Дэлхий тэнхлэгээ илүү хурдан эргэх болжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

Дэлхий тэнхлэгээ илүү хурдан эргэх болжээ

Дэлхий тэнхлэгээ илүү хурдан эргэх болжээ

2020 он таны хувьд хурдан өнгөрсөн мэт санагдаж байна уу? Үнэн хэрэгтээ таны зөв бололтой. 2020 он үнэхээр бидний бодсоноос хурдан болж өнгөрчээ. Түүгээр зогсохгүй энэ жил бүр ч хурдан байх гэнэ.

Сүүлийн үед дэлхийн тэнхлэгээ эргэх хурд нэмэгдсэн байна. Тухайлбал, дэлхийн тэнхлэгээ эргэх хурдыг хэмжиж эхэлснээс хойш 2020 оны долдугаар сарын 19-нд өдөр хамгийн хурдан өнгөрч, дэлхий хэвийн буюу 86400 секундээс 1.4602 миллисекундээр богино хугацаанд бүтэн эргэсэн байна.

Түүнээс өмнө дэлхий хамгийн хурдан эргэсэн өдөр 2005 онд тохиож байсан аж. Гэвч өнгөрсөн жилийн хувьд 2005 оны зөрүүнээс 28 дахин их зөрүүгээр хурдан эргэсэн аж. Түүгээр зогсохгүй 2021 онд түүнээс ч хурдан буюу хэвийнээс 0.5 миллисекундээр богино хугацаанд дэлхий эргэлдэх өдрүүд тохиолдох төлөвтэй байна.

Дэлхийн эргэх хурдыг 1960-аад онд атомын цаг бүтээснээс хойш ийнхүү нарийн хэмжиж, сансрын бусад одтой харьцуулах боломжтой болжээ. Харин сүүлийн хэдэн арван жилд дэлхийн эргэх хурд аажмаар багассаар байсан тул цаг хэмжигчид 1970-аад оноос хойш удаан эргэж буй гаригтай уялдуулахын тулд атомын цагт албаар 27 секунд нэмэх шаардлагатай болжээ.

Хамгийн сүүлд 2016 оны шинэ жилийн үдэш эрдэмтэд дэлхийн эргэлтийн цагийг тэнцүүлэхийн тулд атомын цагт хэдэн секунд нэмж, дэлхий даяар бүх цагнууд нэг секунд зогссон гэнэ.

Гэсэн хэдий ч сүүлийн үед дэлхийн эргэх хурд буцаад хурдасч байгаа бөгөөд тун удалгүй дэлхийн хурдтай тэнцүүлэхийн тулд атомын цагнаас секунд хасах шаардлага гарж ч магадгүй болжээ. Хэрвээ тэгвэл тэр нь анх удаа атомын цагнаас секунд хассан тохиолдол болох юм.

Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногийн сүүл буюу энэ сарын 3-ны хоног нийт 23 цаг, 59 минут, 59.9998927 секундэд дууссан бол 4-ний хоног 24 цагаас бага зэрэг илүү хугацаанд болж өнгөрсөн аж. Цаашлаад энэ жилийн хувьд атомын цаг нийт 19 миллисекунд хоцрох төлөвтэй байгаа аж.

Хэдийгээр энэ зөрүү хүний бие, сэтгэхүйд мэдрэгдэхгүй ч дэлхийн цагтай нарийн уялдан ажилладаг цахим сүлжээ, комьпьютерийн үйлдлийн системүүдийн хиймэл дагуулд алдаа гарч болзошгүй юм. Жишээлбэл, 2012 онд дэлхийн эргэх хурд бага зэрэг нэмэгдэхэд Mozilla, Reddit, Foursquare, Yelp, LinkedIn, StumbleUpon сүлжээнүүдэд асуудал үүссэн бөгөөд Линуксийн үйлдлийн систем болон Java програмчлалын хэл дээр бичигдсэн програмуудад алдаа гарсан байна.

Ийнхүү дэлхийн тэнхлэгээ эргэх хурд байнга өөрчлөгдөж байгаа нь дэлхийн цөмийн хайлмаг, далайн усны үрэлт, давлагаа, агаарын нарийн төвөгтэй хөдөлгөөн, сар, дэлхий хоорондын зай, түүгээр зогсохгүй дэлхийн дулаарал, түүнээс үүдсэн мөнх цэвдэг хайлж буй олон шалтгаантай нягт нарийн холбоотой юм.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ГайхмаарГайхмаар
25
ХарамсалтайХарамсалтай
15
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж