Хэвлэлийнхэн ил тод байдлыг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Хэвлэлийнхэн ил тод байдлыг хэлэлцлээ

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр “Хэвлэл мэдээлэл ба ил тод засаглал” хэлэлцүүлгийг салбарынхны дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр “Мэдээллийн ил тод байдал-Сэтгүүлчдэд тулгарч буй асуудлууд”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт” зэрэг асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Салбарынхан мэдээллийн ил тод байдлын өнөөгийн нөхцөл, тулгамдсан асуудлаа хэлэлцсэний дүнд тодорхой зөвлөмж, уриалга гаргахад өнөөдрийн үйл ажиллагаа чиглэж байгаа юм.

Ил тод, нээлттэй засаглалыг бий болгоход сэтгүүлчид төрийн байгууллагаас мэдээлэл авч, олон нийтэд хүргэх үйл ажиллагаа чухал нөлөөтэй. Энэ ч үүднээс “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийг 2011 оноос хэрэгжүүлэх болсон нь сайшаалтай хэмээн салбарынхан дурдлаа. Ингэж хуульчилж өгснөөр төрийн байгууллагынхан сэтгүүлчдэд, олон нийтэд мэдээллээ өгөхөд анхаарч, ач холбогдол өгдөг болсон. Гэвч нөгөө талаас төрийн байгууллагын зүгээс сэтгүүлчдэд өгч буй мэдээлэл нь учир дутагдалтай байгааг шүүмжиллээ.

Жишээ 1. “А” гэх өдөр тутмын сонины сэтгүүлч Цэцгээ уул уурхайн лицензтэй холбоотой материал бичихээр салбарын яамнаас мэдээлэл хүсэв. Салбарын яамнаас мэдээлэл өгөхөөс цааргалаагүй боловч хуулийнхаа хүрээнд долоо хоногийн дараа л хүсэлтийнх нь хариуг гаргаж өгдөг. Гэвч энэ асуудлыг аль долоо хоногийн өмнө олон нийт хэлэлцээд, хэвлэл мэдээллийнхэн бичээд дуусчихсан.

Жишээ 2. “Б” гэх сайтын сэтгүүлч төрийн байгууллагаас мэдээлэл авахыг хүсэв. Түүний асуултын хариуд “Судалж байна”, “Энэ талаар хянаж үзэх болно”, “Анхаарч байгаа” гэх “бөөрөнхий” хариулт өгнө. Эсвэл санаатайгаар өөр мэдээллийг төрийн байгууллагаас гаргаж өгөх тохиолдол ч бий гэдгийг дурдлаа.

Ил тод байх зарчмын үүднээс төрийн байгууллага мэдээллийг нэг үеэ бодвол гаргаж өгдөг болсон. Гэхдээ тухайн мэдээллийг сэтгүүлзүйн бүтээлдээ ашиглах гэхээр учир дутагдалтай, шаардлага хангахгүй тохиолдол бий гэдгийг салбарынхан онцоллоо.

Нэг талаас харвал мэдээллийн ил тод байдлын хууль хэрэгжээд байгаа мэт. Гэвч үнэн хэрэгтээ цаасан дээрхээс хэтрэхгүй хэрэгжилттэй байгаа талаар энэ талын судалгаа хийсэн “Нээлттэй нийгэм” хүрээлэнгийн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа илтгэлээ. Мэдээллийн ил тод байдлын хуулийн хэрэгжилтийг судлахаар 2015 онд Дундговь, Завхан аймаг болон нийслэлийн зургаан дүүрэгт ажиллажээ. Иргэд энэ хуулийн талаар ойлголтгүй байгаа нь судалгаа, баримтаар тодорхой болсон байна. Захын жишээг л дурдахад, Хан Уул дүүргийн 13 дугаар хороо, Төв аймгийн Заамар сумын иргэд нутагт нь уул уурхайн ажиллагаа явуулахыг эсэргүүцэн, тухайн компанийн лицензийн мэдээллийг авахад маш их хүндрэл гарч байснаа дурджээ. Энэ нь хуулийн хэрэгжилт тааруу байгаагийн бас нэгэн жишээ хэмээн онцолсон юм.

Тэгвэл ил тод байдлыг хангахад сэтгүүлч, сурвалжлагч нарын өөрсдийнх нь ур чадвар, мэргэшил, ёс зүйн тал дээр анхаарах хэрэгтэйг ч энэ үеэр салбарынхан дурдаж байлаа. “Засгийн газрын мэдээ” сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн “Ил тод байдлыг хангахад хууль эрхзүй, бусад хүчин зүйлийг дурдахаас илүүтэй сэтгүүлчдийн өөрсдийнх нь ур чадвар, мэргэшил, ёс зүй дутагдаад байна. Хэвлэл мэдээллийн редакц сэтгүүлч, сурвалжлагчаа мэргэшүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Ахмад сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Н.Дариймаагийн зүгээс “Сэтгүүлч хүн гэдэг нэн тэргүүнд хүн байх хэрэгтэй. Аливаа мэдээлэл, материал бичихдээ нэн тэргүүнд хүнлэг ёсоор хандах нь чухал” гэдгийг залуу сэтгүүлчдэд захисан юм. Харин МУИС-ийн багш, доктор До.Цэнджавын хувьд “Төрийн байгууллага, эрх мэдэлтнүүдийн нуун далдалж байгаа зүйлийг ил болгоход сэтгүүлчийн ур чадвар нэн тэргүүнд шаардагдана. Гол нь сэтгүүлчдийн ур чадварыг сорьдог эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Мөн тухайн хэвлэлийн байгууллага өөрөө хэвлэлийн тоо ширхэг, борлуулалт, эздээс эхлээд ил тод байх хэрэгтэйг ч зарим судлаачид дурдсан юм.

Ямартай ч ил тод нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд сэтгүүлзүйн салбар, төрийн байгууллага, иргэний нийгэм гээд бүх талын оролцоо чухал. Ялангуяа сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг их учраас хоорондоо хэлэлцэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, уриалга, зөвлөмж гаргах нь энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго байлаа. 

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж