Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цагдаа, дотоодын цэрэг, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нийлсэн 6000 орчим алба хаагч иргэдэд хяналт тавьж, үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Идэр ес эхэлж, өвлийн хүйтэн тачигнаж буй энэ үед тэд гар, хөл болон чихээ хөлдөөх зэргээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж байгаа гэх мэдээллийг тодруулахаар тус төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батзоригтой холбогдлоо.
–Гэмтлийн эмнэлэг 24 цагаар яаралтай тусламж үзүүлдэг. Бусад эмнэлэгтэй харьцуулбал ачаалал ихтэй. Хатуу хөл хорионы үеэр өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ?
-Ер нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал зуны улиралд нэмэгддэг. Энэ жилийн хувьд хатуу хөл хорио тогтоож эхэлснээс хойш эмнэлгийн ачаалал 2-3 дахин буурсан үзүүлэлттэй байгаа. Өмнө нь эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар өдөрт 350-400 хүн, амбулаторийн тасгаар өдөртөө 280-300 орчим үйлчлүүлдэг байсан. Одоо хоногт 170-180 хүн үйлчлүүлж байна.
-Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цагдаагийн албан хаагч, сонсогчид өвлийн хүйтэнд гадаа удаан зогсч байгаа. Үүрэг гүйцэтгэж байгаад гар, хөл, чихээ хөлдөөсөн алба хаагчид ГССҮТ-д хандаж байгаа юу?
-Тийм асуудлаар цагдаагийн алба хаагчид эмнэлэгт хандаагүй. Өвлийн улиралд гар, хөлөө хөлдөөдөг хүмүүсийн ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс байдаг. Хэдийгээр архи, өндөр градустай согтууруулах ундаа зарахгүй байгаа ч манай төвөөр согтуу хүмүүс ирж, үйлчлүүлж байгаа.
Ялангуяа шөнийн 00:00 цагаас хойш согтуу хүмүүс олон ирдэг. Осгож эмнэлэгт хандсан хүний тоо ч бага байгаа. Учир нь цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс харьяа дүүргүүдээс орон гэргүй иргэдийг байранд байлгаж, гадуур явуулахгүй байгаа.
-Ямар осол гэмтэлтэй хүмүүс зонхилон хандаж байгаа бол?
-Осол гэмтлийн шалтгааны хувьд ихэвчлэн ахуйн хүрээнд унаж ойчсоноос үүдсэн гэмтэл тэргүүлдэг. Шинэ он гараад дөнгөж дөрөв хонож байна. Энэ хугацаанд осгосон хоёр хүн ирсэн. Оны дараа ачаалал бага зэрэг нэмэгдэж, хоногт 200 орчим хүн үйлчлүүлж байна. Эдгээрээс 30-40 согтуу хүн үйлчлүүлж байгаа. Мөн 60-70 хүн нь 0-16 насны хүүхэд бол хоногт 10-12 түлэгдсэн хүмүүс ирж байгаа. Харин он гарснаас хойш хөлдөлттэй долоон хүн ирсэн.
Оны өмнө арванхоёрдугаар сард хоногт дундажаар 180 орчим хүн үйлчлүүлж байсан. Хөл хориог хэсэг хугацаанд сулруулсантай холбоотойгоор үйлчлүүлэгчдийн тоо 240-250 хүрсэн. Өнгөрөгч арванхоёрдугаар сард Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 5200 хүн үйлчлүүлэхэд 400 орчим хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтсэн байсан.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ