Улс орны төрийн тэргүүнүүд 2021 оны шинэ жилийн баярын мэндчилгээндээ цар тахлын хүндрэлийг онцолжээ. Тэд бүгд хамтын хүч, эв санааны нэгдлээр сорилт, бэрхшээлийг даван туулна гэдгийг тодотголоо.
Х.БАТТУЛГА: ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээ энэ жил олны хүлээлтээс доогуур байсан гэж хэлж болно. Өнгөрсөн жил тэрбээр мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж, гайхшруулсан. Харин энэ удаад тодорхой амлалт өгсөнгүй. Гагцхүү өрх бүрт нэг сая төгрөгийн ваучер өгөх санаачлагыг дэвшүүлж байгаагаа дахин дурьдсан. Ерөнхийлөгч байх хугацаандаа хийсэн ажлаа “Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна. Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль хяналтын байгууллагуудыг хуулийн хүрээнд хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсныг та бүхэн мэдэж байгаа” хэмээн товч дүгнэсэн юм.
Ерөнхийлөгчийн үгэнд нэг анхаарал татсан зүйл байсан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “шударга ёсны тэмцэл”, УИХ-ын дарга Г.Занданшатарын “баялгийн шударга, тэгш хуваарилалт” хэмээх олонд хүрсэн үгсийг нь хуулан хэрэглэсэн явдал байлаа. 2017 оны 10 сарын 4-нд Ерөнхий сайд болохдоо У.Хүрэлсүх “Шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж байна, нийгмийн шударга ёсыг сэргээнэ” гэж анхлан хэлж, түүнээс хойш үг бүхэндээ шударга ёсны тэмцлээ дурьдаж байсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 2 сарын 1-нд УИХ-ын даргаар сонгогдохдоо “УИХ, Засгийн газар баялагийн тэгш хуваарилалт дээр анхаарах ёстой. Стратегийн ордуудыг төрийн мэдэлд авч, баялгийн хуваарилалтыг тэгш болгох ёстой” гэж хэлж байсан юм. Тэгвэл энэ удаа Ерөнхийлөгч “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байгаа нь энэ. Энэ тэмцэл амаргүй, бэрх нөхцөлд явагдаж байна. Баялгийн шударга хуваарилалт нэг, хоёр удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдах ёсгүй юм” гэсэн нь яах аргагүй Ерөнхий сайд болон УИХ-ын даргын олон нийтэд хамгийн их таалагддаг үгсийг давтан хэлсэн явдал байлаа.
Харин Ерөнхийлөгчийн үгнээс “Хамгийн сайн халамж бол ажлын байр” гэсэн нь хүмүүст ихээхэн таалагдаж сошиал ертөнцөд багагүй дэмжлэг хүлээсэн.
Мэндчилгээний төгсгөлд мөн “Шударга ёс ялан мандахын ерөөлийг дэвшүүлье! Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд тэгш жаргаж, хөгжин мандахын чөлөө учрал бүрдэх болтугай” гэсэн юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээний бусад улс орнуудын төрийн тэргүүн нарынхаас ялгаатай нэг зүйл нь гадаад бодлого, олон улсын харилцааны асуудлыг огт дурдаагүй явдал. Дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд гадаад бодлого, бүс нутагтаа явуулах бодлогыг үгэндээ дурдсан бол Монгол улсын Ерөнхийлөгчийн шинэ жилийн мэндчилгээнд энэ тухай огт байсангүй.
Эх сурвалж: https://president.mn/17019/
В.ПУТИН: ХАМТДАА БҮГДИЙГ ДАВАН ТУУЛНА
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнөх жилүүдийн адил элдэв амлалтгүй, тун энгийн үг хэллээ. Гэхдээ Кремлийн талбайгаас дэвшүүлсэн түүний энэ удаагийн мэндчилгээ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад арай урт байлаа гэж хүмүүс дүгнэжээ. В.Путин иргэдийн эв нэгдэл, хамтын ажиллагааг илүүтэй онцолсон бөгөөд “Өнгөрсөн 2020 онд хүн төрөлхтөн өмнө нь төсөөлж байгаагүй сорилт, бэрхшээлтэй нүүр тулж, түүнээс сайн туршлага дадал олж авсан. Үүнийгээ авч үлдэх хэрэгтэй. Орос улс нэг гэр бүл. Бие биенээ хайрлан, тусалж дэмжин хамтдаа бүгдийг даван туулна. Орос орон хүчирхэг болно. Энэ онд аз одтой, аз жаргалтай тайван болохыг бүтээхэд хамтдаа нэгдэх хэрэгтэй. Бид хамтдаа тулгарч буй сорилтуудыг даван туулж, хэвийн амьдралаа сэргээж, 21-р зууны ирэх 3-р арван жилд Оросын зорилтыг шинэ эрч хүчээр биелүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Путин 2020 оныг дүгнэхдээ дэлхийн II дайны 75 жилийн ой болон нацизмыг ялсан эрэлхэг ахмад дайчид, тэдний аугаа их ялалтыг бахархан дурсаж байгаагаа хэлсэн. Түүний үг бүхэлдээ тодорхой бодлого, шийдэл гэхээс илүү сэтгэл хөдлөл бүхий, халуун дулаан үгс, хуучны, бага насны дурсамж гэх мэт зонхилсон яг өмнөх жилүүдийнхтэйгээ адилхан агуулгатай байлаа. Нэг ялгаа нь энэ удаагийн илтгэл Ковид-19 цар тахлын тухай нэмж оруулсан явдал байлаа. Тэрбээр “Цар тахлыг хараахан бүрэн зогсоогоогүй байна. Түүний эсрэг тэмцэл нэг минут ч зогсохгүй. Эмч, сувилагч, түргэн тусламжийн баг зоригтой ажиллаж байна” хэмээсэн юм. Путины хэлсэн үгэнд “Эв нэгдэл” гэдэг үг хамгийн их давтагджээ. Цар тахлын хүнд үеийг эв эетэй байж, хамтдаа даван туулахыг ард иргэддээ уриалсан юм.
Итгэл найдвар, хамтын хүч, дотоод эв нэгдлээр коронаг давна “Дорогие друзья” гэж дахин дахин хэлсэн юм.
Эх сурвалж: http://en.kremlin.ru/events/president/news/64852
ШИ ЖИНПИН: ХОС 100 ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛНА
БНХАУ-ын удирдагч Ши Жинпиний илтгэл цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй хүмүүсээ онцолж, талархал илэрхийлснээр эхэллээ. Тэрбээр “2020 он ер бусын он жил байлаа. Гэнэт дэгдсэн Ковид-19 цар тахлын эсрэг бид “ард түмнээрээ төв болгох, амь насыг дээдлэх” үзэл баримтлалын дагуу бүх нийтээрээ хүч сэтгэлээ нэгтгэн, тахлын эсрэг тэмцлийн аугаа түүхийг бичиглэсэн юм. Хатуу бэрх цагт хүнд нөхцөлийг сөрж тулсан аугаа их эрэмгий зориг, өвчин хижигтэй тулж тэмцсэн нугаршгүй хатан итгэл үнэмшил, харилцан туслалцаж хамтдаа зүтгэсэн хайр халамж, бусдын төлөө өөрийгөө умартан, үүрэг хариуцлагаа ухамсарласан зэрэг олон үйл явдал бидний сэтгэлд хоногшин үлдлээ. Цагаан нөмрөгт эмч сувилагчдаас авахуулаад ардын армийн офицер дайчид, эрдэм шинжилгээний ажилтнуудаас авахуулаад хорооллын ажилтнууд, барилгын ажилчид, настан буурлуудаас авахуулаад өсвөр үеийнхэн гээд зон олноороо “дусал ус далай болж, урсгал мөрөн уулыг нүүлгэх” зориг санаагаар ард олныхоо амь насны аюулгүйн байдлыг хамгаалах “хатуу бөх хана хэрэм”-ийг босгосон юм. Амь биеэ хайхралгүй зүтгэсэн баатрууд, харилцан туслалцан, хамтаар зүтгэсэн хүмүүсийн эрхэм дээд үйл ажиллагаа тахлын эсрэг тэмцэх хатан зоригийг харуулсан юм” хэмээн илтгэлийн эхэнд онцоллоо.
Түүний араас ДНБ-ий өсөлт, ядуурлын эсрэг амжилттай бодлого хэрэгжүүлж, улсынхаа хөгжил дэвшлийн тухай дурдсан бөгөөд ИННОВАЦ гэдэг үгийг хамгийн их ашиглав. Тэрбээр “Хүмүүс тахлын эсрэг сэргийлэлт хамгаалалтаа сайтар хийж, цаг мөчтэй уралдан үйлдвэрлэлээ сэргээн, инновацыг хүч тавин хөгжүүлж, улмаар эх орны маань өнцөг булан бүрд амьжиргааны эрч хүч бялхаж буйг хараад маш их баярласан. Хятад улс инновацыг эрэлхийлж байснаасаа инновацаар удирдуулах болсон нь харагдана” гэв.
Хятад улс өнгөрсөн онд стандартаас доогуур амьжиргаатай хөдөө орон нутгийн 100 шахам сая иргэн, ядуу хоцрогдмол 832 хошуу шяниа бүхнийг ядуурлаас гаргасан гэдгээ энэ үеэр зарлалаа.
Мөн ногоон хөгжлийн асуудлыг ч орхигдуулсангүй. Байгаль экологио хамгаалах ногоон хөгжлийн стратегиа тууштай баримталж, хөдөө орон нутгаа хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан, хамтаар баян чинээлэг амьдрах зорилтдоо хүрэхэд ойрхон байна гэсэн юм.
Илтгэлийн төгсгөл хэсэгт намынхаа тухай өгүүллээ. Энэ жил Хятадын Коммунист намын 100 жилийн ой тохиох аж. Тэрбээр “100 жилийн өмнө бяцхан улаан завь дээр Хятадын коммунист намаа байгуулж, ард түмний итгэл найдвар, үндэстний хүсэл эрмэлзлийг ачиж, хатуу бэрхийг сөрж туулсаар өнөөдөр улс орныхоо тогтвортой хөгжлийг тээсэн асар том хөлөг онгоц болжээ” хэмээгээд улс орныхоо агуу их сэргэн мандлын үйлсийг биелүүлэхээр цуцалтгүй зүтгэсээр байна гэдгээ илэрхийлэв. Өөр нэг онцолсон зүйл нь “Хос зуун жил”-ийн төлөвлөө юм. Энэ нь социалист орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аян ажээ.
Ши Жинпин мэндчилгээндээ “Дусал ус далай болж, урсгал мөрөн уулыг нүүлгэх” , “Эгэл хүн эгэл бус түүхийг бичиглэдэг”, “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэх мэтээр Күнзийн сургаалийн зүйр цэцэн үгс их ашигласан байв.
Эх сурвалж: https://mongoltur.mn/14285.html?fbclid=IwAR2C8CfgOQ9-bHZ1sNOkbKeFT3JCr-RNraUkK__U1hT9COyFGdIw–Z68Y4
ДОНАЛД ТРАМП: БИД АГУУ ЗҮЙЛИЙГ БҮТЭЭЖ ЧАДСАН
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа шинэ жилийн мэндчилгээгээ байршуулжээ. Тэрбээр цах тахлын хүндрэлийг онцлоод ердийн үед вакцин боловсруулахад 10 орчим жил зарцуулдаг бол “Warp Speed” үйл ажиллагааны ачаар 9 сарын дотор вакцин гаргаж авч чадсан гэдгийг бахархан дурджээ.
Д.Трамп “Олон жилийн дараа хүмүүс энэ тухай ярих болно. Тэд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй анагаах ухааны гайхамшигт вакцин, түүгээр бүтээсэн агуу зүйлийн талаар ярих болно. Бид үндэсний хэмжээний вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлж, дэлхий даяар вакцинаа илгээж байна. Дэлхий ертөнцөд ашиг тусаа өгөх болно. Бүгд надад талархлаа илэрхийлж байна” хэмээн итгэл дүүрэн ярьсан юм. Мөн тэрбээр “Ковид-19” цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнууд эрдэмтэд, цэрэг армийнхандаа онцгойлон талархал илэрхийлэв.
Өөрийн засаг захиргааны хийсэн ажлуудыг түүхэн ялалтууд гэж дүгнэсэн нь яах аргагүй халаагаа өгч буй төрийн тэргүүний үг байлаа.
Эх сурвалж: https://twitter.com/realDonaldTrump/status/1344717975891402759?s=20
АНГЕЛА МЕРКЕЛЬ: СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХГҮЙ
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ ирэх 2021 оны есдүгээр сард болох сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн нь олны анхаарлыг татлаа. Энэ нь Засгийн газрын тэргүүний хувиар шинэ оны хамгийн сүүлийн үгээ ард түмэндээ хэлж буй тохиолдол болов. Мөн Меркель сүүлийн 15 жилд өнгөрч буй он шиг ийм хүнд хэцүү жил байгаагүй бөгөөд ийм их итгэл найдвараар дүүрэн шинэ оноо угтаж байсангүй гэж хэлсэн юм. Түүний энэ үгийг Германчууд ихэд онцолж байна. Харин өнгөрч буй оныг тэрбээр сорилт, тэсвэр тэвчээр шаардсан хүндхэн жил байлаа гэж дүгнээд энэ хүнд их хэцүү үеийг хариуцлагатай, хүлээцтэй, хамтдаа даван туулж байгаа ард иргэд болон тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч сувилагч, асрамжийн газар, сувиллын газар, супер маркет, дэлгүүр, нийтийн тээвэр, шуудангийн ажилчдад талархаж байгаагаа илэрхийллээ. Германы судлаачид анхны вакциныг судлан гаргаж, АНУ-ын судлаачидтай хамтран үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ба тус үйлдвэрт дэлхийн 60 гаруй орны хүмүүс ажиллаж байгааг ч мөн онцоллоо. Вакциныг эхлээд нэн шаардлагатай байгаа ажил мэргэжлийн албан хаагчдад (эмч сувилагч, асрамжийн байгууллагууд, цагдаа) тарих бөгөөд ээлж нь ирэхээр өөрөө ч вакцин тариулахаа мэдэгдлээ. Ирэх онд ХБНГУ ажил олгогчид болон ажилчдад улсаас шаардлагатай дэмжлэг, тусламжийг үзүүлнэ гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.
Эх сурвалж: https://www.dw.com/en/angela-merkels-new-years-speech-toughest-year-of-chancellorship/a-56100760
СУГА ЁШИХИДЭ: ЭВ НЭГДЭЛТЭЙ ДЭЛХИЙГ БИЙ БОЛГОНО
Японы Засгийн газрын Ерѳнхий сайд Суга Ёшихидэ мөн л мэндчилгээний эхэнд хүнд нөхцөлд ѳдѳр шѳнѳгүй вирустэй дайтан хүч сорьсон бүх хүмүүст талархал илэрхийллээ. Засгийн газар улс орны иргэн бүрийн амь нас, амьдралыг хамгаалж, халдварын тархалтыг зогсоохын төлөө бүх хүчнээ дайчлан ажиллана гэдгээ амлаж, хамтдаа эдийн засгийг сэргээн босгож, коронагийн дараах шинэ нийгмийг хамтдаа байгуулна гэдгийг тэрбээр онцоллоо.
Японы хувьд ногоон хөгжил, цахим гэдэг хоёр гол мессежийг дурьдаж, дэвших шинэ үндэс суурь нь, “ногоон (эко)”, “цахим” гэсэн ухагдахуун юм гэв. Ингэхдээ инновацийн тѳлѳѳх томоохон хэмжээний хѳрѳнгѳ оруулалтыг дэмжиж, бүх бодлогын чанартай тѳсѳв хѳрѳнгийг тѳвлѳрүүлж, бүхий л талын шинэчлэлтийг зоримогоор дэмжин, эдийн засаг нийгэмд томоохон хувьсгал хийхийн зэрэгцээ хѳдѳѳ аж ахуйн шинэчлэлт, аялал жуулчлал зэргийг бодлогоор дэмжиж, дотоодын хэрэглээний нилээдийг эзлэх орон нутгийн эдийн засгийг сэргээн хѳгжүүлэхийг зорьж буйгаа тодотгов.
Мөн олон улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг онцлон дурдсан. “Коронагийн хямрал бол олон улсын түвшин дэх эв нэгдлийн шаардлагыг ухааруулсан. Манай улсын тухайд, олон үндэстэн хоорондын нэгдлийг голчлон баримтлан, “эв нэгдэлтэй дэлхий”-г бий болгохыг зорьж, коронагийн дараах хэв журмыг удирдан чиглүүлж ажиллана”. “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй”. Нэг жилийн хатуу бэрхийг туулсан бид хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын утга учрыг аль ч үеэс илүү тод, гүнзгий таньж ойлгож байна” гэжээ. Түүнчлэн Ерөнхий сайд “Олон улсын байдал улам бүр тодорхойгүй болж байгаа хэдий ч манай улсын гадаад бодлого хѳдѳлшгүй хэвээр байх болно. АНУ-Японы хамтын эвсэл дээр тулгуурлан, “Чѳлѳѳт нээлттэй Энэтхэг Номхон Далай”-г бий болгохын тѳлѳѳ стратегийн алхамуудыг хийн, хѳрш зэргэлдээ улс орнуудтай тогтвортой харилцааг батжуулах болно” гэсэн юм.
Эх сурвалж: https://japan.kantei.go.jp/99_suga/statement/202101/_00001.html
МҮН ЖЭ ИН: АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХАМТ АЛХАХ БОЛНО
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин бусад орны төрийн тэргүүнүүдийн адил мөн өнгөрсөн оныг гэнэтийн өөрчлөлт дүүрэн, хүнд хэцүү жил байсан гэжээ. Гэхдээ түүний илтгэл бусдаас ялгаатай нь “Та бүхнийхээ гарыг хэзээ ч тавихгүй, ард түмэнтэйгээ хамт алхах болно” гэсэн нь хүнд нөхцөлд байгаа хүн бүрийг авран хамгаалахын төлөө чадах бүхнээ хийнэ гэх “баатарлаг” агуулгатай байлаа. Тэрбээр “Одоо хүртэл халдварт өвчинтэй тэмцэж, үнэт гэр бүлээ алдсан хүмүүсийн хамт, хорио цээрийн тэргүүн эгнээнд шаргуу ажиллаж байгаа бүх хүмүүст, итгэл найдварыг эрхэмлэдэг иргэддээ "Өдөр тутмын амьдралыг сэргээж"өгөх болно. 2021 ондоо Солонгос улсын эхний алхмыг ард түмэн та бүхэнтэйгээ хамт алхах болно. Ард түмэн та бүхэн минь бидний итгэл найдвар, бахархал юм” гэсэн юм.
Мөн тэрбээр “Зөвхөн хорио цээр төдийгүй эдийн засаг, цаг уурын орчин, Солонгосын хойгийн энх тайван байдал гээд өөрчлөлтийн салхийг удирдан чиглүүлэх болно. Үүнийг “Удаан алхсан ч бухын алхалт” гэж нэрлэдэг” хэмээн олон улс орны гадаад бодлого, стратегийн түвшинд холыг харсан нүүдэл хийнэ гэдгээ ч тодотгоод амжжээ.
Эх сурвалж: https://en.yna.co.kr/view/AEN20210101001800325?section=national/politics
КИМ ЖОН УН: ШИНЭ ЭРИН ҮЕИЙГ АВЧРАХЫН ТУЛД ШАРГУУ АЖИЛЛАХ БОЛНО
Хойд Солонгос улсын Ерөнхийлөгч Ким Жон Ун ард иргэддээ богино хэмжээтэй захидлаар мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр захидалдаа “Улс орон даяар байгаа бүх гэр бүлүүд, хайртай хүмүүстээ аз жаргал, эрүүл энхийн ерөөлийг чин сэтгэлээсээ хүсч байна. Шинэ онд ч гэсэн ард түмнийхээ хүсэл зорилго, хүсэл эрмэлзэл биелэх шинэ эрин үеийг авчрахын тулд би шаргуу ажиллах болно. Хүнд хэцүү үед ч манай намд үргэлж итгэж, дэмжиж ирсэн ард түмэндээ талархал илэрхийлж байна. Би агуу хүмүүст үргэлж үнэнч байх болно гэдгээ дахин амлаж байна" гэжээ.
Энэ нь Ким албан тушаалаа авснаас хойш анх удаа ийм захидал илгээсэн мөн 1955 оноос хойш Хойд Солонгосын удирдагч ард түмэндээ шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн анхны тохиолдол боллоо.
Мэргэжилтнүүд удахгүй болох намын их хурлаар Умардууд эдийн засгийн хөгжлийн шинэ схемээ танилцуулж, цөмийн зэвсгээс ангижирч, Солонгос хоорондын харилцаа зогсонги байдалд байгаа энэ үед АНУ, Өмнөд Солонгосын талаар баримтлах бодлогын шинэ чиглэлээ тодорхой болгож магадгүй гэж таамаглаж байна.
Эх сурвалж: http://www.koreaherald.com/view.php?ud=20210101000028
ЭММАНУЛЬ МАКРОН: ВАКЦИНД НАЙДЛАГА БАЙНА
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон вакцинд найдаж буйгаа хэллээ. Тэрбээр "Жилийн эхний хэдэн сар хүнд байх болно. Халдварын тархалт манай улсын амьдралд ихээхэн хүндээр тусах болно” гэдгийг анхааруулав. Гэсэн хэдий ч вакцинжуулалтын үйл явцыг удаашруулахгүй, хүссэн франц хүн бүр вакцин хийлгэх боломжтой байх ёстой хэмээгээд “Хүний ухаанаар ганцхан жилийн дотор бүтээсэн энэ вакцинд найдлага байна" гэж тэр хэллээ.
Ц.БУЛГАН
Холбоотой мэдээ