Автын байцаагч нар даргаасаа ажлын байр хүсчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Автын байцаагч нар даргаасаа ажлын байр хүсчээ

МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уулын мэргэжлийн хяналтын хэлтсийн ажил байдалтай танилцжээ. Уулзалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийнхний хувьд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр өөрийн гэсэн зөөврийн байртай болох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. 24 цагаар ээлжлэн ажилладаг улсын ахлах байцаагчид нь бусад төрийн хяналтын байгууллагынхаа байранд гуйж, зохицож ажилласаар иржээ. Ц.Шаравдорж даргын хувьд “Алийн болгон айлын “амбаарт” гуйж амьдрах билээ. Байцаагчдынхаа ажиллах нөхцөлд анхааралгүй яах вэ. Энэ асуудлыг бид судалж үзье. Шийдвэрлэх арга замыг нь хайя” гэсэн хариу өгчээ.

Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийнхний ажил байдалтай танилцах үеэр МХЕГ-ын даргын олзуурхан дэмжсэн зүйл нь угтах үйлчилгээ байлаа. Иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс санал гомдол, зөвлөгөө туслалцаа авахад нь зориулж улсын байцаагч нар нь өөрийн байрны үүдэнд ээлжлэн жижүүрлэж, зөвлөгөө мэдээлэл өгөх угтах үйлчилгээг үзүүлдэг болжээ.

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж дүүргүүдэд ажиллах үедээ  “МХЕГ төсөв бүрдүүлэгч байгууллага биш учраас нийт ажлын 30 хувь нь шалгалт, 70 хувь нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад түлхүү анхаарч ажиллах болно” гэдгийг нь дахин дахин сануулсан байна. Түүний хувьд нийслэл дэх харьяа хэлтсийнхнийхээ ажилтай танилцахын зэрэгцээ улсын, ахлах байцаагчидтай халуун яриа өрнүүлж санал гомдлыг нь сонсохыг илүүтэй чухалчиллаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж