“NEWS” агентлаг 76:1 булангаараа үе үеийн парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулж ирсэн билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 21 тойрог буюу Налайх, Багануур, Багахангай дүүргээс сонгогдсон С.Амарсайханыг онцолж байна.
УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон С.Амарсайхан Налайхад төрсөн. Бизнесийн удирдлага, эрхзүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрбээр 1992-1996 онд АНУ-ын Калифорнийн Пресно хотын коллеж, Англи улсын Метрополитен коллежид англи хэл, 1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг бизнесийн удирдлага мэргэжлээр, 1998-2000 онд АНУ-ын Соут вейстерны их сургуульд эрх зүйн чиглэлээр магистр хамгаалжээ. Ажлын гараагаа 1991-1992 онд Мэдээлэл судалгааны төвийн техникийн ажилтнаас эхэлсэн. 2000-2001 онд АНУ-ын Американ трейд & деволопмент компанийн менежер, 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, атташе, 2004-оноос “Оюуны ундраа группын Ерөнхий захирлаар, 2008 оноос өнөөг хүртэл Хонг-Конгийн PTI компанийн ТУЗ-ын зөвлөх ажлыг хавсран ажиллаж байна. Ингээд улс төрийн замналаа 2012 онд нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөс эхэлж байжээ.
Хоёр ч удаа НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан түүнийг хотын дарга болохоос нь өмнө олон нийт төдийлөн мэддэггүй байв. Улмаар 2018 онд нийслэлийн ИТХ-ын дарга, 2019 оны хоёрдугаар сард нийслэлийн Засаг даргаар хэл амтай сонгогдож, нийслэлчүүд түүнийг таньдаг, мэддэг болсон. Учир нь, хотын даргын суудалд очмогцоо л нийслэлийн ногоон байгууламжийг хядсан, халдсан гэх эсэргүүцэл, шүүмжлэлд ихээр өртсөн юм. С.Амарсайхан даргын ах, дүүсийн хамаарал бүхий компаниТуулын бургасыг хядсан нь түүнийг "бургас" гэх нэр хочтой болоход хүргэсэн. Төрсөн ах С.Уламбаярын эзэмшил болох "Зүүн баян рэфайнери" компани Туул голын орчимд орон сууц барихаар хоёр га бургасыг хядаж байхад нь хэвлэлийнхэн хэл ам хийсний эцэст тус компанийн үйл ажиллагааг зогсоож байв. Харамсалтай нь, тус компани өнөөг хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй хэвээр.
С.Амарсайхан нийслэлийн захирагчаар ажилласан нэг жил гурван сарын хугацаанд иргэд, ААН-ийн газрын зохицуулалттай холбоотой асуудлаар шийдвэр гаргаж, мөн 158 газрыг нийтийн эзэмшилд авч түрүүчээс нь ашиглалтад оруулсан гэж тэрбээр хийсэн ажлаа дүгнэдэг.
Тухайлбал, Сүхбаатарын талбайн өмнөх 2.4 га газар Улаанбаатар хотын банкны мэдэлд 15 жилийн өмнө өгсөн байсныг газар дээр нь цуцласан, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн АТГ-т олгогдсон байсныг буцааж авч, цэцэрлэгт хүрээлэнгийг зориулалтаар тохижуулсан гэж өөрийгөө гэмийн цайруулдаг.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан Засаг даргаар ажиллаж байхдаа Төв талбайд 151 сая төгрөгийн өртөг бүхий 396 ширхэг чулууг байршуулж удалгүй буцааж татсан нь бас л хэл амны бай болж байлаа. Тэрбээр энэ тухай тайлбартаа “Хотын захирагчийн зөвшөөрөлгүйгээр боржин чулуу байрлуулсан байсан. Тухайн чулуунууд нь хотын өнгө үзэмжид бүрэн нийцээгүй байсан учраас энэ асуудлуудыг шийдвэрлэтэл буцааж авахыг үүрэгдсэн гэж хэлсэн юм.
БАЙГАЛЬД ЭЭЛГҮЙ ХОТЫН МЭР БАЙВ
Сонгуулийн өмнө ч түүний нэр олон нийтийн дунд тааруухан байлаа Сүхбаатарын талбайн өмнөх гурван тэрбумын бүтээн байгуулалт одоо ч шүүмжлэл дагуулдаг. Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж, “Ub Construction” компани шалгарч байсан. Гэвч талбайг зориулалтын дагуу ашиглаагүй тул С.Амарсайхан Засаг дарга байхдаа газар эзэмших эрхийг нь цуцлах шийдвэр гаргаж, улмаар 3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг барьсан. Тухайн үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан нь нийслэлийн төсөв 100 тэрбум төгрөгөөр тасарчсан байхад сонгууль угтаж татварын мөнгийг үр ашиггүй, дэмий зүйлд зарцууллаа гэсэн шүүмжлэл. Гэсэн ч тэрбээр иргэд эсэргүүцсэн ч эс эсэргүүцсэн ч "Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг зогсоохгүй, улстөржүүлэх тусам заавал хийнэ "гэж зүтгэсээр сонгуулийн өмнөхөн ашиглалтад оруулж байв. Гэхдээ дээрх бүтээн байгуулалтыг барихдаа талбайн урд хэсэгт ургасан 8995 модноос 100 орчмыг модыг хөндсөн нь байгальд ээлгүй Засаг даргын хоч тэр зүүсэн.
Түүнтэй холбоотой хэл ам үүгээр тасрахгүй, мөн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 50 га газрыг хятад компанид олгосон гэх асуудалд холбогдсон ч үүнийгээ тэрбээр няцаагаад өнгөрсөн. Ийн хотын даргаас УИХ-д нэр дэвшиж сонгогдсон түүнийг улстөрчийнх нь хувьд дүгнэхэд эртэднэ. Сая гаруй хүн амтай их хотыг удирдаж байсны хувьд үг яриа, үзэл бодол нь хэдийнээ тогтсон. УИХ-ын гишүүнээр ажиллах ирэх жилүүдэд тойрогтоо юу хийх, ямар асуудалд дуу хоолой болох вэ гэдгийг сонгогчид нь хүлээж байгаа нь лавтай.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан нь англи, орос, хятад хэлтэй бөгөөд төр, дипломат алба, хувийн хэвшлийн салбарт ажилласны зэрэгцээ Хан-Уул дүүргийн Зүүний хүчний холбооны дарга, Монголын “СЕО” клубийн Ерөнхийлөгч, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн гишүүн, ”Үндэстний цахим өв” академийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын бодьбилдингийн нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч, Хангарьд УБ клубын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг хашиж байжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАНЫ НАМТАР
Төгссөн сургууль :
- 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль,
- 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж,
- 1996-1998 Ютa мужийн коллеж,
- 1998-2000 онд Соут вест их сургуульд суралцаж төгссөн.
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Эрх зүйн магистр зэрэгтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ :
- Шинжлэх Ухаан мэдээллийн төв ажилтан 1991-1992
- “Американ трейд энд Деволопмент” компани Гүйцэтгэх захирал 2000-2001
- Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Консулын ажилтан, атташе 2001-2004
- “Оюуны ундраа” групп Ерөнхий захирал 2004 оноос
- Хонг Конгийн PTI компани ТУЗ-ийн зөвлөх 2008 оноос
- Нийслэлийн төсөв, санхүү, эдийн засгийн хороо дарга 2016-2017
- Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Дарга 2019
- Улаанбаатар хот Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2019 – 2020
- Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын гишүүн 2020 – Одоо
ГАДААД ХЭЛ:
- Англи, орос, хятад
Холбоотой мэдээ