IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо 2021 оны тэмцээн уралдааны нээлтээ дэлхийн мастерсаар эхэлж байна. Таван тивийн 69 орны 398 шилдэг жүдочид ирэх нэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын нийслэл Доха хотод хуран чуулахад бэлэн болжээ. Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 10 жинд 16 шилдэг жүдочин явахаар мэдүүлгээ өгч, PCR шинжилгээнд хамрагдаад байгаа аж. Жүдочдыг Улаанбаатар хотоос "Хүннү Эйр" авиа компани Доха хотод нэгдүгээр сарын 8-ны өдөр хүргэх гэнэ.
Эрэгтэй, эмэгтэй жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 36-д эрэмбэлэгдэж буй жүдочид зодоглох болно.
МОНГОЛЫН ШИЛДЭГ 16 ЖҮДОЧИН ДОХАГ ДАЙЛААР МОРДОНО
Монголын эрэгтэй, эмэгтэй жин тус бүрийн шилдгүүд Дохаг зорих болно. Ойрын үед зохион байгуулагдаагүй олимпийн эрхийн оноо олгох чухал тэмцээн жүдочдыг хүлээж байна. Угтаа эрэгтэйчүүдийн -100 кг жинд мастерсийн мөнгөн медальт Л.Отгонбаатар зодоглох байсан ч бэрлтийн улмаас оролцох боломжгүй болжээ.
Токиогийн олимпийн наадамд албан ёсоор оролцох жүдочдын нэрс ирэх 2021 оны зургадугаар сарын 28-ны өдөр гэхэд тодорхой болно.
Дохаг зорих эрэгтэй жүдочид:
- -60 кг жинд мастерсийн гурван хүрэл медальт, жингийнхээ дэлхийн чансааны 15-д эрэмбэтэй Д.Амартүвшин
- -60 кг жинд дэлхийн чансааны 26-д эрэмбэтэй Л.Өнөболд
- -66 кг жинд мастерсийн алт, мөнгөн медальт, дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй Г.Хэрлэн
- -66 кг жинд мастерсийн хүрэл медальт, дэлхийн чансааны долдугаарт эрэмбэтэй Ё.Басхүү
- -73 кг жинд дэлхийн чансааны 21-д эрэмбэтэй Ц.Цогтбаатар
- -73 кг жинд мастерсийн мөнгөн медальт дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Г.Одбаяр
- -81 кг жинд дэлхийн чансаанд зургадугаарт эрэмбэтэй Сайед Моллай
- -81 кг жинд дэлхийн чансааны 28-д эрэмбэтэй О.Ууганбаатар
- -90 кг жинд дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Г.Алтанбагана
- +100 кг жинд дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Ө.Дүүрэнбаяр
Дохаг зорих эмэгтэй жүдочид:
- -48 кг жинд мастерсийн алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн чансааны долдугаарт эрэмбэтэй М.Уранцэцэг
- -48 кг жинд мастерсийн мөнгөн медальт, дэлхийн чансааны 18-д эрэмбэтэй Г.Наранцэцэг
- -52 кг жинд дэлхийн чансааны 16-д эрэмбэтэй Л.Сосорбарам
- -52 кг жинд дэлхийн чансааны 26-д эрэмбэтэй Б.Хорлоодой
- -57 кг жинд мастерсийн дөрвөн алтан медальтай, дэлхийн чансааны 13-д эрэмбэтэй Д.Сумъяа
- -63 кг жинд дэлхийн чансааны 19-д эрэмбэтэй Б.Ганхайч
Дохаг зорих дасгалжуулагчид:
- Ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар
- Дасгалжуулагчид ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар
Одоогийн байдлаар Монгол Улсаас М.Уранцэцэг, Г.Хэрлэн, Сайед Моллай, Ё.Басхүү, Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Л.Сосорбарам, Ц.Цогтбаатар, Д.Амартүвшин, Г.Одбаяр, Б.Ганхайч, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр, О.Ууганбаатар, Г.Болдбаатар, Г.Алтанбагана нар олимпийн эрхийн байрлалд багтаж байна.
Дэлхийн эрэгтэй, эмэгтэй 14 жинг тэргүүлсэн жүдочид шууд олимпийн наадамд оролцох эрхтэй бол Монгол шиг жин тус бүрдээ нэгээс илүү жүдочид нь олимпод оролцох боломжтой улсын хувьд хэнийг нь олимпийн наадамд илгээхээ тухайн улсын олимпийн хороо шийдэх юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар одоогоор хоёулаа олимпод оролцох боломжтой байгаа бөгөөд хэн нь Токиог зорихыг олимпийн хороо шийднэ.
Саяхан 2019 оны дэлхийн аварга Жоширо Марүяама болон 2017, 2018 онуудын дэлхийн аварга Хифүми Абэ нар халз барилдан хэн нь ирэх жил Токиогийн олимпод -66 кг-ийн жинд Япон улсыг төлөөлөхөө шийдсэн билээ. 20 минут үргэлжилсэн ширүүн барилдааны эцэст Хифүми Абэ ялалт байгуулж, улсаа төлөөлөн олимпод оролцохоор сонгогдсон бол Жоширо Марүяама 2024 оны Парисын олимпийг хүлээх хэрэгтэй болов.
ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДИЙН ТУЛААН БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Цар тахлын улмаас ойрд зохион байгуулагдаагүй томоохон тэмцээн жүдо сонирхогчдыг хүлээж байна. Японы шигшээ багаас бусад бүхий л дэлхийн шилдэг баг тамирчид мастерст оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тодруулбал, жин тус бүрийнхээ дэлхийн чансааг тэргүүлэгчид болох Италийн Мануэль Ломбардо, Бельгийн Маттиас Кассе, Францын Тедди Ринер, Маделейне Малонга, Клариссе Агбегнену, Косовогийн Дистриа Красники, Майлинда Келменди Украины Дариа Билодид, Израилийн Саги Муки, Өмнөд Солонгосын Ан Баул, Ан Чаньрим, Кубын Идалис Ортиз зэрэг шилдгүүд зодоглоно.
Сайны хажуугаар саар гэгчээр энэ удаагийн Дохагийн мастерсийг өнжиж буй дэлхийн шилдгүүд мөн бий. Жишээлбэл, олимп, дэлхийн мөнгөн медальт Азарбайжаны Рустам Оружав, дэлхийн алт, мөнгөн медальтай Испанийн Николоз Шеразадишвили, олимп, дэлхийн аварга Чехийн Лукаш Крпалек, дэлхийн аварга Канадын Криста Дегүчи, олимп, дэлхийн аварга Словенийн Тина Трстеньяк зэрэг бөмбөрцгийн бөхчүүд зодоглохгүй. Дээр хэлсэнчлэн Японы жүдогийн шигшээ баг мэдүүлгээ ирүүлээгүй учир Фүна Тонаки, Юта Абэ, Цүкаса Ёшида, Микү Таширо, Чизүрү Араи, Шори Хамада, Акира Сонэ, Наошиса Такато, Шохэй Оно, Таканори Нагасэ, Шойчиро Мүкай, Ааран Вүлф, Хисаёоши Харасава, Хифүми Абэ, Жоширо Марүяама тэргүүтэй Японы алдар цуут жүдочид оролцохгүй гэсэн үг.
Япон улс олимпийн наадмыг зохион байгуулах орон учир спортын төрөл бүр дээр цагаан хуудсаар баг тамирчдаа чөлөөтэй бүрдүүлэн оролцоно.
ЧИНДАОГИЙН МАСТЕРСИЙГ ЭРГЭН САНАЯ
Чиндаогийн мастерс 2019 оны арванхоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдан дэлхийн 67 орны 445 шилдэг жүдочид зодоглосон юм. Тэмцээний хувьд эрэгтэйчүүдийн -60 кг жинд Японы Рюүжү Нагаяама, -66 кг жинд Италийн Мануэль Ломбардо, -73 кг жинд Японы Сойчи Хашимото, -81 кг жинд Бельгийн Маттиас Кассе, -90 кг жинд Гүржийн Лаша Бекаури, -100 кг жинд Нидерландын Майкл Коррел, +100 кг жинд Японы Хисаёоши Харасава нар түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн -48 кг жинд Косовогийн Дистриа Красники, -52 кг жинд Японы Ай Шишимэ, -57 кг жинд Хойд Солонгосын Ким Жин А, -63 кг жинд Японы Нами Набэкүра, -70 кг жинд Нидерландын Ким Поллин, -78 кг жинд Францын Фанни Эстелле Посвите, +78 кг жинд Нидерландын Тесси Савелкулс нар тус тус тэргүүлжээ.
Багийн амжилтын хувьд Японы улс таван алт, хоёр мөнгө, таван хүрэл медальтай тэргүүлсэн бол тэдний араас гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай Нидерландын баг болон нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн Францын баг удаалжээ. Монгол улсын хувьд хоёр мөнгөн медаль, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай 67 орноос есдүгээр байранд жагсч байжээ. Монгол улсаа төлөөлж тухайн үед 20 жүдочин зодоглосон бөгөөд эмэгтэйчүүдийн -48 кг жинд барилдсан Г.Наранцэцэг мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -66 кг жинд барилдсан Г.Хэрлэн мөнгөн медаль, Ё.Басхүү хүрэл медаль тус тус хүртэж байв.
МАСТЕРСИЙН БОСОО АВАРГА
МУГТ, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа мастерст дөрвөн удаа түрүүлсэн амжилтаараа дэлхийн рекорд тогтоосон билээ. Түүний араас гурван жүдочин мастерст гурав түрүүлсэн амжилттай удаалж байна. Өдгөө 29 настай Д.Сумъяа анх 2013 оны Тюменийн мастерст түрүүлж байсан бол түүний дараагаар 2015 оны Мороккогийн мастерст, 2016 оны Гуадалахарагийн мастерст, 2017 оны Санкт-Петербургийн мастерст тус тус түрүүлж байжээ. Түүнд Дохагийн мастерст түрүүлж, амжилтаа ахиулах боломж бүрэн дүүрэн байгаа.
Дашрамд хэлэхэд, Д.Сумъяа 2019 оны Чиндаогийн мастерсийг өнжсөн.
Холбоотой мэдээ