Австралийн нүүрсний импортод Хятад улс албан ёсоор хориг тавьсан талаар өнгөрсөн сард Хятадын төрийн төв хэвлэл анх удаагаа мэдэгдэл гаргасан билээ. Энэ нь Хятадын нүүрсний зах зээлд өрсөлдөж буй орнуудаас манай хойд хөршид буюу Оросод эерэгээр нөлөөлж буй юм. Харамсалтай нь, экспортын төмөр замгүйгээс болж Монгол Улс энэ боломжийг ашиглаж чадахгүй байгаа билээ. Ингээд Оросын нүүрсний салбарын өөдрөг төсөөллийн тоймыг орчуулан хүргэж байна.
Оросын нүүрсний салбар асар хурдацтай хөгжиж, дэд бүтэц, баяжуулах үйлдвэрүүд нь жилээс жилд хүчирхэгжиж байгаа бөгөөд сүүлийн 20 жилд дэлхийн нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа 3.5 дахин тэлж чадсан байна. Тус улс 2024 он хүртэл дотоодын нүүрсний олборлолтоо жилд 448-530 сая тонн, 2035 он хүртэл жилд 485-668 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Арав гаруй жилийн өмнөөс ОХУ-ын эрх баригчид Хятадтай ойролцоо бүс нутаг дахь нүүрсний ордуудаа бодлогоор эрчимтэй дэмжих болсон. 2035 он гэхэд дэлхийд нүүрсний экспортоороо тэргүүлж, газрын тос, байгалийн хийнээс хэт хамаарал бүхий эдийн засгаа төрөлжүүлэхээр төлөвлөж буй тус улс нь нүүрсний гол зах зээл болох Хятадаас гадна зүүн өмнөд Азийн орнууд руу ч экспортоо хүчтэй тэлж буй юм. Энэ хүрээнд нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниуддаа тусгай зөвшөөрөл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна төмөр зам, боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтуудад нь онцгой ач холбогдол өгч байна.
Эрчим хүчний салбарыг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийг тус улсын Эрчим хүчний яам боловсруулсан бөгөөд ойрын 15 жилийн хугацаанд дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг эрс нэмэгдүүлэхийн зэрэгцээ энэ хугацаанд экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Орос улс 2019 онд нүүрсний олборлолт 440 сая тонноос давсан нь тус улсын хувьд сүүлийн 11 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл байв. Шинэ стратегийн дагуу ОХУ-ын дотоодын нүүрсний хэрэглээ одоогийнхоос (196 сая тонн хүртэл) 2035 он гэхэд 12 гаруй хувиар өсөх бол дэлхийн экспортын зах зээл дээрх Оросын нүүрсний эзлэх хувь одоогийн 11 хувиас өсч 25 хувь болно гэж тооцоолжээ.
Оросын нүүрсний томоохон зах зээл нь Ази, Номхон далайн улсууд, Зүүн Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Африк байх болно. Тус улсын Засгийн газар дотоодын томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн нүүрсний голлох хэрэглэгчдийг онилж байна.
Гэхдээ дээрх томоохон зах зээлүүд, ер нь дэлхий нийт эрчим хүчний салбар дахь нүүрсний эзлэх хувь хэмжээг бууруулахыг зорьж буй нь Оросын төлөвлөгөөнд бэрхшээл учруулж байгаа юм. Тиймээс тус улсын Эрчим хүчний яамны шинжээчид болон эрчим хүчний салбарын зарим бие даасан шинжээчид экспортыг нэмэгдүүлэхийн тулд Орос улс бусад тоглогчдыг зах зээлээс шахах ёстой гэж үзэж байгаа.
ОХУ-д нүүрсний үйлдвэрлэлийн өртөг хамгийн бага боловч, тээврийн зардал, ялангуяа төмөр замын тээврийн зардал өндөр учир эцсийн үнэ нь Австрали, Индонези, Өмнөд Африк зэрэг өрсөлдөгчидтэйгөө ойролцоо болчихдог. Иймд тус улс төмөр зам, боомтын дэд бүтцээ илүү идэвхтэй хөгжүүлэхээр төлөвлөж байгаа ба сүүлийн үед Транссибирийн төмөр зам ба Байгаль-Амурын төмөр замыг өргөтгөхөд ихээхэн анхаарал хандуулж байна.
ОХУ нь сүүлийн үед дараах төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна
Якут дахь Инаглинский уурхайд үйл ажиллагаа явуулдаг Колмар групп тус уурхайд түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрээ өнгөрсөн 2020 оны есдүгээр сард ашиглалтад оруулжсан юм. Ингэснээр олборлолт, баяжуулалт, тээвэр зэргийг шийдсэн цогцолбор болоход нэг алхам ойртсон гэсэн үг. Инаглинский уурхайн нүүрс баяжуулах үйлдвэр жилийн 12 сая тоннын хүчин чадалтай юм байна. Одоогоор ил уурхай болон баяжуулах үйлдвэр баригдчихсан байгаа ба баяжуулах үйлдвэрийн хоёрдугаар шат, нүүрсний гүний уурхай болон нүүрс тээврийн боомт, терминалын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа аж. Шинэ уурхайн хувьд сүүлийн хэдэн жилд нээгдсэн шинэ уурхайнуудын нэгэн ижлээр БНХАУ-ын зах зээлийг “онилж” байгаа.
Мөн хамгийн сүүлд 2021 оноос 15-18 сая тонн коксжих нүүрсийг Хятадад нийлүүлэх Элга ордын төсөлд БНХАУ-тай хамтрахаар болсон. Оросын Элга ордын төслийг хэрэгжүүлэгч “Эльгауголь” компани нь Хятадын “GH-Shipping”-тай хамтарсан компани байгуулж, нүүрсний экспортын тээвэрлэлтийн найдвартай сүлжээг бий болгохоор зорьжээ. Элга ордын коксжих нүүрсийг Хятад руу нийлүүлэх хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 сая тонн болж, түүнээс цааш 45 сая тоннд хүргэх юм байна. Түүнчлэн баяжуулах үйлдвэр шинээр байгуулах, Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг 30 сая тонн хүртэл нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэх ажээ. Дээрх ажилд нийт 130 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар тооцжээ. Уг орд нь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй.
Эх сурвалж: Resourceworld.com
Холбоотой мэдээ