Эрээнээс Улаанбаатар хотод ирж буй ачаа бараа олон хоног саатсанаар Хятад болон бусад улс орнуудаас захиалгаар бараа бүтээгдэхүүн импортолж нийлүүлдэг хувь хүн, аж ахуйн нэгжүүд багагүй хохирол амсаад байна. Учир нь, шинэ жилийн баяраар авсан захиалгаа хугацаанд нь нийлүүлж чадаагүйгээс худалдан авагчдын зүгээс уурлаж, бухимдах, захиалгаа цуцлах, мөнгөө буцааж авах зэрэг асуудал үүсч, бүр цаашлаад онлайн дэлгүүрийн эздийг “залилагч” хэмээн цагдаагийн байгууллагад өгчээ. Цагдаагийн байгууллагад хандсан иргэдийг нэг талаас буруутгах аргагүй, нөгөө талаас онлайн худалдаачид ачаа бараагаа авч чадалгүй хоёр сар болж аж.
Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд “Замын-Үүдээр ачаа гаргахдаа 2.5 сая төгрөг, хилээр оруулахдаа 2.5 сая төгрөг хахуульд өгч байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол хахууль өгөөгүй хувь хүн, ААН-үүдийн бараа, бүтээгдэхүүн гаалийн хашаанд байж таарах нь.
Энэ нь магадгүй ачаа бараа олон хоног саатсаны шалтгаан байж мэдэх юм. Тиймээс энэ талаар Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ болон Гаалийн ерөнхий газраас тодруулахад эрс үгүйсгэсэн бол онлайн дэлгүүр ажиллуулдаг хүмүүсийн төлөөлөл “Зөвхөн хахууль өгсөн каргонуудыг оруулж байгаа нь үнэн. Каргонууд хүмүүсийн ачааг өгөхийн тулд хахууль төлөөд авч байгаа. Тиймээс каргонууд үнээ нэмж бараа авах хүмүүсээс тэр мөнгөө нөхөж авч байна” гэсэн юм.
Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна.
Дээрх асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар “Замын-Үүд дээрх бөөгнөрөл ойрын өдрүүдэд хэвийн байдалд шилжинэ. Иргэдийн хардаад байгаа авлига байгаа мөрдөн шалгах ажиллагааны үеэр илрэнэ. Тухайн хүмүүст нь хариуцлага тооцно” гэв.
ГААЛИАС МАШИНУУД ГАРЧ ИРЭХГҮЙ БАЙНА ГЭСЭН МЭДЭЭЛЛИЙГ ХЯТАДЫН ТАЛААС ӨГСӨН
АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.ХАТАНСАЙХАН:
-Монгол Улсад Covid-19 халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас Хятадын тал хилийн шалган нэвтрүүлэлтээ чангатгаж, монгол жолооч нараас PCR шинжилгээний бичиг шаардах болсон. Хэрэвзээ бичиггүй бол хилээр нэвтрүүлэхгүй байх шаардлага тавьсан. 2020 он арванхоёрдугар сарын 29-нд 32 монгол жолооч тусгаарлалтаас гарч, Замын-Үүд Эрээн боомтын дундын бүсэд ажиллаж эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 30-аас эхлээд , Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт 100 орчим тээврийн хэрэгсэл солилцсон. Харин нэгдүгээр сарын 2-нд монгол жолоочтой том оврын машин эвдэрч зам хааж зогссоноос болоод 75 тээврийн хэрэгсэл солилцсон. Маргааш нь ч мөн адил машинаа татаж авах гэсээр байгаад оройтоод 75 тээврийн хэрэгсэл хоёр өдөр дараалж гарсан. Өчигдөр /2021.01.04/ 100 машин солилцсон.
Дундын бүсэд 50 жолооч байгаа учраас хоёр талд машин хангалттай тээвэрлэлт хийж байна. Хятадын талаас хамгийн ихдээ 120 машин татах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Оны өмнө дундын бүсэд 20 жолоочтой байсан учраас 70-80 машин тээвэрт явж байсан.
Хэдийгээр жолооч нэмэгдсэн ч машины техникийн эвдрэл гэмтэл үүсч байна. Ойрын хэдэн жилд Замын-Үүдэд ингэж айхтар хүйтрээгүй. Таны асуугаад байгаа каргоны хувьд нэг удаагийн тусгай зөвшөөрлийн дагуу хилээр орж, гардаг учраас дээрх 100 машины хэд нь ачаа бараа тээвэрлэж байгаа вэ гэдгийг хэлэх боломжгүй. Гааль дээр ачаа тээврийн олон машин бөөгнөрсөн асуудал үүссэн. Тэр дунд карго тээвэрлэж явсан машинууд бий. Ачаатай машинууд гарч ирэхгүй байна гэсэн мэдээллийг Хятадын талаас өгсөн. Хүнс болон эм, эм эмнэлгийн хэрэгслийг нэн тэргүүнд хилээр нэвтрүүлж байгаа” гэлээ.
Харин Замын-Үүд дэх Гаалийн газраас “Бичиг баримтын бүрдүүлэлтээ хийсэн машинуудын барааг нь шалгаад өдөртөө гаргаж байгаа” гэхээс өөр гаалийн хашаанд хичнээн машин байгаа талаар болон бөөгнөрөл үүссэн шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзав.
Ачаа бараа нь гацсан иргэдийн төлөөлөл болох иргэн М.Хишигхүлэг 2019 оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгос улсаас эх орондоо ирээд удалгүй онлайн дэлгүүр ажиллуулж эхэлжээ. Түүний хувьд бэлэн хувцас, гэр ахуйн бараа гэхчлэн төрөл бүрийг барааг Өмнөд Солонгос буюу гуравдагч орноос оруулж ирдэг. Ингээд түүний яриаг хүргэе.
ЗАХИАЛСАН БАРААГАА АВАЛГҮЙ ХОЁР САР БОЛЖ БАЙНА
Тэрбээр “Замын-Үүдийн гаалиар гуравдагч орны чингэлгүүд огт орж ирэхгүй байна. Учир байдлыг бараагаа захиалсан каргогоос лавлатал Улсын онцгой комиссоос чингэлэг ачуулах зөвшөөрөл өгөхгүй байна гэсэн. Каргонууд чингэлгүүдээ гааль дээрээс аль болох хурдан авахыг хичээнэ. Учир нь гаалийн хашаанд олон хонох тусам төлөх мөнгө нь ихэсдэг. Гуравдагч орны чингэлгүүдийн зөвшөөрлийг өгөхгүй мөртлөө Хятадын талаас орж ирж байгаа каргонууд 7-14 хоногтоо орж ирж байна гэж дуулдсан. Гэтэл Өмнөд Солонгосоос бараагаа авч байгаа хүмүүс сардаа ганц удаа авбал их юм. Чингэлгүүд орж ирэхгүй байгаа учраас бараагаа авалгүй хоёр сар болж байна. Замын-Үүдээр орж, гарах шалган бүр дээр татвар нь өсч, хахууль нь ихэссэн учраас ачааны үнэ өссөн.
1-2 сар хүлээсний эцэст захиалсан бараа Улаанбаатарт иртэл хөл хорио тогтоосон гэх шалтгаанаар карго ажиллахгүй байх жишээний. Каргоны үйлчилгээнд QR код өгдөггүй учраас бараагаа авч чадаагүй олон хүмүүс бий.
УОК-оос гаргаж байгаа шийдвэрүүд нь хоорондоо ямар ч уялдаа холбоо алга. Хөл хориотой уялдсан бодит шийдвэр гаргах ёстой. Онлайн дэлгүүр болон хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс гадаадын 2-3 орноос бараа татаж амьдралаа залгуулдаг. Оны өмнө буусан ачаагаа одоог хүртэл авч чадаагүй хүмүүс байна. Тэнд нь дандаа шинэ жилийн холбогдолтой бараанууд байсан. Үүнээс болоод маш олон хүмүүс эдийн засгийн хохирол амсч байна. Захиалга өгсөн хүмүүсээс бараага авахаа больчихсон учраас дараа жилийн шинэ жил хүртэл бараагаа хадгална.
Гэтэл хоёр сар Эрээн дээр чингэлэгт байсан бараа эвдэр гэмтэлгүй орж ирнэ гэдэг бас асуудалтай. Эвдрэл гэмтлийг карго, гаалийн аль, аль нь хариуцахгүй. Хадгалалтын горим нь зөрчигдөн гоо сайхны бараа хөлдөөд хагарах, гар утас хөлдөж дэлгэц нь цуурах асуудал энүүхэнд. Эхний удаа бараа удаад байхаар захиалагчид руу мөнгийг нь буцаасан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард захиалагч нараас барааны мөнгө авахгүйгээр утасны дугаараар нь захиалга аваад 100 хувийн эрсдэлийг өөр дээрээ үүрээд өөрөөсөө мөнгө гаргаж, Өмнөд Солонгос руу бараагаа захисан. Эцэст нь захиалагч болон өөрсдөө хохироод явж байна. Гэхдээ дундын бүсэд байгаа 50 жолооч Эрээнд бөөгнөрсөн ачаа барааг оруулж ирэхэд хүрэлцэж байгаа юу гэдэг бас эргэлзээтэй. Би хамгийн сүүлийн захиалгаа 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд өгөөд арванхоёрдугаар сарын 1-нд бараа БНСУ-аас гарсан байдаг. Арванхоёрдугаар сарын 8-нд Хятадын боомт дээр ирээд 9-нд боомтоос наашаа хөдөлсөн. Миний үйлчлүүлдэг карго удлаа гэхэд долоо хоногт Улаанбаатарт ирдэг байсан. Гэтэл арванхоёрдугаар сарын 9-өөс хойш сураг алга.
Асуухаар “Бүх ачаатай чингэлгүүд Эрээн дээр овоорсон байна.Чингэлэгт байгаа бараануудыг энд тэндээс нь оруулж байга учраас таны ачаатай чингэлгийг орно гэж баттай хэлж чадахгүй. Хамгийн сүүлийн болон эхний чингэлэгч орж магадгүй. Энд тэндээс нь л оруулж байна” гэсэн хариултыг өгсөн.
Арванхоёрдугаар сарын 28-аас хойш УОК-ын шийдвэрийг хүлээж байна гээд нэг ч чингэлэг ачих зөвшөөрлийг миний үйлчлүүлдэг каргоны компанид өгөөгүй. Хувиараа бизнес эрхэлж байгаа онлайн дэлгүүр ажиллуулдаг хүмүүст QR өгөх код өгөх хэрэгтэй. Улсаас бид мөнгө гуйгаагүй. Зүгээр ажлын байрнаас минь битгий салгаач ээ л гэж хүсч байна.
Холбоотой мэдээ