Пакистаны Балучистан мужид өчигдөр /2021.01.03/ тус улсын шашны цөөнх болох шийтүүдийн төлөөлөл 11 хазара хүн зэвсэгт халдлагад өртөж, амиа алдсан юм. Тэгвэл уг халдлагыг “Исламын улс” террорист бүлэглэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.
Энэхүү хэрэг Балучистан мужийн нийслэл Кетта хотоос зүүн өмнө зүгт 100 км зайтай нүүрсний уурхайд болсон бөгөөд тус уурхайд ажилладаг 11 хазара хүн амиа алдсан байна. Террористууд тэдний гарыг хүлж, нүдийг боож, бүгдийнх нь хоолойг хутгаар хэрчин зэрлэгээр хөнөөжээ.
Тус улсын Ерөнхий сайд энэхүү халдлагыг “хүмүүнлэг бус, балмад террорист халдлага” хэмээгээд буруутнуудыг даруй олж шийтгэхийг холбогдох байгууллагуудад даалгасан байна.
Ийнхүү гэм зэмгүй уурхайчдын амь насыг хохироосон явдалтай холбоотойгоор Кетта хотод хазара иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Афганистан, Пакистан улсуудад шашны цөөнх хазарачуудын эсрэг энэ мэт харгислал байнга гардаг бөгөөд энэ төрлийн халдлагуудыг ихэвчлэн Талибан, Исламын улс болон бусад исламын шашны суннит урсгалын зэвсэгт бүлэглэлүүд үйлддэг байна.
Эх сурвалж: Reuters, NBC
Холбоотой мэдээ