Төрийнхөн цалингаа тогтмол авч, хувийнхан ажлаа алдаж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

COVID-19

Төрийнхөн цалингаа тогтмол авч, хувийнхан ажлаа алдаж байна

Төрийнхөн цалингаа тогтмол авч, хувийнхан ажлаа алдаж байна

Улсын онцгой комиссоос хөл хориог дахин дөрөв хоногоор сунгаж, энэ сарын 11-ээс худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэхээр шийдвэр гаргаснаа өчигдөр мэдээлсэн. Гэхдээ цар тахлын тархалт буурахгүй бол дахиад ч хөл хорионд оруулахыг Шадар сайд Я.Содбаатар хэлсэн үгэндээ тодотгосон. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулсан ч дотоодод халдвар хүрээгээ тэлж, нөхцөл байдал хүндэрвэл дахин хатуу арга хэмжээ авч, хөл хорионы дэглэмийг чангаруулж болзошгүйг анхааруулсан юм.

Ийнхүү ирэх Даваа гаригаас худалдаа үйлчилгээний байгууллагууд хаалгаа нээхээр болсон ч аж ахуй нэгжүүд эдийн засгийн хямралаас тийм амархан гарчихгүй биз.  УОК-ын дээрх мэдэгдлээс харахад аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа жигдрүүлж амжаагүй байхад дахин үүдээ барих магадлал өндөр байгаа юм.

ХУВИЙН ХЭВШЛИЙН 152 МЯНГАН ХҮН АЖИЛГҮЙ БОЛЖЭЭ

Хөл хорионы улмаас хамгийн их хохирол амсч, хямралд өртсөн нь хувийн хэвшлийнхэн. Бизнес эрхлэгчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-оос арванхоёрдугаар сарын 1 хүртэл 152900 ажлын байрыг цомхотгосон. Орлогогүй болсон аж ахуй нэгжүүд цалингаа тавьж чадахгүйн улмаас ийнхүү ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн гэдгийг МҮХАҮ танхим мэдээлсэн билээ. Мөн дахин нэг сараар буюу арванхоёрдугаар сарын 31 хүртэл хөл хориог  сунгавал 432 мянган ажлын байр  дампуурах тооцоо бий. Судалгаагаар хөл хорио энэ оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн тохиолдолд хагас сая /505,060  / ажлын байр цомхотголд орох гэнэ.  Үүний цаана мянга, мянган айл өрх орлогогүй болж, дундаж давхаргынхан ядуусын эгнээ рүү гулсан орох эрсдэл өндөр байна. Элгээрээ хэвтэж буй эдийн засгаа сэргээхэд хамгийн хүнд ачааг нь үүрэлцэж буй нь хувийн хэвшлийнхэн гэдгийг эрх баригчид анхаарах ёстой.

Хувийн хэвшлийнхэн өнгөрсөн жилийн өдийд ч бас цар тахлын улмаас хямралд өртөж байв. Статистик мэдээллээр, covid-19 халдвар дэгдэж, дэлхий дахины асуудал болсноос хойш Монгол Улсад хувиараа бизнес эрхэлдэг гэр бүлийн 44 хувь нь бизнесээ зогсоож, дөрвөн өрх тутмын гурвынх нь орлого нь буурчээ. Малчин өрхүүдэд ч бас цар тахлын нөлөө хүнд туссан байна. Энэ бол Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банк хамтран гаргасан “covid-19-н нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-ны хоёр дахь шатны дүн.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-оос эхлүүлсэн тус судалгаанд цар тахал эхэлснээс үйлдвэр, үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчдэд цар тахлын нөлөө хамгийн хүнд тусчээ. Мөн өрхүүдийн бизнес тасрах нь ноцтой хэмжээнд хүрсэн байна. Дийлэнх нь үүдээ барьж,  өрхийн бизнесээ зогсоосныг Засгийн газрын шийдвэртэй холбон тайлбарлажээ. 

Харин цар тахлыг дотоодод алдаагүй үед дөрөвдүгээр сараас эхлэн худалдаан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх болсноор алдагдлаа дөнгөж нөхөж эхэлж байсан юм. Гэвч Монгол Улс арван сар тэссэний эцэст халдварыг дотоодод алдснаар дахин хөл хорионы хатуу арга хэмжээг авсан нь ийнхүү хувийн хэвшлийнхэнд хүнд цохилт болов. Эсрэгээрээ хөл хорио төрийн албаныханд  нөлөө үзүүлсэнгүй.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЦАЛИНГАА ТОГТМОЛ АВЧ БАЙНА

Тэгвэл хөл хорионыүед гэртээ гэдэс цатгалан байгаа хүмүүс бол төрийн албан хаагчид.  Төрийн албан хаагчдын 10 хувь нь ажил дээр, бусад нь гэрээсээ ажиллаж байна. Төрийн албан хаагчид хөл хорионд гэртээ “хашигдсан” ч цалингаа тогтмол авч бас цомхотголд өртөх айдасгүй.

Төрийн албан хаагчид хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 320 мянган төгрөгийн цалин авч байна. Дундаж цалин нь 750 мянган төгрөг. Үүнд, татвар суутгах ч албан тушаал, ажилласан жил болон нэмэгдэл цалин дээр нэмж тооцох юм. Тухайлбал, 21 жил улсад ажилласан багшийн цалинг жишээ татвал,

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдын цалинг тодорхой мэдээлэх боломжгүй ба зэргээс шалтгаалан харилцан адилгүй гэх тайлбарыг өгсөн юм. Хөл хорионы үед ажиллахгүй байсан ч цалинд өөрчлөлт орохгүй, хүн цомхотгохгүй болохыг хэлж байв.

Төрийн албаны цалингийн нэгдсэн системээс харвал, хатуу хөл хорио тогтоосноос хойш буюу арваннэгдүгээр сарын 12-оос хойш өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчдын цалинг тогтмол олгож байна. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Төрийн албаны цалингийн нэгдсэн системээр нийт давхардсан тоогоор 4355 байгууллага 182171 төрийн албан хаагчийн цалинг олгожээ. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд банк хоорондын АСН системээр 53 байгууллагын 695,684,955.35 төгрөгийн гүйлгээ хийгдэж 1382 албан хаагчид цалингаа авсан байна.

Энэ мэтчилэн covid-19-ийн үед төрийн албан хаагчид арванхоёрдугаар сарын 7, 8, 9, 14, 15, 16, 17, 18, 21, 22, 23, 25 зэрэг хуваарийн дагуу цалингаа тогтмол авчээ. Жишээ нь, хамгийн сүүлд, шинэ жилийн баярын өмнө, арванхоёрдугаар сарын 25-нд 175 байгууллагын 7,632,525,221.53 төгрөгийн гүйлгээ банк хооронд хийгдэж, 649 албан хаагчид цалингаа авчээ. Оны сүүл цалинг олгосон давтамжийг  сүүлийн 2 сард харьцуулахад арванхоёрдугаар сард цалин олголт илүү өндөр байгаа нь харагдаж буй.

 Хөл хорионы үед хувийн хэвшлийнхэн хамгийн их хохирол амсч хүнд цохилтод ороод байгаа бол төрийн албан хаагчдад цар тахлын нөлөө үндсэндээ мэдрэгдсэнгүй гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр халдварын эрсдэлтэй нөхцөлд байгаа ч хатуу хөл хорио тогтоож, аж ахуй нэгжүүдээ “боомилох”-оос илүүтэй цар тахлын үед ч нөхцөл байдалдаа дасан зохицож амьдрах шаардлага үүсээд байна. Үүнийг ч covid-19 халдварт нэрвэгдсэн улс орнууд батлан харуулж буй.  Тиймээс биш төрд ажилласан нь "хожиж", хувийн хэвшлийнхэн хохирох учиргүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж