Шинэ оны өмнө эрх баригчид хэд хэдэн томилгоо хийв. Тодруулбал, зарим үүрэг гүйцэтгэж байсан Төрийн нарийн бичгийн дарга нарыг жинхэлж, "Эрдэнэс Монгол" компанийн гурван дэд захирлыг томилсон бол Үндэсний хөгжлийн газрын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солив. Цар тахалтай тэмцэж байгаа энэ үед төрийн албан хаагчдыг халахгүй байх, ажлаа хэвийн үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон ч зөвхөн удирдлагын түвшинд хийсэн томилгоонуудыг нь харахад эрх баригчид одоо ч сонгуулийн “шагнал”-аа үргэлжлүүлж байна гэж дүгнэж болохоор.
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН УДИРДЛАГЫГ ЧӨЛӨӨЛЖ, ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ НАРЫГ ТОМИЛОВ
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ шинэ оны өмнөхөн өгсөн. Түүний оронд хэн очих нь олон нийтийн дунд таамаг байсан ч Засгийн газар тун яаравчлан үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон билээ. Тодруулбал, тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Батжаргалыг, дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Булганчимэг, Б.Дөлгөөн нарыг томилсон юм.
ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЖИНХЛЭВ
Засгийн газар шинэ оны босгон дээр нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга, хоёр агентлагийн даргыг жинхлэв. Тодруулбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харъяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ууганбаяр, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэч Т.Гантулга нарыг тухайн албан тушаалд нь жинхэлж, даргаар томилов.
"ЭРДЭНЭС МОНГОЛ"-ЫН ДЭД ЗАХИРЛУУД ТОМИЛОГДОВ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн шинэ удирдлага бүтэцдээ өөрчлөлт оруулж, гурван дэд даргатай байхаар болсон. Тус газрын тэргүүн дэд захирлаар Харвардын их сургууль төгссөн Ж.Тана гэх хүн томилогдож байгаа аж. Тэгвэл тус компанийн гурван дэд даргаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн зөвлөх Л.Хосбаяр нарыг томилов. Эдгээр албан тушаалтнуудыг томилохдоо АТГ-ын авлига, ашиг сонирхолгүй, ямар нэг хэрэгт шалгагдаагүй эсэх талаарх лавлагааг үндэслэдэг. Тэгвэл ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар удаан хугацаанд шалгагдсан Л.Энхболдын тухайд хоёр утгатай хариу өгсөн аж. Тодруулбал, "Л.Энхболдыг уг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Гэхдээ эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа" гэсэн агуулга АТГ-ын бичигт дурдсан гэдгийг тодотгоход гэмгүй биз ээ.
“НҮДЭЭ ОЛСОН” ГАНЦ ТОМИЛГОО ШҮҮГЧ Ц.ЦОГТ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон нь 2020 онд хийсэн томилгооноос нүдээ олсон нь гэж хэлж болно. Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 45 настай, ам бүл хоёр. Тэрбээр 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. Тэрбээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ