүхийн шүүгчээр томилуулах тухай саналыг гаргаж томилуулсан, мөн Ерөнхийлөгч шүүгч нарыг тойргийн шүүхэд нь буцаан томилохдоо нийт 490 шүүгчээс 397-г нь томилж, 12 шүүгчийг ямар нэг шалтгаан, үндэслэлгүйгээр буцаан томилоогүй тохиолдол гарч байсныг үндэслэл болгожээ.
Тиймээс шинэ хуулиар Ерөнхийлөгч бүх шүүгчийг томилохгүй, зөвхөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч нарыг томилоход оролцох боломжтой болж байгаа юм. Энэ нь мэдээж одоогийн Ерөнхийлөгч төдийгүй цаашид ч зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчид тийм ч таатай заалтууд биш. Эрх барьж байгаа намд давуу эрх очихоор болж буй.
Үндсэндээ энэ удаагийн Шүүхийн багц хууль шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг бий болгож байгаа ч улс төрийн өнцгөөс авч үзвэл Ерөнхийлөгчид байсан эрх мэдэл Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдад шилжиж байна гэж хэлж болно. Шүүхий ерөнхий зөвлөлийн 10 гишүүнээр хэнийг сонгох, намын шахаа үүсгэхгүй бол шүү дээ. Ямар ч гэсэн хуулийн төсөл 9 сар гацаж, Ерөнхийлөгчтэй “муудалцаж”, эцэст нь анхны хэлэлцүүлэг рүү орж ирлээ. Харин эрх баригчид энэ хуулиа хамгаалаад гарах уу эсвэл гэдгийг ирэх өдрүүдэд харах болов уу. Энэ хуулийн зүйл заалт бүр иргэн, аж ахуй нэгж гээд хэнбугайтай ч хамааралтай учраас нийтээрээ чих тавих хүлээж буй. УИХ-ын гишүүд олон сар ажилласан ажлын хэсгийн дүгнэлт саналуудын өнгө зүсийг нь хувиргачихгүй бол судлаач, хуульчдын зүгээс энэ хуулийн төслийг дэмжсэн байр суурьтай байгааг энд тодотгоё.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ