Хуучирсан мэдээ: 2021.01.06-нд нийтлэгдсэн

Хууль хулгайлагсад

МОРДОХЫН ХАЗГАЙ

Хууль тогтоогчид л хийж чадах хулгай гэж байна. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2017 оныг хүртэл Улсын Дээд шүүх /УДШ/-ийн шийдвэр гарах хүртэл тоолж, харин 2017 оноос анхан шатны шүүхийн шийдвэр гартал, 2020 оноос яллагдагчаар татагдах хүртэл тоолдог болов. Гэмт хэрэгтэй тэмцэх талаасаа бол УИХ-д баяр хүргэж алга ташмаар үзүүлэлт. Гэвч бодит байдал дээр аль эрт 2015 оноос яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогсохоор хуульчилсаныг Эрүүгийн хуулийн эцсийн редакци оруулах нэрийдлээр өөрчилж анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл арай ахиухан тоолохоор хуульчилсан байна. Ингээд 2017-2020 он хүртэл 3 жилийн хугацаанд яллагдагчаар татагдсан боловч шүүхийн шийдвэр гараагүй хэрэгт шалгагдсан иргэдийн хэрэг хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. Энэ нь хэрэгт шалгагдсан иргэд болон шалгасан хуулийн байгууллагын хэний ч буруу биш, учир нь хууль ямар байна, шийдвэр тэгж гарна. Ингээд хууль хулгайлсан хэсэг улстөрч нэгнийгээ буруутган муудалцсаны харгайгаар дараагийн удаа бүр аймшигтай хуулийн хулгай төрөв.

ИЧСЭН ХҮН ХҮН АЛНА

Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг багасгасан хэрэгт Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нарын хуульч гишүүд биесээ буруутгасны эцэст нь хуулийн суурь зарчмаас ухарсан шийдвэрийг парламент гаргав. Нэг бүдэрч болно, долоо бүдэрч болохгүй.

Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенци, хүний эрх, эрх зүйн суурь зарчмаас ухралт хийн нэгэнт өнгөрсөн алдаагаа залруулах үүднээс хүчин төгөлдөр хуулийн хүрээнд шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг архиваас авчран сэргээн шалгаж, “нэхэн ял шийтгэх” тухай хууль батлуулав. Би буруугүй тул одоо тэднийг алж үзүүлье гэдэгтэй агаар нэг юм уу даа. Ийм муу хууль Монголын эрх зүйн түүхэнд байгаагүй төдийгүй коммунист СССР-ийн үед Зөвлөлтийн хууль тогтоогч нар дарангуйлагч Н.Хрушевийн заавраар Эрүүгийн хуулиа 2 ч удаа буцаан хэрэглэх замаар валютын ченж, үнэт эдлэлийн бизнес эрхэлсэн залуусыг дамын наймаа хийсэн хэргээр цаазаар авсантай төстэй түүх давтагдав.

Хууль сайхан муухайгаас үл шалтгаалан хэрэгждэг тул хүчин төгөлдөр хуулийн хүрээнд шийдвэр гаргасан шүүх, прокурорын байгууллагыг буруутгах шалтгаан байхгүй. Олон улсын гэрээ, эрх зүйн зарчим, хүний эрхийг дээдлэх үзлийн үүднээс орчин үед Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэдэг жишиг дэлхий нийтэд байхгүй. Эрүүгийн хуульд заасан зөвхөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн энэрэнгүй ёсны үндсэн зарчмыг хуулийн хулгайчдын үйлдлийг залруулахын тулд зөрчиж болохгүй.

Эрүүгийн хуульд албан тушаалын хэргээс илүү хүнд хор уршиг, хохирол учруулдаг “хүний амь нас хохироох, эх орноосоо урвах, хорлон сүйтгэх, терроризм, төрлөөр аймаглан устгах /геноцид/, үй олноор хөнөөх” гэх мэт хэргүүдээс илүү ялгаварлаж албан тушаалын гэмт хэргийг сэргээн шалгах нь Үндсэн хуулийн тэгш байдлын зарчимд нийцэхгүй.

Шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг хууль тогтоогч хууль батлах замаар дахин сэргээн шалгаж, нэхэн ял шийтгэхийг шүүхэд тулгаж байгаа нь Үндсэн хуулийн “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлнэ”, “шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн зохицуулалттай зөрчилдөнө.

Товчхондоо Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах буюу шинээр гэмт хэрэгт тооцох, ял шийтгэлийг нэмэгдүүлэх, хүндрүүлэх зэрэг замаар эргэж хэрэглэх хилс хэрэгт ял шийтгэх, хэлмэгдүүлэлт үүсэх эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Өнөөдрийн хувьд гэмт хэрэгт тооцогддоггүй байсан үйлдлийг маргаашийн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож хууль буцаан хэрэглэх байдлаар хилсээр хэнийг ч нэхэн ял шийтгэж болохгүй.

Иймд иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хууль, олон улсын гэрээ, дэлхий нийтийн жишиг, хүний эрхийн суурь зарчимд тулгуурласны үндсэн дээр УИХ-ын Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргалаа. УИХ ухсан нүхэндээ өөр унаж будилахдаа Үндсэн хуулиа зөрчжээ. Үндсэн хуулийн Цэц хөөн хэлэлцэх хугацаа, албан тушаалын хэрэг гэх мэт хамрын үзүүр төдийхнөөс цааш харж эрх зүйн зарчмын шинжтэй үндэслэлтэй шийдвэр гаргав. Цэцийн шийдвэр эрх зүйн судалгаа, шинжилгээ, харьцуулсан судалгаа, шинжээчийн дүгнэлт, хүний эрхийн байгууллагуудын санал дүгнэлтийг харгалзсан нь лавтай. Эрүүгийн хууль буцаан хэрэглэж хэлмэгдүүлэлт эхлүүлэх санаархал нь мөсөн уулын орой төдий гэдгийг Цэц олж харлаа. Цаашид энэ жишиг тогтвол буцааж 1937 оныг хууль ёсоор буцаан авчирна гэсэн үг. Өмч хувьчлал, газар, лиценз олголт зэргийг өнөөдөр хууль бус хэмээн зарлаж шинэ дүрмээр нэхэн ял шийтгэж болохгүй, ер нь өнгөрсөнийг шинэ дүрмээр нэхэн шүүж эхэлвэл хэнийг ч гэмт хэрэгт ял шийтгэж болох хэлмэгдүүлэлтийн үүд нээгдэх эрсдэлтэй. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаачийн хувьд энэ их хэлмэгдүүлэлтийн хаалгыг хаасан зарчмын шийдвэр гаргалаа.

ЦААШИД ХЭРХЭХ ВЭ?

Гарын таван хуруунд багтах албан тушаалын гэмт хэргийн хөлд хохирлоо төлж, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болох нөхцөл бүрдсэн хэдэн зуун хэрэг чирэгдэж хуулийн хулгайн төлөөсөнд ял шийтгэгдэх нь Үндсэн хуулийн шударга, тэгш байх зарчимд нийцэхгүй. Улстөрчдийн попрох дуртай сэдэв болсон албан тушаалын гэмт хэргийг шүүхээс гэм буруутайд тооцох тохиолдолд хууль бусаар олсон орлогыг хураах, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргах бөгөөд зөвхөн ял шийтгэл биечлэн эдлэхээс чөлөөлж, бусад эрх зүйн үр дагавар үлдэнэ. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээн авах нь улс төрийн талаас хасах оноо авахаас айсан улс төрийн хүчнүүд үнэн хэрэгтээ хууль ёс, хүний эрхийг нулимж эхэллээ. Ингэснээр шүүхийн хараат бус байдалд илэрхий халдсан зарим улстөрчийн хүслийг ил, далд гүйцээх шийдвэр гаргаж байна.

УИХ-ын гишүүд Цэцийн шийдвэрийг хэлэлцэхийн өмнө хүний эрх, эрх чөлөөг хамгийн хатуу хязгаарладаг Эрүүгийн хууль төдийгүй бусад бүх хуулиар эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэдэггүй болохыг анхаарч үзэх нь зүйтэй.

Мөн шүүхийн шийдвэрт нөлөөлж, өрсөлдөгч нараа улс төрийн хилс хэрэгт ял шийтгэх сонирхолтой даргын хүслийн гүйцэлдүүлэх нь ирээдүйд өөрийгөө болон үр хойчоо эрсдэлд оруулах аюул байна.

Маргааш хилс хэрэгт ял шийтгүүлэх хэний ч ээлж ирж болохыг мөн хууль хулгайлагсад гэмт хэрэгтэй тэмцэх нэрийдлээр хэний заавраар хөдөлж байгаад дүгнэлт хийхийг хүсье. Эцэст нь УИХ гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор хуулийн суурь зарчмаас ухралт хийж иргэдээ хилс хэргээр ял шийтгэж хэлмэгдүүлэлт эхлүүлэх үндсийг тавилцахгүй гэж найдах л үлдлээ!

Б.БАЯРАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж