Италийн Сериэ-А лигийн 14-р тойргийн нөхөн тоглолтууд өнөөдөр(2021.01.04) болж, Ювентус баг талбайдаа Удинезе багийг хүлээн авч тоглолоо. Энэхүү тоглолтонд талбайн эздээс Кристиано Роналдо хоёр гоол, Федерико Кьеза, Пауло Дибала нар тус бүр нэг гоол оруулсан бол зочдоос Марвин Зегелар багийнхаа нэр төрийн ганц гоолыг оруулжээ.
Өдгөө 35 настай Кристиано Роналдо энэхүү тоглолтонд хоёр гоол оруулснаар мэргэжлийн хөлбөмбөгийн замналынхаа 758 дахь гоолоо оруулж домогт Пелегийн 757 гоол оруулсан амжилтыг гүйцэв. Одоо Роналдогийн өмнө 805 гоол оруулсан Австри-Чехийн алдарт довтлогч Йосеф Биканы амжилт үлдлээ. Мөн тэрбээр 20 жил дараалан гоол оруулсан гэх сүрдэм амжилтын эзэн болжээ.
Кристиано Роналдо саяхан инстаграм дээр 250 сая дагагчидтай болсон анхны хүн болсон.
Бразилын домогт Пеле хөлбөмбөгчний замналдаа нийт 1279 гоол оруулсан гэгддэг ч албан ёсны бүртгэлтэй тоглолтуудад 757 гоол оруулсан гэж бүртгэгджээ.
Оны өмнө Лионель Месси Пелегийн бас нэгэн амжилтыг эвдсэн. Аргентин эрийн хувьд Ла лигийн хүрээнд Валлодолид багийн эсрэг нэг гоол оруулж, нэг багийнхаа төлөө хамгийн олон гоол буюу 644 гоол оруулсан түүхэн дэх цорын ганц тамирчин болсон билээ. Түүний өмнө энэхүү амжилтыг Пеле 1956 оноос 1974 оны хооронд Бразилын Сантос багийн төлөө 643 гоол оруулсан амжилтаараа эзэмшиж байсан юм.
Холбоотой мэдээ