Ж.Бат-Эрдэнэ: Наадмын комиссын дарга авлига авч байгаад баригдсан

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ: Наадмын комиссын дарга авлига авч байгаад баригдсан

Ж.Бат-Эрдэнэ: Наадмын комиссын дарга авлига авч байгаад баригдсан

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийг өнгөрсөн оны тавдугаар сард Х.Болорчулуун нарын хоёр гишүүн өргөн барьсан.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах зарчмын зөрүүтэй санал гаргаснаар  байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН:

Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал бол энэ хуулийг нэг хэсэг нь дэмжээд, нэг хэсэг нь эсэргүүцээд байгаа юм. Үндсэн их баяр наадмын хууль бол ойлголцол, зөвшилцөлийн хүрээнд гарах ёстой хууль. Монголчуудын гол баяр цэнгэл юм. Морин спорт, уяачдын холбоо гэж олон мянган гишүүдтэй холбоо бий. Энэ холбоо гишүүдийнхээ ойлголтыг нэгдсэн нэг ойлголтод хүргэх хэрэгтэй. Төр үүнийг хийж болохгүй. Тиймээс энэ хуулийн хэлэлцэх асуудлыг тодорхой хугацаанд 7-10 хоногийн хугацаанд хойшлуулаад өөр ойлголт, ойлголтын зөрүү байгаагаа гишүүдтэйг ярилцах хэрэгтэй. Хурдан морины салбар комисс гэж байгаа. Тэдний саналыг бас авах хэрэгтэй. Шадар сайдаар ахлуулсан баяр наадмын төв комисс гэж бий. Энэ комисс бас ярилцах хэрэгтэй. Ингэж ойлголтын хувьд нэгтгэж, нэгдсэн байр суурьтай болгож байж шийдэхгүй бол УИХ аль нэг талд нь шийдээд, нийгэмд хэрүүл тарьж болмооргүй санагдаад байна. Тийм учраас дахин нэг идэвхтэй хэд хоног ярилцаад, дахиж оруулж ирээд ярилцвал яасан юм гэсэн горимын саналыг гаргаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:

Энэ хуулийг батлах зайлшгүй шаардлага байгаа. Бид баяр наадмаа хийж чадахаа больсон. Юун бөхийн хэрүүл битгий хэл морины уралдааны хэрүүл дэндүү болсон. 2020 онд бүртгүүлсэн морьдын 60 хувь нь хасагдсан. Хасагдаж байгаагийн цаана бөөн будлиан. Авлига яаж цэцэглэснийг мэдэж байгаа. Өөрийн морийг явуулахаас гадна бусдын морийг хасуулах гэж авлига өгдөг болсон. Хууль шүүхийн байгууллагаар шалгуулаад шүүхэд очих гэж байгааг бүгд мэдэж байгаа. Модон метр бариад хэмжих биш техник тоног төхөөрөмж ашиглаж хэмжихийг зааж өгсөн. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах шаардлага байхгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ:

Цар тахлын үед Их хурал хүнд нөхцөлд хуралдаж байна. Үүнээс илүү хүлээгдсэн хуулиуд бий. Энэ хууль цаг тулсан асуудал мөн үү, биш үү бодох хэрэгтэй. Үндэсний их баяр наадмын зохицуулалтын хуульд өвлийн морин уралдааны талаар орж ирж болохгүй. Холбоогоороо яриад үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй. Бөх дээр маш их асуудал гардаг байсан. Бөхийн холбоо ярьсны үр дүнд асуудал бараг гарахгүй болсон. Хурдан морины уралдааныг хуулийн хүчээр явуулж чадахгүй болж болохгүй. Хурдан морины талаар мэдээлэл гишүүдэд алга. Ийм цаг үед яагаад энэ хуулийг шахуу оруулж ирээд байна. Наадам болоогүй байна. Уяачдаас санал асуу. Хүүхдийн асуудал яригддаг. Иймд цогцоор нь нэгтгэж санал оруулж ирээд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Наадам улсын хэмжээнд болдог энэ асуудлыг өргөн хүрээнд авч үзэх ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:

Үндэсний баяр наадам тэр тусмаа мориныхоо уралдааныг хийж чадахаа болиод бид 10-аад жил болж байна. Сүүл рүүгээ авлига руу орсон. "Хулгай хийлгэхгүй байхын тулд хулгай хийхгүй нөхцөлийг бий болго" гэсэн үг байдаг. Би өөрөө морь сонирхдог. Булган аймгаас сонгогдсон хөдөөний гишүүн. Хөдөөд энэ асуудал оччихоод байгаа. Уралдаан болгоны ард хэрэлддэг болсон. Өнгөрсөн жилийн баяр наадмын дараа баяр наадмын комиссын дарга морь оруулах асуудал дээр авлига авч байгаад газар дээрээ баригдсан. Ийм нөхцөл байдал бий болчихоод байна. Хатуу ширүүн уур амьсгал, эдэлгээг даадаг адууг л монгол адуу гэж ойлгодог. Сүхбаатар аймгийн адуу бол Манжийн адуу байх үеэс шилмэл болоод цус нь солигдоод явчихсан. Энэ бол адилхан хаа ч байсан адилхан. Энэ хууль тавдугаар сард өргөн барьсан. Тухайн үед ийм зүйл яриад хойшлуулсан. Нөгөө хэрүүл уруул, ирсэн морьдынх нь 40, 50 хувь хасагддаг хэвээрээ байгаа. Төрийн зохицуулалт, зохион байгуулалтад алдаа дутагдал байна. Үүнийг засахын тулд хуулийн төслийг оруулж ирсэн. Уяачдын холбооны их хурлаас гаргасан саналыг нь  оруулж ирсэн юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж