Индонези: Эрсдэлт бүлэг биш, ажиллах хүчээ вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2021.01.05-нд нийтлэгдсэн

Индонези: Эрсдэлт бүлэг биш, ажиллах хүчээ вакцинжуулна

Индонези: Эрсдэлт бүлэг биш, ажиллах хүчээ вакцинжуулна

Олон улсад Covid-19 цар тахлын эсрэг хэд хэдэн вакциныг баталгаажуулж, вакцинжуулалт эхлүүлсэн бол АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн covid-19-ийн эсрэг вакцин ДЭМБ-аас яаралтай нөхцлөөр зөвшөөрлөө авсан. Өнөөгийн байдлаар АНУ, Их Британи тэргүүтэй 30 гаруй улс албан ёсоор вакцинжуулалтаа эхлүүлсэн ч ихэнхдээ өвчинд өртөмтгий өндөр настнууд, цар тахлын эсрэг галын бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамгийн түрүүнд вакцинжуулж эхэлсэн. Харин Индонез улс өөр байдлаар вакцинжуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.  Индонезийн Засгийн газраас бүх нийтийг вакцинжуулахдаа эрсдэлтэй бүлэг буюу өндөр настнуудыг биш, ажиллах хүчний хүмүүсээ эн тэргүүнд тавьж, улмаар сүргийн дархлаа тогтох үйл явцыг хурдасгаж, эдийн засгаа аль болох түргэн хөл дээр нь босгохыг эрмэлзэж байна. Индонез улс өндөр хөгжилтэй бусад орнуудаас эрс өөр шийдвэр гарган хэрэгжүүлж буйг олон улс анхааралдаа аван ажиглаж байгаа бөгөөд шалтгаан болон үр дагавруудыг нь мэргэжилтнүүд олон янзаар таамаглажээ.

ЯАГААД 18-59 НАСТНУУДЫГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ БАЙНА ВЭ?

Индонез эхний ээлжинд эрх баригчдын зөвшөөрөл олгосон цор ганц буюу Хятадын Синовак эмийн үйлдвэрийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакцинаар бүх нийтийг вакцинжуулж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин Синовак компанийн хөгжүүлсэн вакцины туршилтууд зөвхөн 18-59 насны хүмүүсийн дунд болсон тул хөгшчүүдэд хэр үр дүнтэй гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Тус улсын эрүүл мэндийн яамны нэр хүндтэй албан тушаалтан Сити Надиа Тармизи “Бид бусад улсын жишгийг дагахгүй. Эрх баригчдын хувьд улсын эмийн удирдах газраас хөгшчүүдэд вакцин тарихыг зөвшөөрөх хүртэл дур мэдэн шийдвэр гаргахгүй” хэмээн ярьжээ.

Харин АНУ, Их Британи улс тэргүүтэй орнууд бүх насныханд ижил өндөр үр дүнтэй гэдэг нь туршилтаар батлагдсан Pfizer/BioNTech компанийн вакциныг хэрэглэж байгаа бол Индонез улс зөвхөн Синовак компанийн бүтээсэн вакциныг худалдан авч хэрэглэх аж.

Зүүн өмнөд Азид оршдог тус улс Синовак компаниас 125.5 сая тун КоронаВак вакцин худалдан авахаар гэрээ хийсэн бөгөөд эхний ээлжийн гурван сая тунг хэдийн хүлээж авсан гэнэ. Тус улс хэдийгээр Pfizer/BioNTech компанитай гэрээ байгуулсан ч эхний ээлжийн нийлүүлэлт гуравдугаар улиралд, харин AstraZeneca/Oxford-ын вакцин хоёрдугаар улиралд вакцин нийлүүлэх боломжтой гэнэ.

Австралийн үндэсний их сургуулийн халдварт өвчин судлаач Петер Коллигнон “Чухам аль арга нь хамгийн үр дүнтэй байхыг урьдчилж хэлэхэд бэрх. Индонезийн хэрэгжүүлэх гэж байгаа арга өвчний халдварыг удаашруулж болох ч бүрэн ялалтад хүргэхгүй болов уу. Индонез ийнхүү АНУ, Европоос өөр аргаар вакцинжуулалт хийхээр төлөвлөсөн нь олон улсын анхаарлыг татаж байна. Үр дүн нь чухам ямар байхыг одоогоор хэн ч мэдэхгүй боловч хүн бүхэнд маш сонирхолтой байгаа нь мэдээж хэрэг” хэмээн ярьжээ.

Харин Сингапурын үндэсний их сургуулийн эмнэлзүйн профессор Дейл Фишер Индонезийн хэрэглэж байгаа аргын нарийн шалтгааныг ойлгож буйгаа илэрхийлээд “Ажиллах насны залуучууд бол мэдээж илүү идэвхтэй. Тэд илүү их гадуур явж, илүү их зугаалдаг. Тиймээс тэднийг эхний ээлжинд вакцинжуулах нь хөгшчүүдийг вакцинжуулснаас хэд дахин хурднаар халдварыг тогтоон барихад тустай. Гэхдээ мэдээж өндөр настнуудийн хувьд эрсдэл их тул тэднийг вакцинжуулах нь буруу биш. Би аль аль аргыг нь үр дүнтэй хэмээн бодож байна” хэмээн ярьжээ.

СҮРГИЙН ДАРХЛАА ТҮРГЭН ТОГТООХОД ТУСТАЙ ЮУ?

Нийгмийн илүү идэвхтэй, хөдөлгөөнтэй, эдийн засгийн оролцоотой бүлгийнхнийг түрүүлж вакцинжуулах нь сүргийн дархлааг түргэн хугацаанд тогтооход үр дүнтэй арга хэмээн Индонезийн засгийн газар үзэж байна.

Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикины хэлснээр Индонез эхний ээлжинд дор хаяж 181.5 сая буюу нийт хүн амынхаа 67 хувийг вакцинжуулж байж, сүргийн дархлаа тогтох аж. Харин түүний тулд хоёр тунгаас бүрддэг вакцин хэрэглэх бөгөөд 15 хувь нь ашиглах боломжгүй болох эрсдэл тооцож үзвэл дунджаар 427 сая тун вакцин хэрэг болох гэнэ.

Гэвч зарим мэргэжилтнүүд сүргийн дархлаа тогтоох нь боломжгүй зүйл хэмээн үзэж байгаа билээ. Тэдний бодлоор сүргийн дархлаа тогтоох асуудал дээр дахин асар их судалгаа хэрэгтэй, адаглаад вакцин тариулсан хүмүүс вирус тээгч, дамжуулагч болох аюул бий эсэхийг эхлээд мэдэх хэрэгтэй хэмээн үзжээ.

ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХЭД ТУСТАЙ ЮУ?

Эдийн засагчдын үзэж байгаагаар ойролцоогоор 100 сая хүнийг вакцинжуулбал эдийн засгийн мэдэгдэхүйц өсөлтөд хүрч чадах бөгөөд тэдгээр нь цаашид ажилласаар байх тул эдийн засаг тэр эрчээрээ өссөөр байх боломжтой гэнэ.

Мандири банкны эдийн засагч Файсал Рахман “18-59 насныхан бусад насныхнаас илүү эдийн засагт хэрэгтэй. чухам тэд л эдийн засгийг түргэн хугацаанд хөл дээр нь босгож чадна” хэмээн үзэж байгаагаа хуваалцжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж