Соёлын сайд С.Чулууны “Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагаас онцлох 14 хариулт
- Сүүлийн 30 орчим жилд хамгийн их хувьчлал, хулгай, дээрэм тонуулд өртсөн салбар бол соёлын салбар. Үлдсэн юм ер нь бараг үгүй болсон байлаа. Байгаа юм гэвэл, хэдэн театр, музейг хэлэх байх. Тэдний эргэн тойрны газрыг бараг бүгдийг авчихсан, зарчихсан байсан. Тиймээс дэд бүтцээ сайжруулах ёстойг ойлгосон.
- 2021 он бол их соёлын салбарын хувьд бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно. Энэ жил Чингис хаан хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн барилга, Соёлын өвийн төв гурав ашиглалтад орно.
- Соёлын салбарын боловсон хүчний асуудалд онцгой анхаарна .Жил бүр яамнаас боловсон хүчний бодлогод зориулж тусгайлсан зардал тусгуулж зарцуулна.
- Орон нутгийн соёл урлагийн салбарынхны мэдлэг мэдээлэл, чадамж зэргийг дээшлүүлэхэд анхаарна.
- Салбарын нийгэмд үйлчлэх цар хүрээг өргөтгөх, санхүү эдийн засгийн хувьд энэ салбар боломжийн хэмжээнд өөрийгөө авч явж чаддаг системд орох ёстой. Тэгэхийн тулд соёл урлагийн салбарын менежмэнтэд дэвшил бий болгож, маркетингийг өөрчлөх хэрэгтэй. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийг эрчимтэй дэмжих хэрэгтэй.
- Соёлын салбарын хэд хэдэн томоохон хуулиуд УИХ-д өргөн баригдаад явж байна. Тухайлбал, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулал, Кино урлагийг дэмжих тухай хууль, Музейн тухай хууль намрын чуулганаар хэлэлцэх эсэх нь дэмжигдээд ажлын хэсгүүд гараад ажиллаж байна. Эдгээр хуулиуд батлагдсанаар соёлын салбарын бодлого үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад эрх зүйн суурь орчин бий болж өгч чадна гэж үзэж байгаа.
- Соёл, урлагийн салбарыг бүс нутаг, олон улсын тавцанд гаргах, өрсөлдөх чадамжтай болгоход яам онцгойлон анхаарна. Бид соёлын орон зайгаа зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дотор харах боломжгүй. Манай соёлын оршин байсан орон зай өөр аль ч улс оронд бий болгож чадаагүй том орон зай, хамрах хүрээтэй. Түүхэндээ монголчуудын бүтээж ирсэн соёл нь өөрөө асар том цар хүрээтэй гэсэн үг. Бидний соёлыг харах нүдний тусгал хэдий чинээ хол байна төдий чинээ хөгжлийн орон зай тэлнэ. Монгол өөрийн өнгө төрхөө гаргаж чадна.
- Сүүлийн 30 жилд хүүхдэд зориулсан бүхий л соёлын барилга байгууламж устаж үгүй болсон. Үүд хаалгаа хаасан. Харин манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн соёлын төв зэрэг газрууд байгуулахаар заасан ч хараахан төсөвт тусгагдаагүй
- “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагыг төр, төрийн бусын төлөөлөлтэй байгуулан хуримтлалыг төвлөрүүлсэн. Учир нь тусгай сангийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаас эхлээд ихээхэн адармаатай зүйл тулгарсан. Уг хандив шилэн байна. Хуримтлагдсан мөнгө Хүүхдийн төлөө фонд Ерөнхий сайдын дэргэд албан ёсоор байгуулагдахад бүрнээрээ шилжинэ.
- Хандив бол сайн дурын зүйл. Олон түмний дэмжлэг, хүсэн хүлээж байсан зүйл нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт юм байна гэдгийг бүгд харсан байх.
- Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ажлыг улстөржүүлж, өөрийнхөөрөө тайлбарлаж, бусдыг хардаж, харааж үгүйсгэн доромжилж байхын оронд зарим улстөрчид “би хүүхдийн төлөө юу хийлээ” гэж өөрөөсөө асуугаад үзэх хэрэгтэй.
- Шүүмжилж байгаа хүмүүс дотор эрх барьж байхдаа бүрэн шийдвэрлээд сүндэрлүүлээд сүндэрлүүлээд хаячих эрх мэдэлтэй засгийн тэргүүн хүн ч байсан.
- Сануулж хэлэхэд, ямар ч тохиолдолд улстөржүүлж болдоггүй хоёр асуудал байдаг юм. Нэг нь соёл, нөгөө нь хүүхэд. Бидний нандигнан хайрлах, хүндлэн авч явах эрдэнэ бол өвөг дээдсийн минь бүтээж өнөөд ирсэн соёл, мөн ирээдүйд улсаа авч явах хүүхэд хоёр юм даа.
- Ер нь тэгээд өнгөрсөн хугацаанд гүжир гүтгэлэг, нотолгоогүй зүйлүүд их явсан. Гол нь өнөөдөр яамны бодлого, төрийн ажлыг хов живтэй холимооргүй байгаа учраас ажлаа л ярья.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ