Я.Содбаатар: Нэгдүгээр сарын 11-ээс худалдаа, үйлчилгээний салбарыг нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.04-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар: Нэгдүгээр сарын 11-ээс худалдаа, үйлчилгээний салбарыг нээнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Posted by News.mn on Monday, January 4, 2021

НЭМЭЛТ: 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэгдүгээр сарын сарын 6-наас дөрөв хоног сунгаж, нэгдүгээр сарын 11-ээс худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Засгийн газар, Улсын онцгой комисс хоёр гайчин гал дунд байна. Цар тахал хатуу хөл хорио тогтоож, сунгахаас аргагүй байдалд оруулж байна. Иргэдийнхээ амь амьжиргааг залгуулахын тулд хатуу хөл хориог урт хугацаагаар тогтоох боломжгүй байна.

Бид 1300 иргэнээс санал авахад 70 хувь нь хөл хориог сулруул, 30 хувь нь хатуу хөл хорионы дэглэм мөрдүүлэх хэрэгтэй гэж санал өгсөн. Голлох 10 яамнаас санал авахад хөл хорионы дэглэмийг 3-10 хоногоор сунгах санал гаргасан.

Засгийн газрын хуралдаанаар энэ бүхнийг тал, талаас нь хэлэлцэж үзээд ирэх долоо хоногийн Даваа гариг буюу нэгдүгээр сарын 11-ээс худалдаа үйлчилгээний салбарыг нээн, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллахаар боллоо. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорио нэгдүгээр сарын 11-ний 06.00 цаг хүртэл тогтоож байна.

Хэрэв энэ долоо хоногт халдварын шинэ голомт дахин үүсч, дэлгэрвэл илүү хатуу арга хэмжээ авна.

Хөл хориог сулруулсны дараа нөхцөл байдал хүндрэх, шинэ голомт  үүсэх, эрүүл мэндийн салбарт хүндрэл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд хатуу хөл хорионы дэглэмд шилжиж орно.

Засгийн газраас хоёрдахь шийдвэр гарсан. Цагаагчин үхэр жилийн сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Европын орнууд зул сарын баяраа хөл хорио тогтоож тэмдэглэсэн. Азийн орнууд ч цагаан сараа хязгаарлалттай тэмдэглэнэ.

"АТГ-ынхан Замын-Үүд суманд ажиллаж байгаа, удахгүй бүх зүйл ил гарна"

-Хөл хориог яагаад тав хоногоор сунгаж байгаа юм бэ?

Шадар сайд Я.Содбаатар:

-Эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн яамныхан хэлэлцэж энэ хоногийг гаргасан. Одоо долоо хоногийн хугацаа байна. Эх үүсвэр нь тодорхойгүй дөрвөн голомт байсан. Одоогоор хоёр байна. Баянзүрх дүүрэг дээр 88131 иргэн шинжилгээнд хамрагдаад байна. Энэ бүгдийг судлан тав хоногоор сунгах болсон. Иргэд, төр хоёр хамтран ажиллаж байгаа. Тэр утгаараа судалгаа, тандалт хийж амаргүй ч гэсэн энэ шийдвэрийг гаргаж байна. Дахин шинэ голомт үүсэх эсэхийг урьдчилан таамаглаж чадахгүй байна.

-Монгол Улсад Covid-19-ийн улмаас нэг хүн нас барсан гэж бүртгэсэн гэх. Гэтэл албан ёсоор мэдээлдэггүй?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Архаг суурь өвчтэй хүн Covid-19-ийн халдвар авсан боловч үндсэн онош нь өөр байсан. Зүрхний дутагдалтай хүн томуугийн вирус аваад амьсгал хураавал зүрхний дутагдлаар нас барсан гэж үзнэ. Covid-19-ийн халдвар авсан архаг, суурь өвчтэй хүмүүсийн биеийн байдал хүндрэх эрсдэлтэй байна. Юунаас болж нас барсан бэ гэдгийг ард иргэддээ тодорхой мэдээлэх болно.

-Иргэдийг тусгаарлаж байгаа газраас халдвар тархаад байна?

Шадар сайд Я.Содбаатар:

-Холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн. Одоогоор дүгнэлт гараагүй байна. Иргэдээс гомдол гарч байгаа. Тусгаарлах байруудыг нэг бүрчлэн үнэлсэн. Нийт 29 байр Улаанбаатар хотод шаардлага хангаж байна. Хөдөлгөөн гарахад бичиж байдаг камер бий. Одоогоор тусгаарлах байрнаас халдвар тараасан гэх нотолгоо алга. Лабораторийн сорьц авахад хувцасаа солиогүй гэсэн гомдол иргэдээс ирсэн. Алдаа гаргавал ажлаас нь хална гэдгийг эмч нарт сануулж байгаа. Иргэд ч тусгаарлах байрандаа янз бүрийн үйлдэл гаргаж байна. Бид Амар зочид буудлыг дахин халдваргүйжүүлсэн.

-Ачаа бараагаа хилийн боомтуудаар нэвтрүүлж чадахгүй байгаа учир авлига хээл хахууль үүсч байна?

-Эрээн, Замын-Үүдэд ачааны бөөгнөрөл үүссэн нь үнэн. Бид Хятадын талтай онлайнаар хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Хятадын талаас 14 хоног тусгаарлагдсан PCR шинжилгээ өгсөн жолооч нар ээлжинд гарч эхэлсэн. 49 жолооч одоогоор тээвэрлэлт хийж байна. 100-159 машин өдөртөө одоо гарч байна. Удахгүй хэвийн байдалдаа орно. 10 нь худалдаа, 5 нь сайжруулсан түлшний барьцалдуулагч зөөх, үлдсэн нь эм эмнэлгийн хэрэгсэл татах машинууд. Авлигатай тэмцэх газар /АТГ/-ынхан Замын-Үүдэд ажиллаж байгаа. Удахгүй бүх зүйл ил гарах биз. Хууль, дүрэм зөрчсөн гэх үйлдлүүдийг хууль, хяналтын байгууллагууд хянаж байгаа. Сая Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр яг ийм байдал үүссэн. Цагдаагийн байгууллагаас одоо энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Энх-Саран сувилал дээр ч гэсэн хэрэг үүсч, АТГ дээр хэрэг нь явж байгаа.

-Өдрийн орлогоороо амьдардаг жижиг бизнес эрхэлдэг хүмүүст алдагдлаа нөхөх төлөвлөгөөг боловсруулсан уу?

-Засгийн газар бүх талыг судалж байгаа. Боломжит нөхцөл гарвал таван төрлийн татварыг төлье гэсэн. Цаг тухай бүрт нь эдийн засгийн нөөц бололцоогоо харж, шийдвэр гаргаж байна. Монголын төрийн сангийн хөрөнгө хязгаарлагдмал. Бид баян улс биш. УИХ дээр эдийн засгийн тодорхой арга хэмжээнүүдийг авахаар ярилцаж байна.

-Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас самар бэлтгэсэн хүмүүсийг кг тутамдаа 3000 төгрөг өгч гарал үүслийн бичиг ав гэсэн. Ингэж болох уу?

-Танхим бол хуультай байгууллага. Танхимын дарга улс төрийн намын хуралд очоод суучихсан. Энэ танхимын асуудлыг холбогдох байгууллагууд нь анхаааралд аваасай. Танхим нь бизнес эрхлэгчдээ харж үзээсэй. Танхим бол төрийн бус байгууллага.

-Цар тахлын үед ажиллах төлөвлөгөөг Засгийн газар боловсруулсан гэсэн. Яг ямар төлөвлөгөө байгаа юм бэ?

-Бид төлөвлөгөөтэй явж байгаа. Дэлхийн олон оронд гаргасан шийдвэрээ эргэж харж байгаа. Өнөөдөр Монгол Улсад халдвар кластер хэлбэрээр голомтлон гарч байгаа. Эх үүсвэр нь тодорхойгүй байвал алаг цоог гэж байгаа. Нийтийн цар тахал болно гэж бий. Энэ үед эрүүл мэндийн үйлчилгээ хүрэлцээгүй болж иргэдээ гэрт нь эмчилж эхэлнэ. Хүнд, хүндэвтэр иргэдээ эмнэлэгт авч, нас баралт ихэснэ. Өвчний тархалт нь ихэссэн учраас улс орнууд иргэдээ гэрт нь эмчилж, нас баралт өндөр байгаа. Одоо бид хүнд ч бай, хөнгөн ч бай бэлтгэсэн эмнэлэгт хэвтэн эмчилж байна. Мэргэжлийн тооцоо судалгаатай ч төлөвлөгөө байна, цэрэг цагдаатай холбоотой ч төлөвлөгөө байна. Энэ бүх төлөвлөгөөгөө ил гаргасан нэг ч улс орон байхгүй. Бид санаанаасаа юм зохиогоогүй. Маш олон үзүүлэлтийг эрдэмтэн судлаачид гаргаж байгаа. Эрдэмтдийн зөвлөл, бизнесийн зөвлөлтэй нягт хамтарч ажиллаж байгаа.

-Массын дундаас дахиад хоёр хавьтал гараад ирвэл хөл хориог ахин сунгах уу?

Эрүүл мэндийн яамны сайд Т.Мөнхсайхан:

-Халдвар голомтлон гарсан үед хавьтлуудыг хөөнө. Халдварын тархалтыг зогсоох хамгийн сайн алхам бол хөл хорио. Бид цаашдаа голомтолсон хэлбэр дээр хавьтлуудаа л хөөнө. Нийслэлд худалдаа үйлчилгээ явуулж буй хүмүүсээс шинжилгээ аваад эхэлсэн. Бид байнгын идэвхитэй тандалт хийнэ. Олон улсын судалгаанууд ч харуулж байна.

-Эмч нарын ажлын ачаалал өндөр байгаагаас дархлаа нь муудаад өвчлөл аваад байгаа гэсэн. Ачааллыг бууруулах ямар зохицуулалт хийж байна вэ?

-Одоо ажлын ачаалал ихэссэн зүйл байхгүй. Бид байнгын зохицуулалт хийж байгаа. Цэргийн эмнэлэг дээр давхар бүрт өөр өөр баг ажиллаж байгаа. Эмнэлгийн ажилчид тусгаарлагдаад энгийн амьдралдаа орж байгаа. Дархлаа сулрах хүртэл ажилласан зүйл алга.

-Улс орнууд иргэдээ вакцинжуулаад эхэллээ. Монгол Улс хувийн байгууллагуудыг татан оролцуулаад хүн амаа яаралтай вакцинжуулж болдоггүй юм уу?

Шадар сайд Я.Содбаатар:

-Манай улсад дархлаажуулалтын хууль бий. Сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтанд хамрагдаж болно. Дэлхий дээрх 6-7 вакцины гурвыг нь шууд хэрэглэж болно. -70 градуст хадгалах вакциныг авчрах дотоодын бэлтгэлээ хангаж байна. Эмч нараас эхэлж вакцинжуулалтаа эхлүүлээд суурь өвчтэй, ахмад настай хүмүүст тарина. Эхний ээлжийн 10 мянган хүний нэрсийг гаргана. Вакцины дэд бүтцийг үнэлж байна. Хэдэн вакцин хадгалах хөргөгчтэй вэ гэдгээ судалж байна. Вакцинжуулалтыг дагаад томоохон бүртгэл явагдах ёстой. 2021 оны сүүлээр вакцинд хамрагдсан иргэдийг хилээр нэвтрүүлнэ гэсэн улс орнууд гарч ирэх юм шиг байна. Вакцин хоёр тунтай хийгдэнэ. Гадаадаас вакцин авчрахаар гурван чиглэлээр ажиллаж байгаа. Нэгдүгээр улиралд багтан эхний ээлжийн вакцин орж ирнэ. Хувийн хэвшлийн компаниуд вакцин оруулж ирэх нөхцөл бүрдэнэ.

-Мөнххада компанийн ажилтан хаанаас халдвар авсан бэ гэдгийг тогтоож чадахгүй хэд хонолоо. Халдвар хаанаас эхтэй талаар эхний тандалт гарсан уу?

-Ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар хангах хэрэгтэй байна. Нууцаар арга хэмжээ зохион байгуулсан зүйлс илэрч байгаа. Мөнххада компани арванхоёрдугаар сарын 22-нд байгууллага дээрээ арга хэмжээ зохион байгуулсан. Дараа өдөр нь ажилласан. Тэнүүн-Огоо компанийн жолоочтой холбоотой 10 хүн салхинд гарсан гэх зөрчлүүд байна. Монголчуудаа хайртай хүмүүсээ хамгаалаач ээ.

-Одоогийн хөл хорио сул байна. Энд тэндгүй хүмүүс явж байна, тэг зогсолт хийгээд халдвараа гялс хяналтандаа оруулчихаж болдоггүй юм уу гэх санал их гарах. Одоо хориог чангалах уу?

Шадар сайд Я.Содбаатар:

-Улаанбаатар хотод тэг зогсолт хийх боломжгүй. Тэг зогсолт хийвэл Улаанбаатар хотын өрх бүрт хүнсийг нь хүргэж өгөх шаардлагатай болно. Ээлжийн ажилчид гэртээ харилгүй ажил дээрээ хонох болно. Улаанбаатар хотоос Монгол Улс бүх юмаа авч байна. Хятадууд армиа хөдөлгөж байж үүнийг хийсэн. Сэлэнгэ, Дарханы бүх шийдвэрийг УОК гаргаж, тэг зогсолт хийсэн. Үр дүн гарсан. Харин Замын-Үүдэд тэг зогсолт хийж, болохгүй байсан. Замын-Үүдийн оршин суугчид түр оршин суугчид байсан. Дэлхий нийт даяараа хөл хорио тогтоож байна.

-Хилийн чанадад тав хоносон автомашин байна. Хэзээ оруулж ирэх вэ?

-Алтанбулаг боомтын цаана машингүй болсон. Ажлын хэсэг өнгөрсөн сард очоод хурал хийсэн. Орос хилийн цаана нөхцөл байдал амаргүй байгаа учир хязгаарлана гэдгээ мэдэгдсэн. Хил хааснаас хойш маш олон машин цаанаас ирсэн. 91 машин байсан бүгдийг нь гурав хувааж оруулж ирсэн. Гэвч дахиад 70 гаруй машин цаанаас ирсэн. Бид арав, арваннэгдүгээр саруудад мэдэгдсэн ч цаанаас машин ирсээр байсан. Бид мэдэгдсэн. Дахиад монгол жолоочтой 37 машин оруулсан. Гадаад машинууд үлдэж байсан. Өчигдрийн байдлаар 20 жолооч орж ирсэн. Толгой сэлгэх боломжгүй машинууд цаана үлдсэн. 40 гаруй жолооч нараас халдвар илрээд байхад л үргэлжлүүлээд ачаа зөөгөөд байна.

-Гадаадад байгаа иргэдээ яах вэ?

-Ойрын үед гадаадаас иргэдээ оруулж ирж чадахгүй. Мутацид орсон вирус орж ирж болзошгүй. Өнөөдөр ч гэсэн гадаад руу эмчилгээнд явж байгаа хүмүүсээ вакцин гартал хүлээж авч чадахгүй шүү гэдгээ хэлж байгаа. Ирсэн хойно тусгаарлах байрандаа ямар байгаа билээ. Хүсвэл би зургийг нь үзүүлж болно. Хаалгаа онгойлгоод тамхи татаад зогсчихдог. Дэлхийн 200 гаруй улсад ийм нөхцөл байдал үүссэн. Шинэ Зеланд, Тайвань хоёр л дотоодын халдвараа барьж байна.

-Мөнххада компанид хэн хяналт хийх байсан юм бэ. НОК, УОК хаана байсан юм бэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

-Нөхцөл байдал хүндэрч байгааг иргэддээ ойлгуулах гээд байхад шийдвэрийн эсрэг зүйлс их хийж байна. Албаар үйл ажиллагаагаа наашлуулж зохион байгуулсан байна. Нэг дор цугласан үйлдэл бүрийг хууль хяналтын байгууллагууд олж тогтоох боломжгүй. Иргэд маань бид нарын эсрэг ажиллаад байвал энэ хөл хорио болохгүй.

-QR кодын хуваарилалтыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Хүнсний үйлдвэрлэлт, түгээлт дээр QR код их олгогдож байна. Мөн хэвлэл мэдээлэл, эрчим хүч, үйлдвэрлэл дээр олгож байгаа. Одоогоор нийт 56 мянган автомашинд QR код олгоод байна. Бид хүсэлтээ ирүүлсэн албан байгууллага бүрт зөвшөөрөл олгож байгаа. Энэ дунд хуурамчаар үлдсэн эсвэл өөр автомашин байна.

-Хууль зөрчсөн байгууллагууд дээр ямар хариуцлага тооцох вэ?

-Бид одоо хяналт шалгалт зохион байгуулж байна. Аялал хийхийг хориглосон байхад агаарт гараад нэг аягаар согтууруулах ундаа уусан зөрчил гарсан. Үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн аж ахуй нэгжүүд дээр зөрчил гарсан. Хэрэв зөвшөөрөөгүй хугацаанд зөрчил гаргасан бол хариуцлага тооцно.

Шадар сайд Я.Содбаатар:

-Баянзүрх дүүргийн эмнэлэг бүртгэлээ үнэн зөв хийсэн бол өдийд байдал иймдээ тулахгүй байлаа. Энэ эмнэлэг халдвар хамгааллын дэглэмээ бариагүй, сайдын тушаалаа мөрдөөгүй. Хэтэрхий мөнгөний хойноос яваад зарим бүртгэл тооцоогоо нуусны улмаас ийм байдал үүслээ. Одоогийн бүх голомт Баянзүрхийн эмнэлэгтэй холбогдоод байна. Би энэ талаар Хууль зүйн сайдад хандсан.

-Хавдар судлалын үндэсний төвийн нөхцөл байдал муу байна гэнэ. Хэрхэн сайжруулах вэ?

Эрүүл мэндийн яамны сайд Т.Мөнхсайхан:

-Бид энэ тал дээр нэлээд ажил зохион байгуулж байгаа. Халдвартай хүмүүс байгаа учраас орж ажиллаж чадахгүй байгаа. Одоо нэг хэсэгт нь эмчилгээ явж байгаа. Бусад хэсгүүдэд нь орчин нөхцөлийг сайжруулах ажлыг хийж байна. 1-2 жилийн дотор олон улсын түвшинд хүргэнэ гэдэг хэцүү шүү дээ.

-Эмч нарын урамшууллын мөнгө жинхэнэ хүмүүстээ очиж байгааг яаж хянаж байгаа юм бэ?

-Цалин урамшууллыг олгож байгаа. Харин хэнд хэдэн төгрөг өгөх вэ гэдгийг удирдлагууд нь шийдэж байгаа. Аудит оруулж байгаа. Аваагүй хүмүүст нь нөхөн олгосон. Зарим нэгэн хүмүүс маань дөнгөж тусламж үйлчилгээ үзүүлж эхэлж байгаа. Эхнээс нь орж ажиллаж байсан хүмүүсийн урамшууллын мөнгийг өгсөн.

-Ажилгүй болоод цомхотголд орсон хүмүүсийн тэтгэмжийн мөнгийг өгөхгүй байгаа гэсэн. Энэ талаар тайлбар өгөөч?

Шадар сайд Я.Содбаатар:

-Миний авсан мэдээлллээр бол ажилгүйдлийн даатгалын санд 30 орчим тэрбум төгрөг байгаа гэсэн. Хүмүүсийн нөхөн олговрын мөнгийг цаг тухайд нь хүндрэлгүй олгож байгаа гэсэн.

Засгийн газар хатуу хөл хориог тав хоногоор сунгалаа

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог тав хоногоор сунгахаар шийдвэрлэжээ. Хөл хорионы дэглэм нэгдүгээр сарын 6-нд буюу Лхагва гариг хүртэл тогтоосон байсан юм. Гэвч нийслэлд эх үүсвэр нь тодорхой бус халдвар дэгдсэн, түүнийг хүн амд халдварлуулахгүй байхад хатуу хөл хорионы дэглэм мөрдөхөөс аргагүй байна гэсэн саналыг Эрүүл мэндийн яам Улсын онцгой комисст хүргүүлсэн. Улмаар Улсын онцгой комисс хуралдаад Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн хөл хориог 14 хоногоор сунгах асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Харин Засгийн газар Улсын онцгой комиссын саналыг хэлэлцээд, тав хоногоор сунгажээ. Мөн тус хуралдаанаас ирэх хоёрдугаар сарын 12, 13, 14-нд тохиож байгаа сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ.

Удахгүй Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах гэж байна.

УОК: Хөл хориог 14 хоногоор сунгах саналыг дэмжжээ

НЭМЭЛТ: 

Улсын онцгой комиссын хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн хөл хориог 14 хоног сунгах саналыг хэлэлцээд дэмжжээ.  Энэхүү дэмжсэн саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцэх юм. Хэрэв Засгийн газар тус хуралдаанаас гаргасан саналыг дэмжвэл нэгдүгээр сарын 20-н хүртэл Улаанбаатар хотод хөл хориог сунган хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна.

Улсын онцгой комисс хуралдаж байна

Улсын онцгой комисс /УОК/ энэ цаг мөчид хуралдаж байна. Хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй УОК-ын бүрэлдэхүүнд багтдаг албаныхан оролцож байна.

Уг хуралдаанаар Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 6-н хүртэл тогтоосон хөл хорионы дэглэмийг сулруулах эсэх тухай хэлэлцэж буй юм. Энэ асуудалтай холбогдуулж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УОК-ын гишүүдэд мэдээлэл хийж байна.

Мөн энэхүү хурал цахимаар зохион байгуулагдаж буй бөгөөд холбогдох албаныхан хариуцсан салбарынхаа хэмжээнд нөхцөл байдал ямар байгаа талаар танилцуулах юм. УОК-ын хуралдаан дууссаны дараа Засгийн газар үргэлжлүүлэн хуралдаж, саналыг нь хэлэлцэн, нийслэлд хөл хориог сунгах эсэх шийдвэрийг эцэслэн гаргана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
БурууБуруу
25
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж