Засгийн газар өнөөдөр 14.00 цагт ээлжит бусаар хуралдаж, Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 6-н хүртэл тогтоосон байсан хөл хориог сунгах, сулруулах эсэх шийдвэрийн аль нэгийг гаргана. Харин Улсын онцгой комисс 11.00 цагт хуралдах чигтэй байна.
Улс орон даяар бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон цаг үеэс эхлэн хөөвөл нийслэлчүүд хоёр сар орчмын хугацаанд гэрийн дэглэм сахисаар өнөөдрийг хүргэсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хөл хорионы хугацаанд ажиллахаар зөвшөөрөгдсөн салбараас бусад нь гэртээ суусан гэсэн үг.
Ихэнх бизнес зогссоноор аж ахуй нэгжүүд ажилчдаа цомхотгох зэрэг арга хэмжээ авч эхлээд буй.
Засгийн газрын хувьд бизнесээ таг зогсоочихгүйн тулд хөл хорионы дэглэмийг сулруулах бодлого барьж буй ч сүүлийн дөрөв хоногт эх үүсвэр нь тодорхойгүй цар тахал нийслэлд дэгдсэн нь хайчин гал дунд оруулаад байна. Эдийн засаг чухал ч халдварыг нийслэлд амьдарч буй 1.5 сая хүний асуудал болгож, хүрээг томруулахгүй байх, цаашлаад аймгууд руу халдварыг алдахгүй байх ёстой болж буй юм.
Мэргэжлийн 11 байгууллагаас хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатар хотод тархсан халдвар аюултай өндөр зэрэглэлд гарсан тул хөл хориог 14 хоног сунгах саналыг гаргаад байгаа мэдээлэл бий. Иймээс Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаас хөл хориог сунгах болов уу гэсэн таамаг гарч буй.
Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 1263 болсон. Энэхүү батлагдсан 1263 халдварын 776 нь дотоодынх бол 406 нь зөөвөрлөгдөн орж иржээ.
Дотоодод тархсан халдварын голомтыг хяналтдаа авахыг хичээж байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдсэн. Гэхдээ нийслэлд бүртгэгдсэн халдварын том голомтуудаас хоёр эх үүсвэрийг олж тогтоож чадаагүй, тандалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна. Хамгийн ноцтой нь, ард иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн, балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байх магадлалтай болсон.
Одоогоор Улаанбаатарт Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 450, Дархан 45, Сэлэнгэ 217, Орхон 25, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Архангай 3 байна.
Нийслэлийн дүүргүүдээр авч үзвэл, Баянзүрх 264, Баянгол 52, Сүхбаатар 30, Сонгинохайрхан 38, Хан-Уул 38, Чингэлтэй 25, Налайх 2, Багануур 2, Багахангай дүүрэгт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Энэ нь Монгол Улс нийслэл дэх халдварын голомтоо барьж, цомхотгож чадвал цар тахлыг богино хугацаанд хяналтад оруулах боломжтойг мөн харуулж байгаа юм.
Хамгийн чухал нь халдварыг тархаахгүй байхад иргэдээс олон зүйл шалтгаална. Шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, гарсан тохиолдолд хүн хоорондын зай барих, маск зүүх, шинжилгээ өгөх хүсэлтийг харъяа дүүргийнх нь өрхийн эмнэлгээс ирүүлсэн бол цаг хугацаанд нь багтаан өгөх нь чухал байна.
Харин хавьтагч болсон иргэд тусгаарлалтын хугацаанд дэглэм мөрдөх шаардлагатай.
Холбоотой мэдээ