Дотоодод халдвар тархсан гэх шалтгаанаар Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр арваннэгдүгээр сарын 11-нээс эхлээд бүтэн хоёр сар ард иргэдээ хөл хорионд оруулсан. Ажил төрөл нь дампуурч, ажлын байраа алдаж буй мянган, мянган хувийн хэвшлийнхэн төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн хөл хорионд чардайж суухад төрийн хурган дарга нар УОК-ын шийдвэрийг үл тоож, баяр тэмдэглэснээс болж нийслэлчүүдийн хөл хориог дахиад сунгаж магадгүй болсон. Тодруулбал, УОК-ын шийдвэрээр шинэ жилийн баяр ёслолыг тэмдэглэхийг хориглосон.
Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул шинэ жилийн баяр тэмдэглэснээс болоод тус байгууллагаас Covid-19 илрээд байна. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ажилчдаа өрөөндөө дуудаж, ширээ засан баяр тэмдэглэсэн бөгөөд тэнд байсан ажилтнаас Сovid-19 илэрсэн тул, зургаан хүн тусгаарлалтад орсон байна.
Халдвартай гарсан иргэний гэр бүлийн хүн нь халдвартай нь тогтоогдсон, шинжилгээ өгөөд хариугаа хүлээж байсан аж.
Энэ мэт төрийн шийдвэрээ үл хүндэтгэж буй төрийн хурган дарга нартаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага тооцох ёстой. Ард иргэд нь ажил, орлогогүй аргаа барж суухад төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэж, төсвөөс цалингаа цагтаа авч буй дарга нар ядаж энэ үйлдлээсээ ичих хэрэгтэй юм. Учир нь, энгийн иргэдийг болохоор торгоно, цагдана гэж айлгадаг УОК, НОК-ын дарга нар шийдвэрийг нь үл тоож асуудал үүсгэсэн хурган дарга нараа толгойг нь илээд өнгөрөх үү, хариуцлага тооцох уу гэдгийг харъя. Бүх амьтан тэгш эрхтэй гахай бүр илүү эрхтэй гэгчээр ард түмэн тэгш эрхтэй, Ардын намын дарга нар бүр илүү эрхтэй байж болохгүй
Холбоотой мэдээ