Улс төр, үзэл суртал хоёрын завсраар цар тахалтай тэмцэж таарах нь

Хуучирсан мэдээ: 2021.01.04-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Улс төр, үзэл суртал хоёрын завсраар цар тахалтай тэмцэж таарах нь

Улс төр, үзэл суртал хоёрын завсраар цар тахалтай тэмцэж таарах нь

Дэлхий нийтээрээ цар тахалтай 2020 оныг үдэж, 2021 ондоо цар тахалтайгаа үргэлжлүүлэн амьдрах нь тодорхой боллоо.

Covid-19  цар тахал дэлхийн улс орнуудын засаглалын чадамжийг харуулсан.

Цар тахал дэгдэхийн өмнөхөн буюу 2019 оны аравдугаар сард гаргасан  Global Health Security Index жагсаалтаар өндөр хөгжилтэй орнууд эхний байруудад жагсч хүн амын эрүүл мэндээ хамгаалахад асуудалгүй гэгдэж байсан ч 2020 оны есдүгээр сард Кэмбрижийн их сургуулийн гаргасан судалгаагаар Covid-19 -д хамгийн их нэрвэгдсэн /нэг сая хүн амд ногдох нас баралтын тоонд үндэслэсэн/ 10 орны дотор эрүүл мэндийн салбар нь хамгийн асуудалгүй гэгдэж байсан орнууд орсон нь цар тахал улс орнууд засаглалын чадварыг тодорхойлсон гэсэн дүгнэлт рүү хөтөлж байгаа юм.

Цар тахлын эсрэг хамгийн сайн менежмэнт хийж чадсан улсуудын тоонд индексийн 50-д эрэмбэлэгдсэн Вьетнам, 95-д эрэмбэлэгдсэн Сенегал, 120-д эрэмбэлэгдсэн Шри Ланка оржээ. Оксфордын их сургуулийн эрдэмтдийн үнэлгээгээр энэ гурван улс стратегиа оновчтой тодорхойлж, нэг стратегид зангидагдаж чадсан, олон нийтэд нээлттэй, ил тод харилцсан, нийгмийн бүхий л хэсэгтэйгээ нягт хамтарч ажиллаж чадсан гэжээ.

Харин нас баралтын үзүүлэлт өндөртэй орнуудыг тэргүүлж байгаа АНУ, Их Британийн хувьд сонгосон стратеги дээрээ бүх хүчээ зангидаж чадалгүй нийгмийнхээ сөргөлдөгч талуудын дунд гол шугамаа алдсан хэмээн дүгнэжээ. Global Health Security Index-ээр АНУ 73.8 оноогоор нэгдүгээр, Их Британи 59.8 оноогоор 11-р байрт эрэмбэлэгдсэн байсан юм.

Монгол Улс тэрхүү индексэд авах ёстой 100 онооноос 49.5 оноогоор 46 дугаарт эрэмбэлэгдсэн. Covid-19-ийн эсрэг Монгол Улс чадах бүхнээ хийж, хүн хүч, хөрөнгө мөнгөний нөөцөө бараг бүрэн шавхах хэмжээнд очоод байна.

Дотооддоо халдвар алдаагүй гэдэг өнгөц үзүүлэлтээр гул барьж, сонгуулийн сурталчилгаандаа хангалттай ашигласан. Харамсалтай нь, энэ үзүүлэлтээ бараг л Гиннесийн номд бүртгүүлэх гэж байтал дотоодоос халдвар илрээд,  харин одоо бол дотроо алдсан халдвартай ид тэмцэж байна. 2021 оны өнгө төрхийг цар тахалтай хийх тэмцлийн үр дүн тодорхойлох болж байна.

Өнгөрсөн жилийн адил энэ 2021 он бол бас нэгэн сонгуулийн жил. Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль энэ жил явагдах учиртай. Цар тахалтай хийж байгаа тэмцэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлөх нь тодорхой. Тиймээс эрх баригч МАН-ын хувьд дотоодын халдварын цар хүрээ хяналтаас гарах нь сонгуулийн ялагдлыг зөгнөсөн болно. Өнгөрсөн долоон  удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхийг авч үзвэл ардчилсан хүчин 1993 оны эхний сонгуульд ялсан. Үүний дараа 1997, 2001, 2005 онуудад МАН-ын нэр дэвшигч ялсан бол сүүлийн гурван удаагийн /2009, 2013, 2017/ сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч дараалан ялалт байгуулаад байна.

Энэ удаагийн сонгуулиар гарч ирэх Ерөнхийлөгч бол шинэ Үндсэн хуулийн заалтаар сонгогдох анхны Ерөнхийлөгч байхаараа онцлог. Нэг удаадаа, зургаан жилээр сонгогдох учиртай.

Бас өмнө байсан 45 биш 50 нас хүрсэн эрхэм сонгогдох эрхээ парламентад суудалтай улс төрийн аль нэг намаас авч чадна. Өнгөрсөн жилийн парламентын сонгуулийн дүнгээр МАН, АН, МАХН, ХҮН гэсэн дөрвөн улс төрийн нам нэг нэг нэр дэвшигчийг өрсөлдүүлэх боломжтой.

Ирж буй онд тохиох өөр нэг том үйл явдал Ардын хувьсгалын 100 жилийн ой юм. Энэхүү ойн хүрээнд эрх баригч МАН мөн 100 жилээ тэмдэглэх үзэл суртлын бэлтгэл ажилдаа аль хэдийн орсон. Тэгэхээр 2021 онд улс төр, үзэл суртал хоёрын дундуур л цар тахалтайгаа тэмцэж таарах нь.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа цар тахлын эсрэг арга хэмжээ оновчтой байгаа эсэх дээр иргэд олон талын байр суурийг илэрхийлж байгааг олон нийтийн сүлжээнээс харж болно. Элдэв төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт нь мэдээж таалагдаж байгаа ч өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэдгийг бүгд мэдэж байгаа.

Цар тахлын эсрэг шийдвэрүүд зөв буруу байсан эсэх талаар дорвитой судалгаа хийсэн зүйл ч алга. Харин ч эсрэгээрээ цар тахлын үеийг далимдуулан иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж, зөвхөн төрийн мэдээллийг нэг урсгалаар цацаж байгааг эсэргүүцэх хүн олон байна.

Олон улсын сэтгүүлчдийн байгууллагууд болон томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хийсэн судалгаагаар цар тахлаар далимдуулан дэлхийн нийтээр хэвлэлийн эрх чөлөөний байдал доройтож байгааг онцолж байгааг сануулах нь зүйтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж