2021 оны алдаж боломгүй спортын арга хэмжээнүүд | News.MN

2021 оны алдаж боломгүй спортын арга хэмжээнүүд

2021 оны алдаж боломгүй спортын арга хэмжээнүүд

2021 оны алдаж боломгүй спортын арга хэмжээнүүд

Спорт сонирхогчдын хувьд 2021 он бол хүлээлт үүсгэсэн завгүй жил болох нь мэдээж хэрэг. Өнгөрөгч 2020 онд зохион байгуулагдах хуваарьтай байсан бүхий л олон улсын томоохон тэмцээнүүдэд цар тахлын улмаас нэг жил хойшлон энэ жил зохион байгуулагдахаар болсон билээ.


  • Жүдо бөхийн дэлхийн мастерс

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны нээлтээ дэлхийн мастерсаар хийж байна. Таван тивийн 70 орны 399 шилдэг жүдочид ирэх нэгдүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Катар улсын нийслэл Доха хотод хуран чуулахад бэлэн болжээ. Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 10 жинд 16 шилдэг жүдочин явахаар мэдүүлгээ өгч, PCR шинжилгээнд хамрагдаад байгаа аж. Тодруулбал, МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Сумъяа зэрэг Монголын шилдэг жүдочид Дохаг зорино.

Д.Сумъяа мастерсийн тэмцээнд дөрвөн удаа зодоглохдоо бүгдэд нь түрүүлсэн гэх сүрдэм амжилттай.

  • Конор МакГрегорын эсрэг Дастин

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны UFC 257 өдөрлөгийн гол тулаанд зартай Ирланд эр Конор МакГрегор Америк тулаанч Дастин Пойрьетэй тулалдах болно. Энэхүү тулаан Абу Дабигийн Яас арал дээр ирэх нэгдүгээр сарын 24-нд зохион байгуулагдана. Хоёр тулаанч өмнө нь 2014 оны есдүгээр сард тааран тулалдахад Конор МакГрегор нэгдүгээр үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч байсан юм.

Өдгөө 32 настай Конор хамгийн сүүлд 2018 онд Хабиб Нурмагомедовт ялагдсанаас хойш хэсэг тулалдахгүй байж байгаад 2020 онд Дональд Серронетэй тулалдаж ялсан. Харин Дастин Пойрьегийн хувьд 2019 онд мөн Хабибт ялагдсанаас хойш Макс Холлоуэйг, Дан Хүүкэр нарыг жил дараалан ялаад байна.

  • NBA-ийн аварга тодорно

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2020-2021 оны улирлын аварга долдугаар сарын 8-наас 22-ны өдрүүдэд тодорно. Цар тахалтай холбогдуулан нэг багийн улиралд хийх нийт тоглолтыг 72 болж бууруулж, аваргын төлөө өрсөлдөх 16 багийн нэрс ирэх тавдугаар сарын 22-н гэхэд тодрох гэнэ. 30 багаас шалгарсан 16 багийн плей-оффын тоглолтууд тавдугаар сарын 22-ноос долдугаар сарын 6-ны өдрүүдэд явагдана.

Энэ жилийн хувьд цар тахалтай холбогдуулан Торонто Рэпторс баг Канад улсдаа тоглолтуудаа зохион байгуулж чадахгүй болсон бөгөөд АНУ-ын Флорида мужийн Тампа хотод суурьшин тоглох болжээ.

Одоогоор аналистуудын үзэж буйгаар аваргаа хамгаалагч Лос Анжелес Лэйкерс, Брүүклин Нетс, Лос Анжелес Клипперс, Милвауки Бакс зэрэг багууд энэ улирлын аваргаар тодрох өндөр магадлалтай байгаа аж.

  • УЕФА Аваргуудын лигийн финал Туркт

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, томоохон тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолт ирэх тавдугаар сарын 29-нд Турк улсын Истанбул хотын Ататурк олимпийн цэнгэлдэхэд зохион байгуулагдана. Угтаа энэ жил ОХУ-ын Санкт-Петербург хотын Крестовский цэнгэлдэхэд финалын тоглолт зохион байгуулагдах байсан ч өнгөрсөн жил Истанбулд финалын тоглолт хуваарийн дагуу явагдаагүй хэмээн энэ жил дахин зохион байгуулах болж байна.

Өнгөрсөн жил цар тахлын улмаас Португал улсын нийслэл Лисбон хотын Эстадио ла Лук цэнгэлдэхэд УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолт зохион байгуулагдсан.

Одоогоор шөвгийн 16 багийн нэрс тодорчихсон, ирэх хоёрдугаар сард тоглолтуудаа эхлүүлэх гэж байна. Энэ улирлын хувьд аваргаа хамгаалах зорилготой Байерн Мюнхен, хүчирхэг Манчестер Сити, залуу бүрэлдэхүүнтэй Челси зэрэг багууд хэсгийн шатанд нэг ч хожигдолгүй хасагдах шатанд шалгарчээ.

  • Евро-2020 болон Копа Америка 2020 нэгэн зэрэг эхлэнэ

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болон Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нэгэн зэрэг зохион байгуулагдана. Европын АШТ буурал тивийн 12 хотод ирэх зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ний хооронд зохион байгуулагдах бол Копа Америка тэмцээн Аргентин, Колумб зэрэг улсуудад мөн зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ний хооронд явагдана. Угтаа хуваарийнхаа дагуу дээрхи хоёр тэмцээн хоёулаа 2020 онд зохион байгуулагдах байсан ч дэлхий нийтийг айдаст автуулаад буй цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон.

Сүүлийн дөрвөн хөлбөмбөгийн дэлхийн аварга тодроод буй хөгшин Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 11-нд Италийн Ром хотын Олимпийн цэнгэлдэхээс гараагаа эхлэх бол Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 47 дахь удаагийн тэмцээн ирэх зургадугаар сарын 11-ний өдөр Аргентин, Чили багуудын тоглолтоор эхлэх болно.

  • Токио-2020 зуны олимп болон паралимп 2021 онд

Дөрвөн жилд ганцхан удаа зохион байгуулагддаг хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 32 дахь удаагийн зуны олимпийн наадам нэг жил хойшилсны эцэст арлын Японы Токио хотын шинэ олимпийн цэнгэлдэхэд ирэх долдугаар сарын 23-нд хөшгөө нээж наймдугаар сарын 08-ний өдөр хаалтын үйл ажиллагаагаа хийнэ. 206 улсын 11 мянга гаруй тамирчид 33 спортын төрөлд хурд хүч, авхаалж самбаа, эр зоригоороо өрсөлдөх болно.

Токио-2020 олимп болон паралимпийн наадамд оролцох баг тамирчдыг Япон улсын засгийн газраас вакцинд хамруулахаа зарласан.

Харин Токио-2020 зуны паралимпийн наадам ирэх наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 05-ны хооронд Токио хотод байгуулагдана. Энэ удаагийн зуны 16 дахь удаагийн паралимийн наадамд 22 спортын төрлөөр 4400 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна.

Одоогийн байдлаар Монгол улсын дараах тамирчид олимп болон паралимпийн наадамд оролцох эрхээ аваад байна.

  • Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Анударь
  • Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү
  • Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн
  • Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин О.Гүндэгмаа
  • Пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин З.Ганбаатар
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэг
  • Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг
  • Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй шигшээ баг
  • Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа
  • Байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Б.Отгонболд
  • Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Н.Мөнхбаатар
  • Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энхтуяа
  • Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ
  • Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ

Харин Монгол улсын хувьд дотооддоо хоёр томоохон спортын наадмыг зохион байгуулна.

  • Монголын оюутны спортын V их наадам үргэлжилнэ

Шинэ оны өмнө хуралдсан наадмын Зохион байгуулах хорооны шийдвэрээр Монголын оюутны спортын V наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшуулсан. Уг хороонд Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн  тамир, спортын Улсын хороо, Монголын их, дээд сургуулиудын консорциум, Монголын оюутны холбоо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз,  Монголын оюутны спортын холбоо зэрэг зургаан байгууллагын 10 гишүүн ордог бөгөөд тэд зөвшилцөж наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшуулахыг дэмжсэн аж.

Монголын оюутны спортын V наадмын нээлтийн ажиллагаа 2020 оны арваннэгдүгээр сарын 02-нд Спортын төв ордонд ёслол төгөлдөр хийгдэн, сагсан бөмбөгийн тэмцээнээ зохиож, гандболын тэмцээн явагдаж байгаад дундаасаа арваннэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн “COVID-19” цар тахлын хоригын улмаас зогссон юм.  Наадам нь спортын 10 төрлөөр буюу волейбол, жүдо, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннис гэсэн төрлүүдээр 2020 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэн явагдах байсан.

Засгийн газрын 2018 оны 183 тогтоолоор баталсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын дагуу явагдаж байгаа энэхүү наадамд оролцохоор Монгол Улсын 88 их, дээд сургуулийн 147 мянга гаруй оюутан залуучуудыг төлөөлөн 33 их, дээд сургуулийн 1,994 оюутан, 1,500 гаруй багш дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагч, сайн дурын ажилтан, оюутнууд бүртгүүлэн, зарим төлөөлөгчид нь мандатаа авч арга хэмжээндээ оролцон, наадмын үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байсан юм. Энэ удаагийн наадмын дэмжигч байгууллагаар үндэсний бүтээн байгуулалтын эхлэл болсон “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн оюутны үйл ажиллагаанд хамтран ажиллаж байна.

Монголын оюутны спортын наадам нь 2005 оноос эхлэн дөрвөн жил тутамд нэг удаа 2009, 2013, 2017 онд явагдсан бөгөөд 2020 оноос эхлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу дэлхийн Универсиад наадмын жишгээр хоёр жил тутамд зохион байгуулагдахаар болсон юм.

Ташрамд сонирхуулахад, Монголын оюутны спортын V наадмаас шалгарсан шилдэг оюутан тамирчин 2021 оны наймдугаар сарын 18-29-нд БНХАУ-ын Чендү хотноо болох Дэлхийн оюутны спортын Универсиад XXXI наадамд Монгол Улсаа төлөөлөн  оролцох болно.

  • Олон улсын залуучуудын ногоон наадам Монголд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хүрээнд Юнескогийн дэмжлэгтэйгээр “Олон улсын залуучуудын ногоон наадам” 2020 оны есдүгээр сарын 13-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Монгол улсад анх удаа зохион байгуулагдах тус наадамд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн 193 орны тамирчин оролцоно.

“Олон улсын залуучуудын ногоон наадам” чөлөөт бөх, жүдо, кураш бөх, самбо, жиү жицү, байт харваа, хөнгөн атлетик, шатар, спорт авиралт, усанд сэлэлт, крикет, цахим спорт, хөлбөмбөг, буудлага спорт, ширээний теннис, таеквондо, туялзуур сэлэм, волейбол, сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрөлд паралимп, тусгай олимп, дифлимпийн тэмцээнүүд нэг дор болохоороо онцлог.

Тус наадамд оролцох шилдгүүдээ тухайн спорт холбоод тодруулах бөгөөд Монголын шигшээ багийн тамирчдын нэрс зургадугаар сард албан ёсоор тодрох юм. Харин бусад орны тамирчдын мэдүүлэг наймдугаар сараас тодрохыг Зохион байгуулагчид онцлов.

“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг угтаж манай улсад хөлбөмбөгийн талбай барьсан төдийгүй мөн усан бассейн, мөсөн өргөө зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна.

Дашрамд сонирхуулахад, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг 2012 онд баталсан. Уг хөтөлбөр нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан тогтвортой хөгжилд хүргэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг хэмээн тодорхойлдог билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-01-05 192.82.67.18

Жүдогийн мастерс, хоёр дүрэмгүй зодоончны тулаан энэ тэр чинь алдам боломгүй тэмцээн уралдаан гэхэд арай л жул юм биш үү, олимп, хөл бөмбөг, сагсны том тэмцээн лигүүд гэх мэт томчуудын дэргэд зааны дэргэдэх шоргоолж шиг л харагдаад байна даа

Avatar

Зочин 2021-01-05 64.119.21.191

DAKAR RALLY

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж