“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ станц” ТӨХК-ын дэд захирал Б.Бат-Эрдэнээс цахилгааны төлбөртэй холбоотой асуудлыг тодрууллаа.
-Засгийн газар иргэдийн цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг долоон сарын хугацаанд хариуцаж байгаа. Хэрвээ тухайн өрхийн цахилгааны төлбөр өмнөх үеийнхээс илүү гараагүй тохиолдолд тэглэсэн гэж ойлгож болох уу?
-Тийм гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоол, Эрчим хүчний сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 267, 269 дүгээр журмын гол агууллага нь энэ юм.
-Энэхүү шийдвэр салбарын яамны харьяа мэргэжлийн байгууллагуудад хэрхэн тусч байна?
-Засгийн газрын шийдвэрийг бид хэрэгжүүлэх л үүрэгтэй.
-Хэрэглэгчийн гомдол хүлээн авах утсанд иргэдээс цахилгааны төлбөр өндөр гарсныг шүүмжилж буйг мэдээлсэн. Цахилгааны төлбөрийн бичилттэй холбоотой гомдол цахим орчинд сүүлийн үед олны анхаарал татлаа. Засгийн газар цахилгаан, дулааны мөнгө даасан мөртлөө төлбөр нэхээд байна аа гэж?
-Зөвхөн сүүлийн өдрүүдэд ч биш ердийн үед ч хэрэглэгчтэй харилцах 70047004 дугаарын ачаалал маш их байдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш иргэд тоолуурын заалтаа баталгаажуулж, цахилгааны төлбөр нь зөв гарсан эсхийг шалгуулах хүсэлтүүд түгээмэл. Иймд бид бүхэн дуудлага хүлээн авах ажилтны тоог нэмэгдүүлсэн. Гэсэн ч ердийн үеийнхтэй харьцуулахад иргэдтэй харилцах хугацаа уртасч байна. Тухайлбал, манай операторууд хэрэглэгчидтэй нэг минут орчим л ярьдаг байсан бол одоо тав, зургаан минут болж хугацаа нь 4-5 дахин урт болсон.
-Хөл хорионы дэглэм үргэлжилж буй энэ үед зарим зусландаа гарсан байтал орон сууцных нь цахилгааны төлбөр өндөр гарсан гэх гомдол байна?
-Хэрэв цахилгааны төлбөр өндөр гарсан бол шалгуулж болно. Гэхдээ цахилгаан ашиглаагүй гэх айлуудад шалгалт хийхэд иргэд цахилгаан эрчим хүчийг тодорхой хэмжээнд хэрэглэсэн байдаг. Цөөн тохиолдолд, гадны буюу өөр хүн цахилгаан дамжуулах утсыг нь дундаас нь авсан, тоолуур нь ажиллахгүй байнга заалт нь гүйх, маш цөөн тохиолдолд заалт авахдаа нэг орон зөрүүлж бичих гэх мэт алдаа гардаг. Тиймээс шалгуулахад л монтерууд залруулж өгнө. Нөгөө талаас тоолуурын заалтыг авахдаа гар удирдлагатай багаж ашигладаг нь энэ заалт буруу зөрүү авах эрсдэлийг бууруулдаг.
-Айл өрхүүдэд өнгөрсөн он арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэл нь очсон. Үүнтэй холбоотой төлбөр өндөр гарсан гомдол тасраагүй. Эрчим хүчний хэрэглээний зардлын тооцооллыг хэрхэн гаргадаг вэ. Нөгөө талаас Засгийн газар цахилгааны тарифыг тэглэх шийдвэр өөрчлөгдсөн юм уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Юуны өмнө цахилгааны төлбөрийн тооцооллын талаар дэлгэрэнгүй тайлбар өгье. Тооцоолол маш энгийн. Тухайн хэрэглэгчийн бодит хэрэглээг тоолуурын заалтаар баталгаажуулж сар бүрийн цахилгааны төлбөрийн тооцооллыг хийдэг. Товчхондоо, цахилгааны төлбөр бол дараа төлбөрт үйлчилгээ гэсэн үг. Таны хэрэглээг ойролцоогоор 30 хоногоор тасалж, тоолуурын заалтыг авдаг. Үүний дараа өмнө авсан болон сүүлд авсан тоолуурын заалтын зөрүүгээр төлбөр гарна. Энэ нь тасралтгүй зургаан циклийн хүрээнд үргэлжилдэг юм. Иргэд ч бас цахилгааны төлбөр нь сар бүр гардаг өдрөө мэднэ. Иймд тооцоололд өөрчлөлт ороогүй, хэвээрээ байгааг тодотгоё. Хоёрдугаарт, Засгийн газрын шийдвэртэй холбоотой товч мэдээлэл өгье. Эрчим хүчний сайдын журам батлагдсанаар түгээх, хангах компаниуд ямар зарчимаар ажиллах ёстой вэ гэдэг нь тодорхой болсон. Бид журмын дагуу л ажиллаж байна. Онцлог нь Засгийн газраас хариуцан төлөх заагийг арванхоёрдугаар сарын 1-ээс эхлүүлж тооцох шаардлагатай болсон. Мөн өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй харьцуулах гэсэн хоёр тооцоолол нэмэгдэж байгаа юм. Өмнө нь хэлсэн шийдвэр маань өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны Ням гаригт гарсан. Бидний ажиллах журам Засгийн газрын шийдвэр гарснаас хойш буюу арванхоёрдугаар сарын 16-нд батлагдсан. Тиймээс түгээх, хангах компаниуд тооцооллыг ухрааж арванхоёрдугаар сарын 1-ээс тооцооллыг эхлүүлсэн. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ станц бол хамгийн олон хэрэглэгчтэй. Сар бүр дунджаар 365000 айл өрх, албан байгууллагын заалтыг биечлэн авдаг. Тэгэхээр бидэнд хэрэглэгч талд хөнгөлөлт болж очих, Засгийн газарт төлбөр болж очих мөнгөн дүнг зөв тооцоолох нь маш их хариуцлага юм. Энэ ч үүднээс журмын дагуу тооцооллыг зөв хийсэн. Тиймээс иргэд тоолуурын заалт болон бидний тооцоололд бүрэн итгэж болно.
-Жишээ татвал?
-Айл бүрийн тоолуурын заалтыг нэг өдөрт биечлэн авах боломжгүй. Хүний нөөц ч хүрэлцэхгүй. Иймд тодорхой хуваарийн дагуу өөр өдрүүдэд авдаг. Тухайлбал, иргэн Б-ийн тоолуурын заалтыг арваннэгдүгээр сарын 15-нд авлаа гэхэд маргааш нь иргэн М-аас заалтыг нь авна гэсэн үг. Энэ хугацаанд Засгийн газрын тогтоолд орсон арванхоёрдугаар сарын 1 орно. Ингээд төлбөрийг тухайн сарын эхний өдрөөр зааглаж хэрэглэгчийн төлөх дүн, Засгийн газрын төлөх дүн 2-ыг гаргах юм. Хэрэв арваннэгдүгээр сарын 20-нд тоолуурын заалтыг тухайн айлаас авлаа гэхэд мөн өдрөөс сарын сүүлч хүртэл /2020.11.20-30/ арван өдрийн төлбөрөө төлнө. Засгийн газар арванхоёрдугаар сарын 1-20 хүртэлх 20 хоногийн төлбөрийг төлнө. Ингээд төрөөс хариуцаж буй 20 хоногийн цахилгааны хэрэглээний төлбөрийг өмнө оны хэрэглээтэй дүйцүүлнэ. Хэрэв цахилгааны төлбөр өмнөх оны мөн үеэс илүү гарсан бол зөрүүг иргэд төлнө.
Айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эрс нэмэгдэж, ачаалал ихэссэн. Хэрэглээг нь 2019 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад эрс нэмэгдсэн байдаг. Энэхүү өсөлтийг иргэд тооцоогүйн улмаас цахилгааны төлбөр нь өндөр гарсан мэтээр ойлгоод байна. Айл өрхүүд өмнөх оны эрчим хүчний хэрэглээгээ мэдэхгүй байгаа нь төлбөр өндөр гарсан гэх ойлголтын зөрүү гарсан. Иймд энэхүү мэдээллийг шинэ төлбөрийн нэхэмжлэхээс өмнө иргэдэд өгнө. Ер нь цахилгааны төлбөр нь өндөр гарсан гэж бухимдаж буй иргэдэд дээрх зарчмаар тайлбарлаж байгаа тул эерэгээр хүлээн авч байна.
-Та мэдэгдэлдээ цахилгааны ачааллаас гадна өмнөх сарын төлбөрийн үлдэгдэл энэ сард нь гарч байгаа тул цахилгааны төлбөр өндөр гарсан мэт ойлгогдож байгааг тайлбарласан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хэрэглэгч бүр өмнөх сарын өр төлбөртэй гэсэн үг биш. Тухайн тохиолдолд өмнөх сарын төлбөрөө төлөөгүй айл өрхийн хувьд ийм асуудал бий. Шинэ жилийн баярын өдөр манай компанийн арваннэгдүгээр сарын 30-аас өмнөх авлага 65.246 цэгийн 12.7 тэрбум төгрөг байгаа юм. Иймд төлбөрөө төлөөгүй айл өрхүүдэд хандаж хэлэхэд, та төлбөрөө төллөө гэхэд эргээд л таны хэрэглэж буй цахилгаан эрчим хүч болоод буцаад ирнэ гэсэн үг.
-Арванхоёрдугаар сарын 1-ээс нэгдүгээр сарын цахилгааны тооцооллыг гаргахдаа хоног хуваах уу?
-Хоног хуваахгүй. Цахилгааны төлбөрийн бүтэн сараар тэглэх учраас иргэдийн гомдол ч багасах болов уу гэх хүлээлт байна. Энэ талаар иргэд ч бас сайн ойлголттой болсон байх биз. Засгийн газрын тогтоолын дагуу айл өрх, албан байгууллагууд маань өмнөх оны мөн үеийн хэрэглээний түвшинд цахилгаан эрчим хүчийг хэргэлсэн тохиолдолд танын цахилгааны төлбөр 100 хувь хөнгөлөгдөх боломжтой. Хэрвээ давсан бол та өөрөө төлнө гэдэг зүйлийг л сайн ойлгох шаардлагатай. Тиймээс та бүхэн хэрэглээндээ хяналттай хандах хэрэгтэй.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ