Монгол Улс дотооддоо цар тахлыг алдсанаар нас баралт бүртгэгдэж эхэллээ. Тиймээс халдвараар нас барсан хүмүүсийн цогцосыг хаана, яаж оршуулах вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Covid-19-ийн халдварын улмаас Монголдд архаг хууч өвчтэй хоёр хүн нас барсан. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 4-ны өдөр ХӨСҮТ-д Covid-19 халдварын оноштойгоор эмчлүүлж байсан 76 настай иргэн нас барсан болохыг ЭМЯ-наас өчигдөр мэдээлсэн.
Талийгаач Баянзүрх дүүргийн /БЗД/ нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдасан, доод мөчдийн судасны бөөгнөрөлтэй буюу архаг хууч өвчтэйгөөр эмчлэгдэж байжээ. Улмаар халдвар авсан тул ХӨСҮТ-д эмчлүүлж байхдаа нас барсан байна.
Тэгвэл үүний өмнө буюу өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард Халдвар судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан өвчтөн нас барсны дараа талийгаач Covid-19-ийн халдвар авсан болох нь тогтоогдсон юм. Учир нь, ХСҮТ-ийн эмч нараас халдвар илэрсэн тул нягтлахад талийгаач О нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс халдвар авч, улмаар ХСҮТ-д халдвар тараасан байх магадлалтайг тогтоожээ. Тухайн үед ХСҮТ-ийнхэн талийгаачаас PCR шинжилгээ аваагүй болохоо ч хүлээн зөвшөөрсөн юм.
Энэ талаар тухайн үед ЭМЯ-наас “2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан 70 гаруй настай иргэн О нь суурь өвчний улмаас нас барсан. Талийгаач нь цээжний булчин сулрах, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихтэй, чихрийн шижинтэй, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байсан бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барсан байна. Дагалдах онош нь Covid-19 халдвар байсан” гэсэн тайлбарыг өгч байв.
Covid-19 халдварын улмаас нас барсан хүний цогцсыг чандарлах дүрэмтэй. Гэвч, талийгаачийг халдвар авсныг мэдээгүй учраас оршуулганд оролцсон хүмүүс халдвар авсан. Оршуулгын ажиллагаанд оролцсон 40 хүний зургаан нь халдвар авсан нь тогтоогдсон. Хэдийгээр манай ЭМЯ-ныхан тухайн үед суурь өвчнөөр нас барсан гэж тооцсон ч Covid-19 халдварын статистик мэдээллийн гол эх сурвалж болж буй Жон Хопкинсийн их сургууль Монгол Улсад халдварын улмаас нас барсан анхны тохиолдол гэж бүртгэсэн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Covid-19 халдварын улмаас нас барагсдын цогцсыг ар гэрт нь өгч, оршуулах зан үйлийг хориглосон бөгөөд цогцсыг чандарлахыг улс орнуудад зөвлөжээ. Учир нь салах ёс гүйцэтгэх үед халдвар тархах аюултай гэж үзэж буй юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Халдвартай нь тогтоогдсон хүн нас барсан үед ямар байдлаар оршуулгын үйл ажиллагааг явуулахыг журмаар зохицуулсан. Ямар уутыг хэдэн давхар ороох, яаж зохицуулах үйл ажиллагааг хэрхэн хийхийг нарийн заасан. ХСҮТ-д нас барсан иргэн халдвартайг нь тогтоогоогүй байсан учраас оршуулах үйл ажиллагааг ар гэр нь хариуцсан. Харамсалтай нь, оршуулгын ажиллагаанд оролцсон хүмүүсээс шинжилгээ авахад нас барсан иргэний гэр бүлийн хүнээс халдвар илэрсэн” гэлээ.
Тиймээс Covid-19 халдвараар нас барагсдын цогцсыг ар гэрийнхэнд нь өгөхгүй. Тусгай журмаар чандарлах аж. Энэ ажлыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв хариуцаж байгаа юм байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ