Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр /2021.01.04/ Англид хоёр дахь удаагаа хатуу хөл хорионы дэглэмд шилжихээс өөр аргагүйд хүрсэн тухай зарлалаа. Үүнээс өмнө өнгөрөгч гуравдугаар сард үүнтэй адил хатуу хөл хорио тогтоож байв. Урьдчилж анхааруулалгүйгээр гэнэт хатуу хөл хорионы дэглэм тогтоосон нь Covid-19 шинэ омог тус улсад эрчимтэй тархаж буйтай холбоотой гэж Борис Жонсон тайлбарлажээ.
Энэ сарын 4-нөөс эхлэн хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх хөл хорионы үеэр:
- Иргэд өдөрт нэг удаа гэрээсээ гарч дасгал хийх
- Хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох
- Ресторанууд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ явуулах
- Гольф, теннис зэрэг гадаад орчинд спортоор хичээллэхийг хориглох
- Олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан болохгүй. Гэхдээ Прьемер лиг гэх мэт мэргэжлийн спортын тоглолтууд үргэлжилнэ.
- Иргэд ажилдаа явахаас бусад зорилгоор гэрээсээ гарахгүй байх, эсвэл аль болох гэрээсээ ажиллах
- Бүх шатны сургуулиудын танхимын сургалтыг зогсоох зэрэг арга хэмжээг авах юм байна.
Тус улсын эмнэлгүүдэд Covid-19-ийн оноштойгоор хэвтэх өвчтөнүүдийн тоо долоо хоногийн өмнөхөөс 30 хувиар, мөн нэг өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо гурав дахин өссөн байна.
Зөвхөн Англид биш, Их Британийн бусад хэсгүүдэд ч хорио цээрийн дэглэмээ чангаруулсан байна. Тухайлбал Уэльст бүх сургуулиуд нэгдүгээр сарын 18 хүртэл хаагдсан бол Шотланд улс мөн энэ Даваа гаригаас эхлэн нэгдүгээр сарыг дуустал хөл хорионы хатуу дэглэмд шилжжээ.
Эх сурвалж: BBC, GUARDIAN