Малчин бүр энэ оноос эхлэн малынхаа тоо толгойгоор татвар төлөхөөр болж, бизнес эрхлэгчдийн нэгэн адил ачаа үүрэлцэх үүрэг ногдоод байсан ч Засгийн газар өчигдөр (2021.01.04) хуралдаад энэ оны хагас жилд ногдох татвараас нь чөлөөлөх зөвлөмжийг аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарт чиглэл болгожээ.
УИХ Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг батлахдаа нэг малд ногдох татварын хэмжээ 0-2000 хүртэл төгрөг байхаар заасан.
Тодруулбал, нэг малд ногдох татвар 2000 төгрөгөөс хэтэрч болохгүй, жил бүр аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас татварын хэмжээг тогтоохоор тусгасан юм. Мөн албан татвар төлөгч нь ногдуулсан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн долдугаар сарын 15-н, арванхоёрдугаар сарын 15-нд багтаан, малаа тоолуулсан сум, дүүргийнхээ төсөвт тушаахаар заасан билээ.
Хэдийгээр татвар тогтоох эсэх бүрэн эрх нь Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бий ч Засгийн газраас чиглэл өгсөн тул бүгд ёсчлон мөрдөөд явах бүрэн боломжтой гэсэн үг.
Малчдыг малын хөлийн татвараас хөнгөлөх болсон үндэслэлийг Covid-19 цар тахлын нөлөөгөөр орлого нь буурсан гэж үзжээ. Гэхдээ нийслэлийн хэмжээнд худалдаалагдаж буй махны үнийг сонирхвол малчдын амьжиргаа тэгтлээ доройтохооргүй үнээр малаа борлуулжээ гэмээр ханш харагдаж буй. Тухайлбал, өчигдрийн байдлаар нийслэлдээ хамгийн томд тооцогдох “Хүчит шонхор” захад жижиглэнгээр борлуулж байгаа 1 кг хонины ястай мах 8500-8800, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500-11500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Харин Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөрт худалдаалагдаж буй 1 кг хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10500-11500, үхрийн цул мах 12000-12500 төгрөг байв.
Өөрөөр хэлбэл, хавар махны нийлүүлэлт буурах үед үнэ нь улам өснө гэсэн үг. Мал сүрэг нь бэлчээртээ багталцахгүй болж, дэлхийд нэг хүнд ногдох малынхаа тоо толгойгоор тэргүүлэх хэрнээ хүнсний гол хэрэглээ болсон мах нь өндөр үнэтэй байдаг шалтгааныг малчид ченжүүдтэй холбож, ченж нь малчидтай холбож ирсэн.
Малчдын хувьд “Ченжүүд биднээс хямд үнээр мал худалдаж аваад хэд дахин нугалж, ашиг хийдэг. Эцэст нь муу нэрийг малчин бид зүүдэг” гэж гомдоллодог бол ченжүүд “Зардал гаргаад хотонд нь очиход малчид малаа өндөр үнэлээд буулгадаггүй. Хоосон буцахгүйн тулд өндөр үнэтэй ч малыг нь худалдан авдаг. Мах үнэтэй байгаа бол малын үнэ нь өндөр байсан гэсэн үг” гэж тайлбарласаар ирсэн билээ.
Төр засгаас өнгөрсөн жилүүдэд махны үнийг тогтворжуулахын тулд мах бэлтгэдэг компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, нөөцийн мах бэлтгүүлж ирсэн. Дотоодод махны хомсдол үүсэхээс сэргийлж, махны экспортод хязгаар тавьж ч үзэж байв. Хөдөө аж ахуйн бирж ч байгуулан ажиллаж байна. Гэвч нэмэр болоогүй.
Харин одоо малчид хагас жилийнхээ татвараас чөлөөлөгдөх нь тодорхой болсон хойно, малаа төр засагтайгаа нийлээд үнэрхэлгүй хямд үнээр борлуулж, Covid-19-ийн хөлд нэрвэгдээд байгаа нийслэлийнхнийг үнийн хөөрөгдөлгүй махаар хангавал боломж байх шиг.
Эцсийн дүндээ малчид зудад нэрвэгдлээ гэхэд нийслэлийнхэн л хамгийн их хандив, тусламж үзүүлж, машин, машинаар нь өвс, тэжээл малчны хотонд хүрэхэд нэмэр болдог.
Засгийн газар ч малчдыг баялаг бүтээгчдээсээ илүү харж үзэж, татвараас нь хөнгөлөх чиглэлийг өгч болсон юм хойно махны үнийг ирэх хавар тэнгэрт хадуулчихгүй шиг байх зохицуулалт хийхэд анхаарч болохгүй гэж үү.
Одоогоор 2020 оны мал тооллогын дүн гараагүй байгаа ч 80 сая толгой мал тоологдох боловуу гэсэн хүлээлт бий. Бэлчээртээ багталцахгүй болсон малыг ядаж л хүн амынхаа хүнсний хэрэгцээг хямд үнэтэй мах нийлүүлж, ашигладаг болчихвол экспортод гаргаж, ам.долларыг хэдэн тэрбумаар нь босгоно гэж мөрөөдөх ч яамай.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ